КИНОНЫ ХЭЛ
Ямар ч юмыг муудаж байгаа, ухарч байгаа, сөнөж мөхөж байгаагаар тайлбарлан араас нь гашуудах явдал ихэд моодонд орж дээ. Өнгөрсөн жил Монголд 17 600 хүн нас барснаас тэн хагас нь зүрх судасны өвчнөөр өөд болсон тухай саяхан нэгэн телевиз гунигтайгаар мэдээлэн мэлмэрүүлээд удахгүй монголчууд байхгүй болох тухай лут дүгнэлт хийж соён гийгүүлэв. Уг нь гурван сая хүнд зургаан промилийн үхэл гэдэг бол маш сайн үзүүлэлт. 20 жилийн өмнө 9 промил байсан. Үхэж төрөх нь байгалийн зайлшгүй үзэгдэл. Нас уртассан болохоор зүрх судсаар өөд болох нь мэдээж. Осол биш л бол эв эрүүл байж байгаад үхдэггүй байлгүй. Ер нь тэгээд хэн ч үхэхгүй байх ёстой ч юм шиг. Хувийн эмнэлэгтэй нэг авгайг рекламдах гэж л ийм тэнэг юм ярьж буй хэрэг шүү дээ.
Сөнөж мөхөөд алга болох гэж байгаа юмсын жагсаалтад монгол хэлийг заавал оруулж тооцно. Дэлхий дээр одоо зургаан мянга орчим хэл аялга байдаг ч долоо хоногт нэг нь устаж алга болж байна. Жижиг овог отгийн хэл хүний цөөн, өөр соёлын довтолгооноос болж үгүй болж байгаа. Папуа Гвинейд гэхэд биенээ үл ойлгох есөн зуу гаруй хэл байдаг гэнэ. Зарим хэлээр нь ердөө зуугаадхан хүн ярина. Иргэншихийн хэрээр хүүхэд залуучууд нь сургууль ном хөөцөлдсөөр хэлийг нь залгамжлэх эзэнгүй болно. Ийм явдал өдгөө Бразилийн ширэнгэ, Сибирь, Канадын тайга, Африкийн савана, Хойд мөсөн далайн эргээр амьдрах овог отгийн дунд элбэг болж буй үзэгдэл. Хүн хэлтэй болсон хэдэн арван мянган жилд байнга л тохиолдож байсан зүйл. Одоохондоо Зүүн хойд Ази буюу Сибириэс зүүн тийш оршин суугчид дал орчим янзын хэлээр ярьж байна. Судлаачдын хэлж байгаагаар ойрын тавь жаран жилийн дараа япон, солонгос, хятад, орос, монгол гэсэн таван хэл үлдэж бусад нь мөхөх гэнэ. 2000 оны тооллогоор манж эх хэлтэй 100 орчим хүн бүртгэгдсэн нь бүгд наяас дээш настай байж. Одоо тэд бараг бүгдээрээ үхээд дуусаа биз. Ийм хувь заяаг эвэнк, эвен, тунгус, хамниган, чукот зэрэг олон хэл хүлээж байгаа ба араас нь буриад, тува, алтай зэрэг хэл ч орно. Эмгэнэл гэхээсээ түүхийн процесс юм биш үү?
Жар орчим хэлийг цаашид тогтвортой оршсоор байх болно гэж эрдэмтэд тооцоолдог, үүнд нь монгол хэл лавтай орно. Богино хугацаанд баяжиж, орчин үетэйгээ хөл нийлүүлж, шинэ нэршил олноор нь үүсгэж, шинжлэх ухаан техник технологийн үг хэлцээр зузаарч байгаа хэл бол монгол. Бээжингийн олимпын үеэр Өвөр Монголын телевиз боксын тэмцээн тайлбарлаж байхыг харсан. “Гөвшлөө, дахиад гөвшлөө, урагшаа өлийн гөвшив, унатал нь гөвшлөө” гэх мэтээр ярих юм. Манай монгол хэлэнд зөвхөн боксын тоглолтын нэршил гэхэд зөндөө. Хажуугийн цохилт, шулуун цохилт, өлгөх, накаут, урд ба хойд гарын цохилт, нагдаав, торгуулын цохилт, дүрмийн бус гэх мэт. Урлаг, утга зохиол, шинжлэх ухаан, техник, технологи, гээд салбар болгонд үй олон монгол нэршил шинээр буй болон өргөн хэрэглэгдэж буй нь нүднээ илэрхий. Аль ч хэл бусад гадаад хэлний нөлөөгөөр баяжин шууд ба дам утгаар гадаад үгийг зээлдэн өөриймшүүлдэг. Энэ нь хэл мөхөж буй хэрэг биш, баяжиж багаа нь тэр. Хуучин монгол хэлэнд түрэг, хятад, төвд, самгард хэлнээс маш олон нэршил орж ирсэн бол өнөө үед англи, орос, герег, солонгос, франц, герман хэлний зээлдмэл нэрс ихээр түрж байгаа. Хоол ундны нэршилд хятад үг маш их байхад, газар усны нэр голдуу түрэг гаралтай байх жишээтэй. Шүдний эмчийн хэрэглэдэг олон багаж бий. Үүнийг шүдний эмч нар л таньж хоорондоо тэр нэршлээ хэрэглэдэг. Бусад хүн тэр болгон мэдэхгүй. Мэдээж ихэнх нэршил нь орос, англи гаралтай. Гэхдээ энэ бол нутагшсан мэргэжлийн хэллэг. Онгоцны нисгэгчийн өмнөх самбарт зөндөө заалтуур хөдөлгүүр, хэмжүүр, татуурга байдаг нь зөвхөн тэд л ойлголцож хоорондоо хэрэглэх гадаад угшилтай үг байгаа ч энэ нь мөн л нутагшсан монгол нэр томъёо.
Диспичэр салаа утгатай үг хэрэглэснээс болж 1978 онд Канарын арлын буудалд хоёр том онгоц газар дээр мөргөлдөн мянга гаруй хүн осолдож байсан. Тодорхой үг, нэршил, хэлц нь ямар ч зөрөөгүй яг тодорхой зүйл, үйлдлийг нэрлэж байх нь өдгөө маш чухал болж байна. Мэс заслыг алсаас телевизээр удирдан хийлгэх болж. Энд нэршил үйлдлийн буруу ойлголцол гарах л юм бол хүний аминд хүрэх болно. Автын осол болж машин мөргөлдөхөд юун түрүүн цагдаа ирж эхний байдлыг зураглан тайлан бичнэ. Хэзээ хойно шинжээч тайланд үндэслэн дүгнэлт гаргана. Эцэст нь энэ дүгнэлт шүүхийн шийдвэрт шууд нөлөөлнө. Энд машины эд ангиас авахуулаад үйлдэл процессийн зөрөөтэй ойлголт бүр эсрэг дүгнэлтэд хүргэнэ. Манайд ийм явдал элбэг тохиолддогийг нэг мэргэжилтэн ярьж байсан.
Хүмүүс эх хэлээрээ ярихдаа дундачаар 15 мянга орчим үг хэрэглэдэг гэнэ. Англи хэл бүртгэгдсэн нэг сая үгтэй ч дундач англи хүн 15 мянгаараа л ярина. Манай сонин хэвлэл хэдхэн мянган үг хэрэглэдэг ядуулаг боловч хүмүүс хэрэглэдэг 15 мянгыгаа л ашиглана. Англи хэлний сая үг гээд байгаагийн илэрхий дийлэнх нь нэршил. Тэд бүртгэлдээ “зуд” гэсэн монгол үг ойрмогхон авсан ба үүнийгээ “цас ихээр орж нүүдлийн мал аж ахуй идэш тэжээлээр дутагдан гамшиг болох” гэж тайлбарлажээ. Герман – англи их толь зохиосон нь хоёр хэлний хамгийн том нь. 800 мянган үгтэй. Ингээд герман үгийн нөөц дуусч, англи хэл цаана нь 200 мянган үгтэй үлджээ. Манай хилээр 50-60 мянган нэр төрлийн бараа орж ирдэг ч нэршлийг нь цаанаасаа англиар тавьсан байдаг. Хятадаас орж ирэх бараа хүртэл англи дуудлагаар ханзаар бичих аж.
Шинжлэх ухаан, технологи, зах зээл, эрхзүй ингэж хурдан хөгжиж байгаа үед түүнээ дагаад нэршил өдөр тутам олноороо мэндэлж байна. Манайд 1950-аад оноос Нэр томъёоны улсын комисс ажиллаж 120 орчим мянган үг нэршил бүртгэж хэд хэдэн товхимол болгон гаргажээ. Эндээс олон нэршил нийтэд хүлээн авагдсанаас гадна мөн маш олон нь монгол хэлэнд орж нэвтрээгүй. Хэл шинжээчид уг нь хүмүүс тухайн зүйл болон үйлдлийг юу гэж нэрлэж, хэрхэн ярьж байгааг судалдаг атал манай олон эрдэмтэн хүмүүст яаж ярихыг нь заах гээд байдаг. Иймээс ч бидний өдөр тутамдаа хэрэглэж заншсан “пилээтэг” гэдэг үг аль ч толинд, аль ч бүртгэлд огт үгүй. “Цахилгаан тулга”, “хоовон” гэх мэтээр янз бүрийн нэр тулгасан боловч пилээтэг пилээтэгээрээ л үлдсэн. Доктор Б.Түвшинтөгс хэдэн жилийн өмнө 20 мянган нэршил агуулсан “Зурагт англи/монгол толь” зохиосон ба үүнийхээ дараа солонгос, хятад, орос, англитай хавсруулсан “Таван хэлний толь” зохиож нийтийн хэрэгцээнд гаргасан. Зөвхөн бажиинк гэхэд л үдээс, ул, хэл, өсгий гэх мэт хорь гаруй нэршил агуулдаг аж. Б.Түвшинтөгс сүүлийн таван жил “Монгол хэлний үгсийн сан” гэсэн бүтээл дээр ажиллан 250 орчим мянган үг цуглуулснаа удахгүй хэвлэн гаргана. Ориг монгол ийм олон үг нэршил байхгүй л дээ, гэхдээ бидний хэрэглэж буй мэргэжил бүрийн нэршлийг цуглуулахад ийм тоонд хүрч байна. Хэл бол үргэлж хувьсаж, хөгжиж, өөрчлөгдөж байдаг бараг л “амьд организм”. Кирил цагаан толгойг халх аман аялагад тулгуурлаж зохиосон боловч 60 жил өнгөрөхөд бичгийн, аман, хүүхдийн, уран зохиолын, албаны тэрбайтугай мэссэж гар утасны хэл гэж салж байна. Энэ бол хараагаад загнаад байх юм огт биш, хэлний бодит хөгжил. Өдөр тутамд өч төчнөөн шинэ үг нэршил орж ирэхийн сацуу мөн олон үг үгсийн сангаас хуучран хасагддаг. Хэдэн мянган жил маргалдсан философичдын зөрчлийн цаад ёзоор чухамдаа хэлэнд байна, юмсыг нэрлээд дараа нь өөр өөрөөр ойлгодогоос болдог гэж ХХ зууны хамгийн аугаа философич Виткэнштайн үздэг. Хэл бол философи юм.
Гадаад үг нэршил алив хэлэнд нэвтрэн нийтэд хүлээн авагдах нь ердөө ч гамшиг биш. Харин хэлээр дамжин харь логик орж ирэх нь хэлний үг өгүүлбэр, найруулга, логикийн гутаадаг. Хэл болгон өөрийн логиктой. Үүнийг этнолингивистик, социолингивистик зэрэг ухаан судладаг. Бид “бороо орж байна” гэж ярьдаг нь тооноор ороод ирдэгтэй холбоотой болов уу. Оросууд болохоор “бороо явж байна” гэдэг нь цонхоор тэгэж харагддаг байх. Гэтэл вьетнамчууд “бороо урсаж байна” гэдэг нь үерээс сэргийлсэн өндөр хөлтэй байшингийнх нь доогуур урсаж буй нь шалны зайгаар харагддагаас болдог гэлцэх. Орос хэлэнд “чёрт” гэх хараал бий, үүнийгээ бачимдсан үедээ олон давтан хэлнэ. Үгчилбэл чөтгөр гэсэн үг л дээ, гэхдээ монголоор чөтгөр гэж сэргэлэн зальтай овжин хүнийг хэлдэг. “Цусаар тээгэл”, “еэ балраа”, эсвэл буриадууд шиг “халдагаа!”, говийнхон шиг “яадаг муу гурил вэ”, өвөрхангайхан шиг “чулч”, “хүүдий”, “булдруу” эсвэл бүр говьалтайнхан шиг “еэ күүрээ!” гэж болно шүү дээ. Монгол хэл хараал уулгалаар л дутав гэж.
Тайз дэлгэцийн урлаг, зурагт зэрэг нь өдгөө нийтийг хамарсан масс соёл болж хэл зүгшрүүлэх гол хэрэгслэл болжээ. Чухам үүнээс болоод ч олон хэл өдөр тутам мөхөж байгаа биз. Зурагтаар орчуулгын кино үзэж байхад заримдаа чих хуураад уначих шиг болох юм. Америкчууд “sexy” гэсэн үг их хэрэглэдэг. Байчихаад бялуу хараад “sexy cake” гэж хүртэл уулгална. Энэ нь манай зурагтынхны орчуулдаг шиг “тачаангуй бялуу” гэсэн үг огт биш. “Гоё”, ”ванлий”, ”тасархай”, ”саак”, “янзтай” гээд монгол үг зөндөө байна. Хүүхэнтэй тааралдаад л юу юугүй ”тачаангуй хүүхэн” гэж өөрт нь мөөрдөг завхай эр ховор байхаа. Ядахнаа оронд орсны дараа тэгэж хэлэг л дээ. ”Hate” гээд үгийг дандаа “үзэн ядах” гэж орчуулна. Хүүхэд ээжийгээ ”Би чамайг үзэн ядаж байна” гэж хээв нэг авна шүү дээ. “Та ямар муухай ээж вэ” гэсхийж болдоггүй л юм байх даа. “Sure” гэсэн үг зурагтын орчуулгаар “итгэлтэй байна уу” гэж давтагсаар байгаад ярианы хэл рүү ороод ирэх шиг. Уг нь ”нээрэн биз”, ”худлаа яриагүй биз”, баталгаатай юу” гэсэн санаа. ”Би явахыг хүсч байна” (хүсээд байхдаа ч яахав!) – “явмаар байна”, ”Чамайг харсандаа баяртай байна” - ”Ашгүй чамтай таарлаа”, “Би муур авах талаар бодож байна” – “Мууртай болдог юм билүү” гээд зүгээр л монголоор хэлчихмээр юм шигээ. ”Всё будеть хорошо” гэдгийг үхэж байгаа хүнд ”Бүх юм сайхан болно” хэмээн тавлах нь энүүхэнд. “Алзахгүй”, ”гайгүй болно биз дээ”, ”санаа зоволтгүй”, ”болно доо, болно”.
Монгол хүн лавлахдаа ”тийм биз дээ” гэдэг бол энэтхэг европчууд тонгоруулж “үгүй юу?” гэдэг. Аюулд өртсөн монгол хүн “авраарай”, аллаа”, “яанаа”, ”туслаарай” гэдэг болохоос ”үгүй үгүй” гэж давтдаггүй. ”Тиймээ, тийм, тийм” гэж орилоод л байх юм, ”зөв хө”, ”болж байна”, ”ураа”, ашгүй дээ” гээд мөн ч олон хувилбар байна даа. Ялангуяа америкчуудын ёстой нэг цээргүй үргэлж хэрэглэдэг үг бол ”fuck”! Хараал гэсэн утгаа алдаад уулга болж дээ. Үүнийг оросууд ”пошёл…” хэмээн арын үгийг нь хасаж эерүүлэн орчуулах юм билээ. Монгол орчуулга их ядуу. Голдуу ”хараал идсэн”, ”зайл”, “новш” гэж байна. Энэтхэг европчуудын хараал голдуу ёс бус моралийг хөнддөг бол монголчууд үхэх бэртэхийг ерөөж хараадаг, уулгалдаг. Сэтгэлгээний онцлог. Энэ тухай Б.Цэндоо “Соёлын довтолгоо” нэг сэдэвт зохиолдоо нэлээд судлан тайлбарласан байдаг. “Хуц”, ”уль”, ”донгос”, ”солиор”, ”өвчигнөөд бай” гээд л цааш нь хөврүүлж болно. Үг болгоныг ”fucking…” гэж тодотгож нэг өгүүлбэрт олон давтдаг нь өнөөгийн америкчуудын жаахан бүдүүлэгдүү хэвшмэл хэлц болжээ. ”Хараал идсэн чиний хараал идсэн машины чинь хараал ирдсэн тоормос нь хараал идэж бариагүйгээс болж би нэг хараал идсэн чавганцыг хараал идэн дайрчихлаа”. Энэ монгол хэл мөн үү? Бид тэгэж ярьдаггүй шүү дээ. Ээж нь охиныхоо найз нарыг дайлж ”хүүхдүүдээ, хошного идэцгээ” гэтэл охин муухай харан ”Ээж та яасан муухай үг хэрэглэдэг юм бэ!”. ”Тэгээд би энэ хошногыг чинь юу гэж нэрлэх юм бэ?”. ”Бөгс гэхгүй юу!”. Онигоо биш болсон явдал. Түүнтэй ижил хэт цээрлээд ”бөгс” гэхийг дан ”өгзөг” гэнэ. Өгзөг бол бөгс биш, хонгоны товгор хэсэг л дээ. Нэг их муухай заваан ч үг биш.
Одоо энгийн юм ярья. He, she гэсэн үг монгол хэлэнд дангаараа байхгүй. “Энэ” гэж ойр байгааг, “тэр” гэж хол байгааг заадаг. “Цаад нэг хүүхэн чинь”, ”Өнөө залуу”, ”тэр эмэгтэй”, ”энэ өвгөн”, “мань эр” гэж тодотгохгүй бол ”тэр” гээд байхаар хэнийг хэлж буй, эрийг нь үү эмийг нь үү, хүүхдийг үү бүр ялгагдахаа больчихдог. ”Учир нь” “тул” гэж ярианы хэлэнд хэрэглэдэггүй, ” яагаад гэвэл”, ”яг үнэндээ” гэдэг. ”Bad” гэдэг монголоор дандаа ”муу” биш байхаа. Тэгэхээр “муу цагдаа” гэж байгаа нь мэргэжилдээ тааруу гэсэн утга илэрхийлэхээс ”өөдгүй”, ”өмхий”, ”явдалтай” гэсэн санаа гарахгүй. ”Хэн нэг нь” гэсэн нэг муухай үг байна. “Хэн нэг нь туслаарай” гэхгүй шүү дээ, “надад туслаарай”, “туслах хүн байна уу”.
Монгол хэл үнэхээр баялаг. Хэд хэдэн толь хийлцсэний хувьд туршлагаас сайн мэднэ. Ялангуяа алив зүйлийн дүрслэл, донж, зүйрлэл нь дэндүү баян. Хүний бие эрхтний гадаад донж дүрсийн нэршлийг тоолж үзэхэд лав хоёрзуу гарч байсан. Тэр болгон нь цаанаа араншинг нь давхар илэрхийлдэг. “Данхалзах”, “зантаганах” гэсэн үгийг гадаадаар нэг үгээр орчуулах хэцүү байхаа. Энэ баялаг хэлний эзэн болох зурагтын хөтлөгч охид хөвүүд “гайхалтай”, “ямартай ч”, “энэхүү” гэсэн хэдхэн үгээр хэлээ жажилан байж бүх утгыг орлуулан хэрэглэх нь “ямартай ч энэхүү үг нь гайхалтай мангар”!
Үг, нэршил заавал логиктой таарч байх албагүй. Хүмүүс тухайн нэршлийг ямар утгаар хүлээн авч тогтсон нь л чухал. Тухайн үгийн гарал харь ч байж болно, зохиомол байж ч болно, ярилцах хүрээ л хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Хэл болгон тухайн үндэстний сэтгэлгээний өвөрмөцийг илэрхийлдэг. Европ зүгийн хэлэнд зүрх нь хайр энэрлийг илэрхийлдэг бол монголчууд элгээрээ хайралдаг. “Элэг бүтэн”, ”элэгтэй”. “Чулуун зүрхтэй” гэвэл оросоор энэрэх сэтгэлгүй гэсэн санаа агуулдаг бол монголоор энэ нь эр зоригтой, айхыг мэддэггүй гэсэн утгатай. Фин, баск, унгар, эстони хэлэнд энэтхэг европ хэлний нөлөө асар их учир үй түмэн үгийг нь зээлдэн хэрэглэдэг. Огтоос европ бус эдгээр хэл мянга мянган жил өөрийн хэлний логик, этнолингвистик чанараа хадгалж чадсан учраас л европ хэлтний дунд амьд хэлээ хадгалсаар өдий хүрчээ. Чухам үүнд л хэлний дархлаа, хэлний логик оршмой.
Б.Баабар /2014.01.19/