Испанийн "Реал Мадрид" клубийн бразил довтлогч Винисиус Жуниорыг арьс өнгөний үзлээр доромжилсон "Валенсиа"-гийн гурван хөгжөөн дэмжигчид найман сар хорих ял оноолоо. Ингэснээр хөлбөмбөг үзэж байхдаа эсрэг багийн тоглогчоо доромжилсон тохиолдолд ял өгсөн анхных нь болж буй юм.
Энэ үйл явдал 2023 оны тавдугаар сард болсон. Хөлбөмбөгчин эрийг доромжилсон гурван этгээдэд цэнгэлдэхэд орох эрхийг нь хоёр жилээр хасаад зогсохгүй шүүх хурлын бүх зардлыг төлүүлэхээр болжээ.
Испанийн прокурорын газраас анх нэг жил хорих ял, цэнгэлдэхэд орох эрхийг нь гурван жилээр хасах саналтай байсан ч гэмт этгээдүүд хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаагаа илэрхийлээд хохирогчоос уучлалт гуйсан захидал бичсэн тул ялыг нь багасгажээ.
Ла Лигийн тэргүүн Хавьер Тебас арьс өнгөөр ялгаварласан үзэл Испанид байж болохгүй гэж үзэж байгаагаа илэрхийлж, шүүхийн шийдвэрт сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдсэн юм. Харин Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA)-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино Х.Тебастай ижил бодолтой байгаагаа ярьсан байна.
Шүүх хурлын үеэр сүүлийн хоёр жилийн хугацаанд Винисиус Жуниорыг арьс өнгөөр доромжилсон утга бүхий 16 тохиолдол бүртгэгдсэнийг прокурорууд танилцуулжээ.
Эх сурвалж: Reuters