x

Сэтгэлийн гүнд мэлтэлзэх Сангийн далай

Гэрэл зургийг Г.Ган-Өлзий

Сангийн далайнхаа тухай бодох бүрд одоо морио эмээллээд мордвол бүрий орохоос өмнө хүрчих юм шиг санагддаг юм. Түмэн бээрийн алсаас ч алаг морио хатируулсаар сэрүүн хангайдаа очиж болмоор гэгэлзэнэ. Хөндий талаар нь хөл нүцгэн гүйж өссөн болохоор төрөлх нутгийнхаа газар шороог, намуухан нуурынхаа эрэг хөвөөг техник хэрэгслээр гэмтээж сэтгэл төвдөхгүй мэт. Тэгээд ч адууны тэнгэртэй өвөөгийн амин охин хүлгийн зоон дээр дэрвэж л явах ёстой гэж боддог минь тэр. Намайг багад бугын сүрэг айлуудаас алсуурхан явсаар нуурын уснаас ундаалчихаад, нар буутал тэртээх уулын энгэрт идээшилдэг байсан сан. Тугалын зэлэн дээр, үнээ ивлэгэж зогсохдоо ийм ховор нандин зураглал харах боломжтой гэхээр хэчнээн сайхан хангай болох нь тодорхой биз. Ерөөс тоглож өссөн толгод, уул ус, нуурын минь зүг морин туурай, үхэр тэрэгний мөрнөөс өөр ором битгий гараасай, үеийн үед унаган дагшин, амар амгалан энэ л төрхөөрөө байгаасай гэж хүснэ. Өдийд айлууд зусландаа гарч эхлээд Номт, Сэвсүүлийн ам, Цагаан мөсний гол, Хясааны гол, далайн захаар хонь, мал тааваараа идээшлэн налайж байгаа даа. Ийн бодох төдийд “Даваа даваад ирмэгц далайн жавар мэдрэгдэж, сэрүү татаад хачин сайхан” хэмээх аав минь нутгийн зүг жолоо залах бүрдээ үг санаанд бууна.

Хүн гэдэг өсөж, төрсөн нутгаасаа холдох тусам хоргодож, сэтгэлдээ сүсэлж явдаг юм байна. Миний бага нас Завхан, Хөвсгөл аймгийн заагт орших Сангийн далай хэмээх жижгэвтэр нуурын дэргэд өнгөрсөн. Тодруулбал, Булнайн нурууны ар шилд буюу Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Шинэ-Идэр, Бүрэнтогтох, Завхан аймгийн Их-Уул сумын хооронд оршдог давст нуур. Нуурын өргөн дунджаар 5.2 километр бөгөөд зүүн хэсгээрээ хамгийн ихдээ 13, баруун хэсгээрээ найман километр гэж үздэг. Монгол оронд Сангийн далай гэх нэртэй нуур хэд хэд бий. Гэхдээ миний “жаахан” нуур буй бүхнээрээ онцгой санагдах нь үр шимийг нь хүртэж “ургасан” хүний үрийн сэтгэл биз. Тийм ч болохоор нутгийн нуураа далай хэмээн дээдэлдэг юм. Сангийн далайд сайрхах зүйл олон бий. Нуурын усны эрдэсжилт Хяргас, Увс нуураас бага боловч давсархаг. Мөн Увс нуурын өмнөд хэсгээс эхлээд Хан хөхийн урд бэлийн Модон даваа, Цагаан нуурын хойд эрэг, Ярцагийн голын хавцал, Ойгон нуурын хотгор, Тэсийн голын эх, Булнайн нурууг дамнан 500 орчим километр үргэлжилсэн 1905 оны их газар хөдлөлтийн улмаас үүссэн газрын хагарал нуурын өмнөд хэсэгт тодхон бий. Хагарсан газар зарим хэсэгтээ галт уулын тогоо шиг хотгор, зарим хэсэгтээ намхан толгод үүсгэн эдгэрсэн байдаг юм. Ийн үүссэн толгодыг нутгийнхан Хүйс толгой, Гавын толгой гэхчлэн тус бүрд нэрлэж заншжээ. Харин хотгор хэсгүүд нь зун цагт усаар дүүрч, цөөрөм үүсгэнэ. Энэхүү гавын толгодын цаахантаа Салхит, Дээд захын гэх мэт бие биедээ ижилдэн сүндэрлэсэн таван толгой бий. Нуурын эрэг элсэрхэг, зарим хэсгээрээ асга хадтай ч ойр орчмын газар нь ерөнхийдөө талархаг. Хаашаа ч харсан уулс цэнхэртэж, байц хавцал бараантан байдаг уулархаг нутгийн иргэд далайн захын мөлгөр, хүрэн толгодыг Талын таван толгой хэмээн нэрлэсэн нь оносон мэт.

Нуурын хамгийн нандин зураглал бол усны шувууд наадан цэнгэх агшин. Сангийн далайд ангир, галуу, цахлай гээд олон зүйлийн шувуу ирнэ. Мөн жил болгон сүрэг хун ирж, зусдаг юм. Анх хун шувуу харсан мөчөө огт мартдаггүй юм. Хөдөөгийн хүүхдүүд өөр өөрийн үүрэгт ажилтай, чөлөө зав багатай тул үргэлж нуурын зүг гүйгээд байх боломжгүй. Ялангуяа, зун цагт хонь саах, үнээний өглөө, оройн саам, хурдан морь уях, унах гээд ажил нөр их. Нуураас хол зуссан жил “Далайн зах явмаар байна” гэж хөгшин ижийгээ байнга л шалгаана. Өдөр бүр шахам сүү саалиа борлуулж, гэрийн ажлаа эрт хийчихээд далай явах зөвшөөрөл хүснэ. Учир нь, хүүхдүүдийг дураар нь далай руу явуулдаггүй байлаа. Онгирч, хөөрсөн багачууд хэт гүн хэсэг рүү нь орж эндэх вий гэж тэр байх. Тээр жилийн нэг өдөр хөгшин ээж болон айлын эгч нар бидний хэдэн хүүхдийг дагуулаад далай руу явлаа. Сэвсүүлийн амнаас далайн зах хүртэл гэхээр лав гурав, дөрвөн километр алхсан байх. Яагаад ч юм тэр өдөр мориор эсвэл машинаар явсангүй. Зам чамгүй хол тул замдаа амарч, хөгшин ээжийн гал дээр барьсан талх, шинэхэн өрмөөр цайлсан санагдаж байна. Хангайн зун гэмээнэ уран зураг шиг тансаг болохыг тэр үед анзаарч билээ. Хөгшин ижийнхээ гараас хөтлөөд алхаж явахдаа баруун тийш харвал, Хясааны голын эрэг дагуу буусан саахалт айлууд сувд мэт гялтганан үзэгдэнэ. Тэртээх уулс цэнхэртэж, оргил нь тэнгэрийн хаяатай нийлээд замхрах мэт нууцлаг. Тэгснээ энүүхэнд голын чимээ харгиатан сонстох нь өнө мөнхийн амар амгалан илэрхийлнэ. Энэ хөндийд жилийн жилд зуншлага сайн, газрын гарц арвин байдаг юм. Мөн нуурын ус хужир, шүү ихтэй учраас отор, нүүдэл элбэг. Тийм болохоор зун цагт энэ хавь өнөө, маргаашгүй даншиг наадам, овоо тахилга болох гэж байгаа мэт хөл хөдөлгөөн ихтэй байдаг сан.

Ойртох тусам сэрүү татаад, нуурын мандал тэнгэрийн өнгөтэй сүлэлдэн цэнхэртээд даанч сайхан. Тэр өдөр далай руу явна гэхэд учиргүй догдолж, гэгэлзсэнийхээ учрыг ирсэн хойноо л ойлгов. Дэгдээхийнүүдээ дагуулсан хос хун хараад учиргүй их баярлаж билээ. Хун ирдгийг нь мэддэг, өмнө нь өчнөөн олон нуурын дэргэд ирж байсан ч үр зулзагаа дагуулсан хос хунг ийм ойроос харж байгаагүй юм. Төсөөлснөөс хэд дахин том, нүд булаам үзэсгэлэнтэй тэр шувуу гоолиг хүзүүгээ цэх өргөж эрхэмсэг гэгч хөвж байв. Дөлгөөн цэнхэр нуурын мандалд аажуухан хөвсөөр, алсрахад нүд салгаж чадахгүй байснаа одоо ч тодхон санаж байна. Дараа таарахдаа таних юм сан гэж зүслэх гэж хичээж буй нь тэр. Магад цасан цагаан өнгөтэй, жигүүртний зүсийг тогтоохсон гэх бодол арав гаруй настай охинд л төрөх биз. Усны шувууд ирэх, буцах үеэр хөгшин аавынх нуураас нэлээд хол буусан байж таардаг болохоор ганганан гаргасаар өндрөө авч, Сангийн далай нуураа хэдэнтээ тойрчихоод, хошуураад нисэхийг нь алсаас хардаг байлаа. Шувууд ганганах чимээнээр гэрээсээ гүйн гарч, тэнгэр өөд хараа бэлчээнэ. Тэгээд хөгшин ижийтэйгээ хамт зэллэн нисэх шувуудын бараа тасартал гэрийнхээ гадаа зогсдогсон. Ийм хайлган зураглал хүнд юу эсийг бодогдуулах билээ. Онц сурах, алсыг зорих, өндөрт дүүлэх хүсэл цээжинд багтаж ядна. Харин хөгшин ижийнхээ юу бодож байгааг анзаарах ухаан тэр үед байсангүй. Одоо бодох нь ээ охиндоо хүн байхын, үнэн байхын ухааныг эгэл амьдрал, үйлдлээрээ сургадаг байж. Ямартаа л хун шувуу харуулах гэж, далайн зах очих хүслийг нь биелүүлэх гэж 60 гарсан хойноо зуны халуунд өчнөөн холоос алхах билээ. Ерөөс бэтгэртэл саналаа ч уулзаж чадахгүй алсад одоход эх нутаг, элгэн халуун дурсамж хоёр л үлддэг аж. Одоо би таныг, олон олон ухаарлыг нутгаасаа, тоглож өссөн нуурынхаа эргээс олох мэт санагдана.

Их усны дэргэд өссөн хүн уужим болдог гэлцдэг. Сэтгэл минь уудам гэвэл далайн захад өссөнийх. Хүсэл минь гэгээн гэвэл нуурын мандалд чуулах шувуудыг харж торнисных. Бодол минь уужим гэвэл буурлын сургаал сонсож, байгалийн сайхныг мэдэрч өссөнийх биз ээ. Үлээх салхи нь ээжийн үнэртэй нутагтай очихсон. Сэтгэлийн гүнд мэлтэлзсээр буй Сангийн далайдаа, уул ус, ургамал цэцэг жигдэрсэн сайхан Сэвсүүлдээ хүрэхсэн. Холын холоос зориод очих нутагтай байна гэдэг хэчнээн сайхан.

Энэ хөндийн чулуу бүхэнд шивнээд мартсан хүсэл минь бий

Эргээ халин мэлтэлзэх Сангийн далай мину

Өргөн дэнжийнх өвс бүрд буурлуудын минь хэлж амжаагүй захиас бий

Өнө мөнхийг бэлгэдэн харгиатах Хясааны гол мину

П.Даваажаргал

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Сайнжаргал (172.69.252.157)
    Яг бодол нэг байнаа сайхан бичжээ .
    2024 оны 01 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 11 цаг 27 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 11 цаг 31 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 11 цаг 32 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 11 цаг 33 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 11 цаг 34 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 11 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 13 цаг 23 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 13 цаг 31 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 13 цаг 33 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 13 цаг 35 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 13 цаг 36 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 13 цаг 38 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 13 цаг 39 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 13 цаг 43 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 15 цаг 55 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 15 цаг 55 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 15 цаг 56 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 15 цаг 58 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 16 цаг 0 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 17 цаг 16 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top