Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Ирэх долдугаар сарын 1-4-ний хооронд зохион байгуулахаар төлөвлөөд байсан ЭЕШ-ыг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулахаар болсон байна.
Л.Энх-Амгалан:
-Энэ жил ЭЕШ-нд оролцохоор бүртгүүлсэн 40420 сурагч байгаа. Тэднээс 1500 орчим хүүхэд ковидын халдвар авсан, нэгдүгээр хавьталд ойрхон хүүхдүүд байна. Тэдгээр хүүхэд ЭЕШ-д оролцох боломжгүй болоод байна. Мөн улсын хэмжээнд ЭЕШ-ыг зохион байгуулаах ёстой 9620 багшийн тодорхой хэсэг нь ковидын халдвар авсан байна.
ЭЕШ-нд бүртгүүлсэн 40420 хүүхдээс 7600 орчим хүүхэд алслагдсан сумдаас ирж ЭЕШ-нд оролцох ёстой. Гэтэл улсын хэмжээнд 9 аймаг хатуу хөл хорио тогтоож, аймгаас сумд руу, сумаас аймаг руу зорчих хөдөлгөөнийг энэ сарын 30-ны өдөр хүртэл хаасан байна.
Тиймээс долдугаар сарын 1-4-ний хооронд зохион байгуулахаар төлөвлөж байсан ЭЕШ-ыг наймдугаар сарын сүүлийн хагаст зохион байгуулахаар сайдын тушаал гарсан.
ЭЕ-нд бүртгүүлсэн 40420 сурагчаас одоогийн байдлаар 30282 хүүхэд буюу 76 хувь нь вакцины хоёрдугаар тунгаа авсан. байна. Үлдсэн нь 16-17 насны хүүхдүүд байна. 15 настай 2000 орчим хүүхэд ЭЕШ-нд оролцоно. ЭЕШ-ыг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулахаар шийдвэрлэсэн шалтгаан нь тэр үед шалгалтанд оролцох бүх хүүхдүүд маань вакцины хоёрдугаар тунгаа бүрэн аваад дархлаа тогтсон байна гэж тооцоолсон. Яг хэдний өдөр зохион байгуулах тухай шийдвэрийг долдугаар сарын 10-ны өдөр нийтэд мэдээлнэ.