x

С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ, Хятадыг хамарсан зөрчилд хүрэх эрсдэлтэй

Гэрэл зургийг Монцамэ агентлаг

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Ази судлалын тэнхимийн профессор, доктор С.Баттулгатай ярилцлаа.

-Японы Ерөнхий сайд Такаичи Санаэгийн Тайванийн талаар хийсэн мэдэгдэл олон улсын анхаарлыг татлаа. Түүний мэдэгдлийн цаад агуулгыг та хэрхэн харж байна вэ?

-Япон улсын анхны эмэгтэй ерөнхий сайд болоод удаагүй байгаа Такаичи Санаэ энэ сарын 7-ны өдөр болсон парламентын хэлэлцүүлэг дээр гишүүдийн асуултад хариулах үедээ Хятад Тайванийн аралд хүч хэрэглэн түрэмгийлэх тохиолдол үүсвэл Японы “Оршин тогтнохуйд эрсдэлтэй нөхцөл байдал үүсэх магадлалтай” гэсэн үг хэлсэн. Түүний хариу маягтай, арваннэгдүгээр сарын 8-ны өдөр БНХАУ-аас Япон улсын Осака хотод суугаа Ерөнхий Консул өөрийн хувийн цахим хуудастаа “бохир толгойг цавчиж хаяна” гэсэнтэй утга бүхий үг жиргэсэн явдал нөхцөл байдлыг огцом хурцатгаж, олон улсын анхаарлыг татах хэмжээнд хүрээд байна. Түүгээр ч зогсохгүй энэхүү нөхцөл байдал саяхан болсон БНХАУ-ын дарга Син Жиньпин, Японы ерөнхий сайд Такаичи нарын албан ёсны уулзалтын үр дүнг эерэгээр үнэлж байсан олон нийтийн хүлээлтийг үгүй хийж, Хятад-Японы харилцаанд таагүй, хүйтэн уур амьсгалыг бий болгоод байна.

Япон Тайванийн аралтай олон талын, түүхэн гүнзгий харилцаатай улс. Гэхдээ Японы үе үеийн Засгийн газар Хятадын “Нэг Хятад” бодлогод хүндэтгэлтэй хандана гэсэн албан ёсны байр суурь баримталж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Тайванийн асуудал бол Японы Засгийн газрын хувьд Япон-Хятадын харилцааг тогтвортой байлгах зорилгын үүднээс ил тод, нээлттэй яриад байдаггүй сэдэв гэж хэлж болно. 2001 онд Япон улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо хэлсэн үгэндээ “Тайванийн оршин тогтнохуйн асуудал бол Японы оршин тогтнохуйн асуудал” гэж дурдаж байсныг эс тооцвол түүнээс хойших Японы ерөнхий сайд нар Тайваньтай холбоотой асуудлаар албан ёсны тодорхой мэдэгдэл хийхээс зайлсхийж ирсэн юм. Ерөнхий сайд Такаичигийн хэлсэн үгийг тойрон Японд өргөн хүрээнд өрнөж буй хэлэлцүүлгээс харахад, Такаичигийн зоримог, эрс шийдэмгий байдлыг зүй ёсны үйлдэл гэж зарим хэсэг үзэж байхад, түүнийг шүүмжилж, уг асуудалд болгоомжтой, хүлээцтэй хандахыг зарим хэсэг сануулж байна. Ерөнхий сайд Такаичи “Засгийн газрын уламжлалт байр суурийг дагасан” тул одоогоор хэлсэн үгээ татаж авахгүй гэж мэдэгдээд байгаа юм.

Судлаач хүний хувьд, Ерөнхий сайд Такаичигийн хэлсэн үг бол санамсаргүй хэлсэн алдаа төдий зүйл биш, харин, үр дагаврыг нь бүрэн гүйцэд таамаглаагүй байж болох талтай хэдий ч, хариуцлагатай, тооцоолсон, тодорхой мессэж илэрхийлж байгаа үйл явдал гэж үзэж байгаа. Дэлхийн II дайны дараа АНУ-ын “Холбоотон” болох замыг сонгосон Японыг гадаад бодлого, дипломат үйл ажиллагааны хувьд “идэвхгүй” байр суурьтай улс гэж шүүмжилдэг тал бий. Харин Такаичи ерөнхий сайд болохдоо “идэвхтэй дипломат үйл ажиллагаа” хэрэгжүүлнэ гэсэн зорилт дэвшүүлсэн бөгөөд энэхүү дуулиан дагуулсан үйл явдал нь түүний нэг тодорхой алхам боллоо гэж дүгнэж болохоор байна.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Такаичи хэлсэн үгээрээ, Хятадад хандаж, “Тайвань арлын оршин тогтнохуйн асуудал бол Японы оршин тогтнохуйн асуудал” бөгөөд Тайванийн асуудал бол Япон улс хэрэгжүүлэхийг зорьж буй “Чөлөөт, нээлттэй Номхон далайн стратеги”-ийн зайлшгүй нэг хэсэг болохыг, АНУ-д хандаж, Япон улс цаашид ЗХА-ын аюулгүй байдлыг хангаж бэхжүүлэхэд идэвхтэй оролцож, хариуцлага үүрнэ гэдгийг, бүс нутгийн улс орнуудад хандаж, Япон улс бүс нутгийн аюулгүй байдлыг хангаж бэхжүүлэхэд идэвхтэй, хариуцлагатай оролцохоо ил тод, тодорхой илэрхийллээ гэж үзэж байна.

-Хятад яагаад ийм хүчтэй эсэргүүцэх болов?

-Энэ сарын 10-ны өдөр БНХАУ-ын ГХЯ-ны зүгээс Японы талд хандаж эсэргүүцлээ илэрхийлж, Японы байр суурийг хатуу шүүмжилсэн. Арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Хятадын тал Япон улсаас Хятадад суугаа Элчин сайдыг дуудаж, Ерөнхий сайдыг үгээ татахыг шаардсан. Түүнчлэн Хятадын ГХЯ-аас Японд зорчих гэж байгаа иргэддээ хандаж, очихгүй байхыг уриалсан. Мөн Хятадын Боловролын яамны зүгээс Японд суралцах гэж байгаа иргэдэд хандаж энэхүү шийдвэрээ эргэж харахыг сануулсан. Хятадын тал тэнгисийн цэргийн флотын хэд хэдэн усан онгоцоо Японы арлын зүг хөдөлгөсөн гэх мэдээ ч гарч байна. Үйл явдлын өрнөлөөс харахад нөхцөл байдал маш богино хугацаанд огцом хурцдаж байгаа харагдаж байна.

Хоёр улсын хооронд зөрчил үүсч, хурцдах явдал үе үе гардаг. Нэн ялангуяа 2000 оноос хойш Хятадын талын усан онгоц Японы хилийг зөрчих тохиолдол эрс нэмэгдсэнээс болж үе үе зөрчил гарч байсан. Мөн Хятадад Японы эсрэг өнгө аястай жагсаал үе үе болдог. Энэ бол байдаг л зүйл. Харин Хятад яагаад энэ удаагийн тохиолдолд хүчтэй эсэргүүцэл үзүүлэх болов гэдэг бол яах аргагүй сонирхол татах асуудал.

БНХАУ Тайванийн арлыг Хятадын газар нутгийн нэг хэсэг гэж үздэг. Мөн “Нэг Хятад” гэдэг бодлого хатуу баримталдаг. Газарзүйн хувьд авч үзвэл Тайванийн арал нь Номхон далайд гарах Хятадын гол гарцан дээр байршдагаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, Тайванийн арал бол бүс нутагтаа төдийгүй дэлхий дахинд хүчирхэгжиж буй байр сууриа ил тод илэрхийлэх болсон Хятадын хувьд амин чухал ашиг сонирхол юм. Үүнээс үзэхэд Японы ерөнхий сайд Такаичигийн “Тайванийн оршин тогтнохуйн асуудал бол Японы оршин тогтнохуйн асуудал” гэсэн утгатай хэлсэн үг бол яах аргагүй Хятадын амин чухал ашиг сонирхлыг ил тодоор хөндсөн хэрэг болох юм.

Нэмж хэлэхэд, ерөнхий сайд Такаичи үндэсний үзэлтэй улстөрч гэдгээрээ танигдсан хүн. Тэрээр ерөнхий сайд агсан Абэгийн батлан хамгаалах чадавхаа бэхжүүлэх, аюулгүй байдлаа хамгаалах тухай номлолыг үргэлжлүүлнэ гэдгээ зарласан. Такаичигийн энэ бодлого Хятадын ашиг сонирхолд нийцэхгүй нь мэдээж хэрэг. Тийм ч учраас Такаичиг ерөнхий сайд болох үед Хятадын зүгээс дипломат дэг ёсны дагуу ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Харин түүнээс өмнөх Японы ерөнхий сайдуудад Хятадын зүгээс дипломат дэг ёсны дагуу баяр хүргэж байсныг энд дурдахад илүүүдэхгүй биз ээ.

-Такаичи Санаэгийн мэдэгдлийн дараа Хятад–Японы стратегийн харилцаанд ямар өөрчлөлт гарах бол?

-1970-аад оноос эхэлж Хятад-Японы харилцаанд таатай уур амьсгал бий болсон байдаг. 1972 онд “Хятад-Японы хамтарсан тунхаглал”, 1978 онд “Хятад-Японы энх тайван, найрамдлын гэрээ”, 1998 онд “Энх тайван, хөгжлийн төлөө найрамдал, хамтын ажиллагааны түншлэлийг бэхжүүлэх тухай Хятад-Японы хамтарсан мэдэгдэл”, 2008 онд “Стратегийн харилцан ашигтай харилцаа”-г цогцоор бэхжүүлэх тухай Хятад-Японы хамтарсан тунхаглал гэсэн дөрвөн баримт бичиг хоёр улсын харилцаанд суурь үүрэг гүйцэтгэдэг. Хоёр улс эдгээр баримт бичигт заасан харилцааны үндсэн зарчимд тулгуурлан хамтран ажиллаж ирсэн түүхтэй. Такаичиг ерөнхий сайд болох үед Хятадын зүгээс энэхүү дөрвөн тулгуур баримт бичгийн зарчмаа баримтлан ажиллахыг сануулсан байдаг. Энэ зарчим үндсээрээ өөрчлөгдөнө гэж би бодохгүй байна. Яагаад гэвэл Хятад, Япон хоёр улсын аль аль нь бүс нутагтаа чухал үүрэгтэй, хариуцлагатай улс гэж бодож байна. Хойшид ямар алхам хийхийг бүс нутгийн улс орнууд харж байгаа. Гэхдээ аливаа асуудал хэрхэн эргэхийг төсөөлөх аргагүй цаг үед бид амьдарч байгаа нь бодит үнэн. Харилцан буулт хийхгүй яваад байвал нөхцөл байдал хэр хэмжээнд хурцдахыг хэн ч таашгүй. Аль аль улсын дотоод байдал асуудалтай, аль аль нь батлан хамгаалах чадавхаа бэхжүүлэх сонирхолтой байгаа болохоор тэр зүгт олон нийтийн санаа бодлыг чиглүүлэхийн тулд нөхцөл байдлыг сунжруулахыг үгүйсгэхгүй. Тиймээс сөрөг хандлага бий болохгүй байгаасай, хоёр улсын харилцаа хэвийн байдалд ороосой гэж хүсч байна.

-Хятадын Тайванийн бодлого өөрчлөгдөх үү. Хэрэв тэгвэл Японд ямар эрсдэл үүсэх вэ?

-Хятадын Тайванийн бодлого өөрчлөгдөхгүй болов уу гэж бодож байна. Хятадын хувьд амин чухал эрх ашиг бүхий асуудал нь нөхцөл байдалд нийцүүлэн өөрчлөөд байдаг тийм зүйл биш байх болов уу. Тиймээс амин чухал асуудлын талаар урт хугацааны үзэл баримтлал, зарчмаа дагадаг болов уу гэж бодож байна. Харин Японы хувьд нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг одоо хэлэхэд эрт байна гэж бодож байна.

-Тайвань дахь мөргөлдөөн Япон, АНУ, Хятадыг оролцуулсан томоохон зөрчилд хүрэх эрсдэл бий юу?

-Хэрэв Тайваны асуудлаар мөргөлдөөн үүсэх нөхцөл байдал үүсвэл Япон, АНУ, Хятадыг хамарсан зөрчил үүсэх эрсдэл бий гэж үзэж байна. Япон-Америк холбоотон улс. Хэрэв Америкийн цэргийн бааз байрлаж буй бүс нутагт ямар нэгэн эрсдэл үүсвэл Япон холбоотны үүргээ биелүүлж, түүнд шууд татагдан орох магадлал өндөр. Японы Засгийн газар ч ийм нөхцөл байдлыг тооцоолон эрх зүйн орчиндоо өөрчлөлт оруулах оролдлого хийх болов уу. Эдгээр улсын ЗХА дахь нөлөөлөл маш их юм. Тиймээс эдгээр улсын хооронд үүсч болох аливаа эрсдэл тийм хэмжээний нөлөөллийг бүс нутагт үзүүлэх болно.

-Монгол Улсын хувьд ямар байр суурь баримтлах ёстой вэ. Бид Хятадтай газар нутгаар холбогдсон хөрш, Японтой гурав дахь хөршийн харилцаатай. Тэгэхээр ийм нөхцөлд хэнийг нь дэмжих ёстой вэ?

-Монгол Улс хөрш улс болох Хятадын “Нэг Хятад” бодлогод хүндэтгэлтэй ханддаг. Нөгөөтэйгүүр Япон улс бол манай чухал “Гуравдагч хөрш”. Бид Хятадтай ч, Японтой ч өндөр түвшний сайн харилцаатай. Энэ харилцаа улам бүр бэхжиж байгаа гэж боддог. Тийм учраас Тайваньтай холбоотой аливаа асуудал бол монголчуудын хувьд ил задгай яриад байх, аль нэг талд орж маргалдах, энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийх гэж мэтгэлцэх асуудал биш гэж бодож байна.

ЗХА-ийн бүс нутагт зөрчил үүсч, хурцадмал байдал бий болохгүй байх явдал Монгол Улсын хувьд амин чухал юм. Монгол Улс ямар ч үед тогтворгүй, зөрчилтэй, дайны нөхцөл байдал үүсэхийн эсрэг байр суурьтай байхыг эрмэлзэх ёстой. Монгол Улс энхтайванч зарчим, харилцан хүндэтгэх, буулт хийж чаддаг байх зориг, хамтдаа хөгжих гэсэн нэгдмэл үзэл санааг хөгжүүлэхийн төлөө тууштай тэмцэгч улс гэдгээ ямар ч үед байнга нотлон харуулж байх нь зүйтэй юм. Бид цаашид нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг анхааралтай ажиглахын зэрэгцээ асуудлын мөн чанар юу болохыг таньж мэдэх нь чухал байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.95.197)
    одоохондоо бид бусдын хэрэгт оролцмооргүй бна. Эх оронд минь шийдэх асуудал зөндөө бна
    2025 оны 11 сарын 20 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баянзүрхийн 52 дугаар цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад бэлэн боллоо 5 мин Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө 6 мин Сургуулийн төрөлжсөн олимпиадууд 11 сарын 12-28-нд үргэлжилж байна 7 мин Тайланд руу зорчих монгол иргэдэд “Visa-Run” хяналт чангарав 8 мин Богдхан ууланд зэрлэг амьтдад био техникийн арга хэмжээ авч, хужир тавилаа 17 мин Хуурамч валют солиулахыг завдсан хэргийг шалгаж байна 17 мин Дэлхийн хүүхдийн өдрийг “Миний өдөр. Миний эрх” уриан дор тэмдэглэж байна 18 мин МАН-ын бүлэг Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ 47 мин Улсын хэмжээнд 275 вагон цистерн газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэж байна 1 цаг 2 мин Уго Чавес ба түүний нөхөд 1 цаг 12 мин С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ, Хятадыг хамарсан зөрчилд хүрэх эрсдэлтэй 1 цаг 26 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 8 мин “Оюу толгой” компанийн санхүүжилтээр Сэлэнгэд 150 га талбайд нарс, шинэс хосолсон ойжуулалт хийгджээ 2 цаг 11 мин Эмэнд тэсвэртэй сүрьеэгээр жилд 15–20 хүн амь насаа алдаж байна 2 цаг 16 мин Африкийн шилдэг хөлбөмбөгчнөөр Ашраф Хакими анх удаа тодров 2 цаг 19 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд: Б.Ринчен судлалын олон улсын хурал болно 2 цаг 22 мин “Гар утас худалдана” гэсэн зарын дагуу холбогдож 4.3 сая төгрөгөө залилуулсан хэрэг гарчээ 2 цаг 25 мин Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн 2 цаг 28 мин Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 18 цаг 13 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 18 цаг 16 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо
Top