Энэ оны “Miss Universe” тэмцээнд Мексикийн 25 настай гоо бүсгүй Фатима Бош түрүүллээ. Гоо бүсгүй шалгаруулах 74 дэх удаагийн уг тэмцээний финалын шалгаруулалт баасан гаригт Тайландад болов.
Ертөнцийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйн титмийг өнгөрсөн оны тэмцээний ялагч Данийн гоо бүсгүй Виктория Тейлвиг гардуулжээ. Тэргүүн дэд мисс цолыг Тайландыг төлөөлөн оролцсон 29 настай Правенар Сингх хүртсэн бол гурав, дөрөв, тавдугаар байрт Венесуэл, Филиппин, Кот д'Ивуарын гоо бүсгүйчүүд орсон байна.
Гоо үзэсгэлэнгийн дэлхийн цомын тэмцээн гэгддэг “Miss Universe” нь жил бүр сая сая үзэгчийг татдаг томоохон тэмцээн юм. Улс орон бүрийн оролцогчдыг "Miss Universe" байгууллагын лицензтэй үндэсний тэмцээнээр шалгаруулдаг. Энэ жил 120 орны гоо бүсгүйчүүд оролцжээ.

CNN телевизээр мэдээлснээр, финалын шоуг Америкийн комедиан жүжигчин Стив Берн хөтөлж, Тайландын дуучин Жефф Сатурын тоглолтоор нээжээ. Оролцогчид усны хувцастай тайзнаа гарсны дараа 30 гоо бүсгүйгээс 12 нь дараагийн шатанд шалгарсан бөгөөд үдшийн даашинзтай шалгаруулалтын дараа эцсийн таван оролцогч тодорсон байна.
Финалд шалгарсан оролцогчдоос хэд хэдэн асуулт асуужээ. Тухайлбал, хэрэв НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индрээс үг хэлэх боломж олдвол дэлхий дахины ямар асуудлыг хөндөх байсан талаар, мөн "Miss Universe"-ийн тавцанг хэрхэн ашиглаж охид, бүсгүйчүүдэд урам зориг, дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгаа талаар асуусан байна.
Тэмцээн гурван долоо хоног үргэлжилж, оролцогч бүсгүйчүүд Тайландаар аялж, бэлтгэл сургуулилалт хийж, төрөл бүрийн арга хэмжээнд оролцжээ.



