Улсын буюу төрийн өмчит сургууль, цэцэрлэгүүдэд жил бүр олгодог хувьсах зардлыг хувийн цэцэрлэг, сургуульд мөн ялгаагүй олгодог билээ. Үүнээс болж хувийн болон улсын сургууль, цэцэрлэгүүдийн дунд санхүүжилтийн тэнцвэргүй байдал үүсч, улсын сургууль, цэцэрлэгүүд санхүүжилтын хувьд байнга дутагдалтай явж ирсэн байдаг.
Тэгвэл энэ байдлыг өөрчлөхөөр болсон тухайгаа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Өндөр төлбөртэй хувийн сургуульд төсвөөс олгодог хувьсах зардлыг ирэх сараас зогсооно" хэмээн твиттер хуудсаар мэдэгдсэн байна.
Тэр энэ удаа "Улаанбаатарт 5 сая төгрөг хүртэлх төлбөртэй 106 сургууль, 5-10 сая төгрөгийн төлбөртэй 12 сургууль, 10-аас дээш сая төгрөгийн төлбөртэй найман хувийн сургууль байна. Би өндөр үнэтэй буюу 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй сургуульд хувьсах зардал өгч чадахгүй" хэмээн жиргэжээ.
2020 оны төсөвт төрийн бус өмчийн сургуулийн хувьсах зардал болон үдийн цайны санхүүжилт 13.3 тэрбум төгрөг батлагдсан бол 2021 оны төсөвт 8.8 тэрбум төгрөг буюу өмнөх оныхоос 4,5 тэрбум төгрөгөөр буурсан юм байна.