x

Халиун бугын эвэр түүгчдэд тооцох хариуцлага чангарчээ

Яргуй цэцэглэн, амьтад ичээнээсээ гарч, хаврын улирал нэгэнт иржээ. Цаг агаар дулаарч, байгаль дэлхий өнгөө засаж буй энэ үед ховор ан амьтдыг олж харахаар өнгөрсөн амралтын өдөр хотоос 100 км зайтай орших Хустайн байгалийн цогцолборт газар (ХБЦГ)-ыг зорилоо.

Хусан ойтой гэдэг утгаараа Хустай хэмээн нэрийдсэн энэхүү цогцолбор газрын урд хэсгээр Туул гол, хойд талаар Молцог элс байдаг өвөрмөц тогтоцтой газар юм. 2002 онд ЮНЕСKО-гийн Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн ХБЦГ нь 1998 онд Байгалийн цогцолборт газар болсон түүхтэй. Нийт 50.6 мянган га газрыг хамрах бөгөөд энд халиун буга, бор гөрөөс, зэрлэг гахай, цагаан зээр, тахь, аргаль ,тарвага, дорго, саарал чоно, үнэг, хярс, мануул, шилүүс зэрэг 55 зүйл хөхтөн амьтан бий. Мөн хонин тоодог, хар өрөвтас, тогоруу, сойр, гангар хун, ятга шаазгай, начин шонхор, цармын бүргэд, нөмрөг тас зэрэг 223 зүйл шувуутай. Хустайн нуруу нь бэлчээрийн ургац сайтай, ус булаг элбэгтэй, хад асга, ой мод зэрэг зэрлэг амьтан хоргодох нөхцөл сайн бүрдсэн учир энд төрөл бүрийн ан амьтан элбэг, сүүлийн үед Богд уулнаас ч ан амьтад ирж, суурьших болжээ.

Түүнчлэн ХБЦГ-т 65 овог, 246 зүйлд хамаарах 499 зүйл гуурст ургамал ургадаг. Үүнээс Монгол Улсын улаан номд бүртгэгдсэн долоо, хүнсэнд хэрэглэдэг 17, эмийн 219 ургамал, балт 236 зүйл ургамал байна. 1992 оноос хойш биологийн төрөл зүйлийн судалгааг тус газрынхан хийсээр ирсэн ажээ. Тэрчлэн Түрэгийн үед хамаарах хүн чулууны цогцолбор тус газарт байдаг гэнэ. Төв Азидаа нэг дор 32 хүн чулуутай буюу хамгийн том дурсгалт газарт ордог юм байна. Ийн зэрлэг амьтад амгалан амьдрах тайван, сайхан орчныг тус газрын хамт олон бүрдүүлж чаджээ.

Харамсалтай нь, сүүлийн хэдэн жил дархан цаазат газарт хулгайн анчдын сүлжээ бий болж, амьтдын зүй бус хорогдол нэмэгдэж байгаа гэнэ. Бугын чив, эвэр, сав авах, хил давуулан худалдах зорилгоор буга агнах гэмт хэрэг гарсаар байгаа юм. Ингэхдээ хулгайн анчид зүсээ хувилгаж ирдэг гэнэ. Хотоос ямаа самнана гэх нэрийдлээр ирж, бугын эвэр түүх зорилготой ирдэг юм байна. Энэ талаар сурвалжлахаар сэтгүүлчдийн баг Хустайн нуруунд өнгөрсөн амралтын өдөр ажилласан юм.

“Одоо бугын ясан эвэр унах үе эхэлж байгаа. Эвэр унах ид үе болоогүй ч нэгнээсээ өрсөн авах гэсэн хулгайн анчид бугыг хөөх, бугуйлдах, бахардуулах зэрэг олон аргаар хөнөөж, эврийг нь авдаг. Хавар ан амьтдын хувьд тун ядруу үе нь. Хахир өвлийг давж гарсан тул туранхай, эцгэр, согоонууд хээлтэй байдаг. Уг нь дарамт үзүүлэхгүй тайван байлгах хамгийн эмзэг үе. Хамаагүй хөөж цочоовол хээл хаях эрсдэл маш өндөр. Их ядарснаас болж халуун хэвтэр дээрээ тэр чигтээ үхэх тохиолдол ч их гарч байна. Бугын эвэр хараахан унаагүй хөдөлгөөнд орсон үед хулгайн анчид бугыг албаар хөөж, эцээгээд эвэр нь унахад нь авдаг. Энэ бол муухай явуургүй арга. Буга ингэж ядарснаас болж үхэж байна” хэмээн ХБЦГ-ын дарга Ц.Дашпүрэв ярилаа.

Хустайд халиун буга 70 орчим байсан бол өнөөдөр 1300 болтлоо өссөн. 20 гаруй мянган тарвага байна. Мөн шинээр олон амьтад иржээ. Өмнө нь нүүдлийн журмаар ирээд буцдаг байсан бол 1990-ээд оны дунд үеэс хойш 700 орчим цагаан зээр жилийн дөрвөн улиралд байршиж байна. Талын амьтан уул хээрийн амьтан болж байгаа нь энэ газар амьтдад ээлтэй, ус, ургамал, хамгаалалт амгалан тайван газар болохыг илтгэж буй. Аргаль гэхэд зөвхөн зуны улиралд харагддаг байсан бол сүүлийн 10 жилд 60 орчим аргаль өсөж, үржиж байна. Ингэхдээ аргалийг заавал Хустайд авчирч, нутагшуулахаар зориуд хийсэн зүйл байхгүй гэнэ.

Харамсалтай нь, сүүлийн үед өчүүхэн олзны төлөө яваа шунаг сэдэлт хулгайн анчдад энэ бүх ховор амьтад үхэх, үржих нь огт хамаагүй аж. Биднийг Хустайн нуруунд очиход эцээд бахардаж унатал нь хөөж, улмаар эврийг нь тайраад авсан бугын сэг таарсан юм. 12 салаа сүрлэг эвэртэй, ойн эзэн бугыг эврээ тайруулсан, сэг болоод хэвтэж байхыг харахад нүд хальтрам байв. Хулгайн анчид бугыг мотоцикль, морь, машинаар өртөөлөн хөөдөг гэнэ. Үнэхээр ч мотоцикль, мориор буга хөөж байгаа бүлэг этгээдтэй бид таарсан юм. Хэрэг зоригийг нь асуухад нүдэн дээр худал ярив. Иргэн Н “Хамаатныдаа мал аж ахуйд нь туслахаар ирсэн. Буга, тахь үзэж явна. Хөөж туусан юм байхгүй. Илүү ойроос харах гэж дөхөж очсон” гэж өөрийгөө өмгөөлсөн юм. Яг бугын эвэр түүж яваад баригдаагүй учраас сануулга өгсөн юм. Харин бугын эвэр түүгчдийг газар дээр нь баривал хуулиар 1-5 жилийн ял оноодог гэж Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч А.Манлай хэлэв. Тэрбээр “Бугын эвэр унах үеэр зарим нь бугын гүйлтэн дунд унадаг бол бусдыг нь бахардаад унатал нь хөөж, унахаар нь эврийг нь чулуугаар цохиж, хөрөөдөж, бүр амьд байхад нь мушгиад салгаад авдаг хүйтэн сэтгэлтэн байдаг. Бахардалгүй зугтаж чадсан ч буга шөнө нь хэвтэр дээрээ үхээд хонодог гэнэ. Энэ бол шууд хэлэхэд байгаль орчны эсрэг маш том гэмт хэрэг. Тиймээс хуульд үйлдэл бүрийг тусгайлан заасан. Тодруулбал, ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй барьсан, агнасан, тэжээсэн, үржүүлсэн, гаршуулсан, худалдсан, хулгайлсан гэх мэт хариуцлагын заалт бий. Заавал агнасан нөхөрийг олохгүйгээр дээрх үйлдлийн аль нэгийг хийсэн л бол шалгаж, хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалт бий” гэсэн юм.

ХБЦГ-ын менежментийг төрийн бус байгууллага хариуцан ажилладаг аж. Энэ байгууллага улсын төсвөөс нэг ч төгрөг авахгүй, менежмент хийгээд санхүүжүүлээд явдаг цор ганц газар бол Хустай юм байна. Улсын төсвийн бусад газрыг бодвол байгаль хамгаалагч олон ч хотод ойр, төв замын дэргэд байдаг тул хулгайн ан их гардаг гэсэн зовлонг тэд ярьж байлаа. ХБЦГ-ын хамгаалалтын менежер Г.Ууганбаяр “Өнгөрсөн жилийн долдугаар сараас “Зөрчлийн тухай хууль” хэрэгжсэнээс хойш одоо зөрчил гаргасан хүмүүсийг торгох, шийтгэхэд их тодорхой болсон. Мөн сайдын тушаалаар жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 10 хүртэл ясан эвэр түүхийг улсын хэмжээнд хориглосон. Тэгэхээр бугын эвэр түүх нь хууль бус гэдэг нь тодорхой. Иргэд хууль дүрмээ сайн мэдэхгүй болохоор гэмт хэрэгт холбогдож байна. Хууль чангарч байгааг иргэдэд танилцуулах хэрэгтэй. Ганц эвэрний төлөө явж байгаад ямар асуудалд орохоо сайн бодох хэрэгтэй. Торгуулиас гадна хулгайн анд хэрэглэсэн унааг улсын орлого болгон хурааж авдаг. “Зөрчлийн тухай хууль”–иар зарим асуудал тодорхой болсон ч агнахаар завдаж байгаа тохиолдлыг шийтгэлээс хассан байсан. Тэгэхээр яг хулгайн ан хийсэн хүнийг л шийтгэхээс завдаж байгаа хүмүүсийг яаж ч чадахгүй сануулга өгөөд явуулдаг” гэж ярилаа.

Бид сурвалжилгаар явж байхдаа “Мотоциклтой иргэн хамгаалалттай бүсэд нэвтэрлээ” гэсэн дуудлага хүлээн авч очиход улсын дугааргүй мотоцикльтой хоёр залуу байлаа. Тэд “Булган аймгийн Дашинчилэн сумын нутгаас алдсан адуугаа хайж явна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард нутгаасаа гарсан. Улсын хамгаалалттай бүсийн тэмдэг дохио хараагүй болохоор мэдэхгүй ороод ирсэн. Мотоцикль арваад хоногийн өмнө авсан болохоор дугааргүй байгаа” гэж ярьсан юм.

ХБЦГ-ын дарга Ц.Дашпүрэв “Энэ мэт хууль зөрчдөг иргэн маш олон. Бид өдөрт 20-30 хүнийг хамгаалалттай бүсээс гаргадаг. Шууд торгох, хуулийн хариуцлага хүлээлгэх эрх байгаа ч эхний удаад сануулаад өнгөрдөг. Та нарыг ирэх сургаар мэдээлэл сонсчихоод нөхдүүд нуугдчихсан байна. Түүнээс бусад цагт хулгайн анчид энд тэндгүй явдаг” гэж хэллээ. Байгаль хамгаалагчдын ажилд нэгэн том саад байгаа нь ард иргэд тэдний ажлыг ойлгодоггүй, “Монголын газар нутагт хаана явахаа чамаар заалгахгүй” гэж загнадаг гэнэ.

Уг нь амьдрах таатай орчныг нь бүрдүүлээд өгөхөөр бугын тоо толгой үржиж өсөж байна. Гэхдээ сүүлийн хоёр жилд тоо толгой нь буурах хандлага ажиглагдаж буй. 2010 оны зуднаар гэхэд 50 буга хорогдож байсан бол 2017 онд 56 буга хорогдсоны 49 нь хавар эврийн хулгайчдын гарт үрэгджээ. Зудтай жилээс илүү олон буга шуналт этгээдүүдийн гарт амиа алдаж байгаа нь эмгэнэл. Уг нь ясан эвэр бол тийм үнэтэй эд биш. Нэг кг эвэр 80 мянган төгрөг бөгөөд нэг бугынх дунджаар 2-3 кг татдаг. Өөрөөр хэлбэл, 160 мянган төгрөгний төлөө уул усны чимэг болсон халиун бугыг хөнөөчихөж байгаа юм.

Байгаль орчны үнэлгээгээр нэг буга 7.5 сая төгрөгийн үнэтэй. Хохирлыг төлүүлэхдээ энэ тоог хоёр дахин үржүүлдэг. 1986 онд 130 мянган бугатай байсан Монгол орон одоо 6000 бугатай. Үүнээс мянга гаруй нь Хустайн нуруунд бий. Хайрлаж хамгаалахгүй бол халиун буга гэдэг амьтан устаж үгүй болох аюул тулгарч буй дүр зураг харагдаж байна.

Дэлхийд буга олон бий. Харин Орос, Монголд халиун буга устаж байгаа зүйл болон хувирсан гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. 1986 оны 130 мянган буга байгалийн жамаараа өсөн үржсэн бол одоо бид хэдэн бугатай байх вэ? Харамсалтай нь, хайр найргүй хядаж хаврын улиралд эвэр унах цагаар буга маш их хорогдож байна. Тиймээс нэн ховор амьтнаа хайрлаж хамгаалах цаг болжээ.

Байгаль орчноо хамгаалах дэлхий нийтийн хандлага өөрчлөгдөж байна. Зөвхөн нэг төрлийн амьтныг хамгаалах гээд хашаад байх тухай ойлголт биш юм. Эко систем дээр нь бүхлээр нь орчныг нь бүрдүүлж байж хамгаалж, байгалиараа байх юм байна, илүү үр дүнтэй юм гэдгийг бүгд ойлгож эхэллээ. Хустайн нурууны энэхүү 50 мянган га газар үнэхээр яг энэ зарчимд тохирсон газар болж чаджээ.

Б.Бямбасүрэн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 14 цаг 09 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Өчигдөр 14 цаг 05 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ Өчигдөр 14 цаг 00 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна Өчигдөр 13 цаг 54 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо Өчигдөр 13 цаг 36 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв Өчигдөр 13 цаг 27 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн Өчигдөр 13 цаг 14 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Өчигдөр 13 цаг 06 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн Өчигдөр 12 цаг 10 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ Өчигдөр 12 цаг 00 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө Өчигдөр 11 цаг 48 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ Өчигдөр 11 цаг 37 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно Өчигдөр 10 цаг 44 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Уржигдар 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Уржигдар 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Уржигдар 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Уржигдар 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Уржигдар 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Уржигдар 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Уржигдар 16 цаг 11 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Кристофер Ноланы трауматай Одиссей Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд...
Top