Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ханын материалд 3000 айлын орон сууц барих төслийг 20.7 га талбайд хэрэгжүүлнэ.
Орон сууцны барилгыг 2025-2029 онд хоёр үе шаттай барих юм. Эхлээд 12.6 га талбайд 1800 айлын орон сууц, дараа нь 1200 айлын орон сууцыг 8.1 га талбайд барина. Төсөл хэрэгжүүлэх газар дахь 232 нэгж талбарыг чөлөөлөх ажил 90 гаруй хувьтай байна. Ханын материалд барих орон сууц нь худалдаа, үйлчилгээ, спортын төв бүхий цогц хороолол байх юм. Үүний дүнд гэр хорооллын яндан, нүхэн жорлон тус бүр 3000-аар багасах тооцоо гаргажээ.
Нийслэлийн газар нутгийн 88.2 орчим хувийг эзэлдэг гэр хорооллын бүсэд хүн амын 60 орчим хувь амьдардаг. Хотын эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, хүн амын төвлөрлийг сааруулах, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг нэмэхээр Баянхошуу, Сэлбэ, Ханын материал, Хүннү хот зэрэг байршилд цогц орон сууцны төсөл хэрэгжүүлж байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.