x

Атаархлаа шударга ёс гээд ойлгочихсон 10 хувь

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хийсэн 2017 oны нэгэн судалгаа байна. 2018 онд нэг их дээрдсэн гэж бодохгүй байна. Юу гэхлээр Монголын хүн амын дунд тандалтын санал асуулга явуулаад үзтэл 78 хувь нь бухимдалтай явдаг дүн гарчээ. Энэ бол бага биш тоо. Хүн амын дийлэнхи нь. Хэрэв 3 сая хүн амдаа хуваагаад үзвэл лав хоёр саяас элбэг давна. Тэдний 60 хувь нь тайван замаар тэмцэж, төр засагтаа үгээ хэлж бухимдлынхаа шалтгааныг засуулна гэсэн итгэлтэй бол 10 хувь нь маш ноцтой, бүр түгшмээр хариулт өгчээ. Ердөө л галдан шатаана, баячуудын хаусуудыг үнсэн товрого болгоно гэсэн байх юм. Тэр 10 хувийг нөгөө 78 хувьдаа тооцоод үзвэл лав 200 мянгаас давсан хэт даврагчид цагийг анан хорслоо тайлах тэмцэлд босоход бэлэн зэхээстэй явдаг ч юм шиг.

Тээр жил, “2008.07.01” гээч гайт үзэгдлийг тэр дор нь дарж аваагүйсэн бол тэр үймсэн, доргисон, хилэгнэсэн залуус урагшаа “аян”-д гарч, Энх тайвны гүүр даван Зайсан руу чиглэх байсан гэдэгт би огтоос эргэлздэггүй юм. Өмнөхөн нь Киргизэд Бакиевын авилгачин-“ардчилагч” дэглэмийг нурааж түүнийг хөөж явуулахдаа “хяргас” ахан дүүс маань нийслэлдээ төвхнөөд байсан баячууд ба эрх ямбатны хаус, сууц, эдлэн газруудыг хуу тонож, түймэрдэж, үймсэн дүр зураг 2008 оны наадмын өмнө Улаанбаатарт нүүрлээгүй байсан гэж үү хэмээн би боддог юм.

Гэхдээ тэр галдан шатаана хэмээн заналхийлсэн “10 хувь” маань хувийн ба гэр бүлийн явцуу атаархлаа шударга ёсны төлөөх тэмцэл гэж ойлгоод, бүр сүсэглээд итгэчихсэн явж байгаад хэргийн учир, далд аюул оршино.

Монголчууд ардчилсан хувьсгал хийж байхдаа ч, ялуулж байхдаа ч, анхны ардчилсан сонгуулиа хийж байхдаа ч, өлөн зэлмүүн ороо бусгаа цагийг туулж байхдаа ч одоо ч ямагт л шударга ёсыг үгүйлсэн, хүлээсэн. Шударга ёс тогтоочихлоо гээд л УИХ-ын ээлжит сонгуулиар итгэл өгдөг – 1992, 2000, 2016, ямагт МАН ялж үнэмлэхүй олонхи болж байсан сонгуулиуд. Нийлүүлээд тооцоод үзвэл чилийсэн 12 жил. Бусдад нь АН-ынхан бужигнуулжээ гэж тооцъё. Тэр 12 жилдээ шударга ёсоо тогтоохгүй, төр-засгаа зөв сонгохгүй яасан хэрэг вэ гэсэн асуулт ямагт ээрдэг. АН дангаараа засагласан 4 жил л (1996-2000 он) байна. Бусдад нь экс-коммунистууд ямагт оролцсон хамтарсан засаг тогтож байжээ. 

Ингэхэд хэн тэрхүү 78 хувийг чухам бухимдуулаад, гол буруутнаар нь хэн хэн тодроод байгаа хэрэг вэ? Бидний орой дээр засагласан төр-засаг хэмээн бүдүүн тоймоор хариу хэлэхээ ч байчихжээ. Шууд л МАНАН гэсэн нэг мангасыг заачихдаг. Олигархи гээд тодотгол залгачихдаг. МАНАН нь ард иргэдээ тоносон юм уу, ард иргэд нь тонуулсан юм уу, ямар ч л гэсэн тэр галдан шатаах хонзон өвөрлөсөн “10 хувь”-ийн үздэгээр саарал ордны хавьд л үл үзэгдэх, гарт үл баригдах бүлэг хүн байх шиг. Би бол НАМ хэмээх хүн сүрэг гээд нэрлэчихсэн. Буруутнаар нь улс төрийн намын гаж буруу тогтолцоог (гишүүний тоог олшруулах эрүүл бус уралдаан, гишүүний үнэнчийн шалгуур) нэрлэчихсэн. НАМ хэмээх хүн сүрэг төрийн жинхэнэ албыг замруулдаг, завхруулдаг, нэр хүндийг нь балладаг гээд би заачихсан.

Гэхдээ гол буруутан нь яг НАМ ч бас биш юм аа. Гол буруутан нь хүн хэмээн бодгаль биеийг олж төрөөд, ардчиллын жилүүдэд эрх чөлөөтэйгөө залгасан, асар их боломжин дээр суугаа МОНГОЛ ХҮН Та өөрөө гээд би нэрлэмээр санагдлаа. Та бол 28 жилийн турш асар их боломжин дээр зайдлан сууна. Гэм нь 28 жилийн алтан сайхан тэр цаг үеэ үр дүнгүй өнгөрөөлөө. Одоо ч өнгөрөөж байна. Зах дэлгүүр, лангуу, чингэлэг олныг нээж, хэдэн зуун мянгуулаа зах тойрч амьдрахаас өөрөөр 28 жилд овойж оцойтлоо бүтээсэн юм бидэнд өөр юу байна? 

Хүн чинь адгууснаас юугаараа ялгаатай вэ? Сэтгэдэг боддог, хөгждөгтөө байдаг юм. Адгуустай юугаараа адилхан бэ? Иддэг уудаг, баадаг шээдэг, үрждэг, унтдагтаа байдаг юм. Тэгвэл энэхүү 28 жилд адгууснаас ялгарах чанараа бага хөгжүүлээд, адгуустай ижилсэх чанараа түлхүү эрх чөлөөтэй хөгжүүлсэн, эдэлж хэрэглэснээрээ монголчууд дэлхийд товойж харагдах болох нь.

Хорин найман жилд аль ч улс орон, ард түмэн сэвхийтэл босч өндийгөөд, хөгжөөд, хөгжил нь жигдрээд ирдэг юмсанж. Дэргэдээ байгаа тэрбум хол давсан Хятадыг хар. 1990-ээд оны эхээр нээлттэй, ардчилсан улс болоод Та бид Хятад руу аялалд гарсан. Худалдаа өргөн хийсэн, хийж ч байна. Хятадууд тийм олуулаа яаж өөрчлөгдөв? Ердийн хар ухаанаар бод. Гудамжинд нусаа нийдэг, шүлсээ хаядаг, тамхи татдаг хятад хүнгүй болтлоо соёлжиж гэгээрчихжээ. Гэтэл 28 жилд гуравхан сая монголчууд хэр хөгжив? Харьцуулаад үз.

Та нарыг (нөгөө 78 хувь) бухимдуулсан, Та бүхний аж амьдралыг бусниулсан, Монгол Улсыг доройтуулсан, мөнгө хөрөнгө, байгалийг нь ховх сорсон гадаадын гаднын нэг ч улс, хорлон сүйтгэгч байхгүй. Монголчуудыг албадаж шахаж, дарамжталж ядууруулсан, амьдралыг нь түйвээсэн гадаадын нэг ч дайсан түрэмгийлэгч энэ 28 жилд Монголд халдаж орж ирээгүй байна. 

Чухам бид л, Та бид өөрсдөө өөрсдийгөө, өөрийгөө сүйрүүлэн доройтуулж, түүндээ цухалдан боож үхэх гэж яваа нь тэр юм. Та бидний 28 жилийн турш явуулсан шударга сонгуулийн дүнд бүрдсэн тэр төр-засгууд бол Та бидний бүтээл болохоос Төрийн ордон руу “76 нөхөр” дайрч ороод, эсвэл гадаадын дайснууд тавиул маягаар хүчээр очуулсан, эсвэл дайрч ороод суучихсан нэгээхэн ч тохиолдол азаар гараагүй юм. 

Та бидний сонголт- ухаалаг сонголтын байж байгаа төрх нь тэр. Нэгэнтээ сонгуулиар сонгогдоод гараад ирсэн тэднийг галдан шатаах тухай тэр “10 хувь” бодож явдаг бол тэр чинь төрийн эсрэг гэмт хэрэг болно. Тэр шатаагдах заналхийлэлд өртөж яваа гэмгүй, шударга, улс төр-олигархиас хол өчнөөн төчнөөн иргэн, гэр бүл тэр Зайсанд чинь бас байгаа учраас тэднийг гайтуулах хорон санаа өвөрлөвөл бүр эрүүгийн гэмт хэрэг болно. 

Хамгийн энгийн наад захын логик ийм байна: Таны амьдралыг, гэр орныг чинь очиж түйвээсэн нэг ч капиталист, нэг ч улс төрч, нэг ч гадаадын дайсан байхгүй. Та болон Таны амьдралын төлөө Та хариуцлага хүлээнэ. Хариуцлага хүлээнэ гэдэг нь юуны өмнө хэвийн тайван амьдрах нөхцлөө Та өөрөө бүрдүүлнэ. Та өөрөө ажиллана, Та өөрөө мөнгөн хуримтлалтай болно, Та өөрөө өөрийгөө зөв авч явна. Та архидахгүй байх ёстой, Та эрүүл байх ёстой. Товчхондоо бол Та мөнгөтэй байх ёстой. 

Өөрийн буруугаас ядуурсан, архины балгаас амьдралаа үрсэн, залхуу, ажил үл хийгч, ажил гологч, алтан цагаа алдагч, энэ бүхэн чинь нөгөө “10 хувь” гэдгийг бүрдүүлэгч, тэдний өс хонзонгийн үндсэн шалтгаан нь ердөө тэр. Үндсэн шалтгаан нь өөрт нь байна. 

Хувь заяаны эрхшээл гэдэг юм монгол хүнд угаасаа байхгүй болчихсон. Ардчилал бүх хүнийг тэгшитгээд тавьчихсан учраас атаархал, хорсол, бухимдал, тэнэглэл нь хавтгайдаа ил гараад ирсэн, түүнийгээ хаана ч, хэнд ч, хэзээ ч, ямар ч хэлбэрээр илэрхийлэх эрх нь нээлттэй, тэр эрх нь “78 хувь”, түүний “10 хувь” болж илэрч байна. 

Буруутныг тэд зааж нэрлэж чадна, тэгэхдээ хувийн голдуу зовлонгоо тоочно. Төр-засгаасаа боль, одоо тэг ингэ гэдгийг сонсох ч дургүй. Ажил эрхлэх, ардчилал хоёр нь холилдчихсон учраас дураа хүрвэл ажиллана, дургүйгээ хүрвэл хаяна, таслана, тэмцэнэ, босно. Золбирох эрх нь бас тэдэнд бий. Шатгүй уруудах эрх нь бас нээлттэй. 

Тэгэхлээр ийм логик байна: энэхүү “78 хувь”, түүний “10 хувь” өөрсдийгөө өөд нь татах талаар бага ч боловч сэтгээч, өөрийгөө ба үр хүүхдээ хөгжүүлэх талаар бага ч болов ажиллаад үзээч. Үнэхээр хөгжиж болохгүй бол босч тэмцээч, эхлээд өөртэйгөө!

Монголчуудын хамгийн харамсмаар 28 жилийн алдагдал энэ эрчээрээ үргэлжилсээр байх уу? XXI зууны их өрсөлдөөнд сөхөрч унах уу? 

Д.Баярхүү /baabar.mn/ 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Архангайд хиймэл оюун ухаанд суурилсан E-Guide цахим системийг нэвтрүүлнэ 1 цаг 21 мин УНТЭ анх удаа амны хүрцээр бамбай булчирхайн дурангийн мэс засал хийв 1 цаг 22 мин Авлигатай тэмцэх газар нэг долоо хоногт 50 өргөдөл, 164 дуудлага хүлээн авчээ 1 цаг 23 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Индонезид албан ёсны айлчлал хийж байна 1 цаг 24 мин “Хашаандаа таван мод тарья” аян эхэллээ 1 цаг 25 мин Татварын ерөнхий газар жендэрийн гэрчилгээний болзол хангаж, олон улсад тэргүүллээ 1 цаг 26 мин Авлигатай тэмцэх хөтөлбөрийн хэрэгжилтээр СЕХ тэргүүлжээ 1 цаг 27 мин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын институт эрдэм шинжилгээний байгууллага болж өөрчлөгдөнө 1 цаг 28 мин “Эрүүл бяцхан шүд” аяныг эхлүүллээ 1 цаг 29 мин Авлигын эсрэг багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 1 цаг 30 мин Хонины махны үнэ 17 мянга, үхрийн махны үнэ 20 мянга давжээ 1 цаг 31 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилгоор хоёр их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно 1 цаг 31 мин Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх тухай хуулийн төслийг өргөн барилаа 1 цаг 34 мин Засгийн газар 14 мега төслийг хэрэгжүүлж эхэлжээ 1 цаг 35 мин Ноолуурын үнийг тогтворжуулахын тулд 500 тэрбумын вексель гаргаж байна 1 цаг 35 мин Л.Оюун-Эрдэнийн огцрох, огцрохгүйг МАН-ын Бага хурал биш, парламент шийддэг юм 2 цаг 11 мин Ж.Энхбаярын эгдүүцэл Ерөнхийлөгчийн хориг руу хөтлөх нь! 3 цаг 17 мин С.Молор-Эрдэнэ: Ёс суртахууны суурь байхгүй учраас бид үргэлж бие биетэйгээ дайсагнаж, нэгнээ хохироодог 3 цаг 25 мин Huawei “HarmonyOS” үйлдлийн систем бүхий анхны компьютероо танилцууллаа 5 цаг 11 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм (2025.05.21) 5 цаг 12 мин
iИх уншсан
Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөхгүй, оронд нь АН, ХҮН-ыг засгаас ... Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Б.Жаргалан: Либерал арт боловсролын хамгийн том давуу тал нь... Л.Оюун-Эрдэнэ ба МАН Энэ төрийн муу туршилт болгоны бай нь багш нар биш Нара уулын ямаа Д.Энхсайхан: Хамгийн том дарамт бол ажил олгогчид ногдуулдаг... МАН анхан шатны үүрүүддээ төв талбайд сөрсөн жагсаал зохион ... Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллага... Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх а... Өвөр гүнтийн 4.5 км авто замын шинэчлэлтийн ажил эхэллээ Зарим голууд үерийн түвшинг даван үерлэж байна “Эрчим хүч-3” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах ху... “Илүү их уншъя” уриатай 37 дахь удаагийн хаврын номын баяр э... АНУ, Иран цөмийн хэлэлцээр байгуулах магадлал нэмэгдэж, газр... “Дэлхийн шинэ дэг журмын зааг дээрх бүс нутаг, улс орнууд” с... “Хасын Хүлэгүүд” 100 хувийн амжилтаар Азийн аваргуудын лигий... АНУ Орос-НАТО-гийн Зөвлөлийг сэргээх саналыг дэвшүүлжээ Л.Оюун-Эрдэнийн огцрох, огцрохгүйг МАН-ын Бага хурал биш, па...
Top