x

Лу.Болд: Үндсэн хуулийг өөрчлөх нь эцсийн өшөө авалт

УИХ-н гишүүн Лу.Болдтой ярилцлаа.

-Төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг яваад өнгөрчихлөө. Гурав дахь нь бол ёс төдий л болж таарна. Тэгэхээр энэ оны төсөв энэ чигээрээ батлагдах нь ээ дээ?

-Парламентын шийддэг хамгийн чухал асуудал бол улсын төсөв. Парламент байдгийн шалтгаан ч гэж болно. Төсвийн зарцуулалт, хэнд яаж хуваарилах вэ гэдэг маш нарийн асуудал. Тийм учраас парламент үүн дээр цаг гаргаж ажилладаг. Энэ удаа тийм зүйл болсонгүй. Дэгийн хуулиндаа өөрчлөлт оруулаад төсвийн хэлэлцүүлгийг самраад хаячихсан юм байна. Асуудлаас бултаж, булзааруулж байна, аргалж, дарамталж байна. Бүх юмыг ажлын хэсэг нэрийн дор нуугаад өнгөрч байна. Ажлын хэсэг бол параламент биш л дээ. Энэ удаагийн төсвийн хэлэлцүүлэг хуулиа зөрчсөн, ардчиллын зарчмыг зөрчсөн, Үндсэн хуулиа зөрчсөн маш буруу жижиг тогтоолоо. Энэ парламентын хар хуудас болж түүхэнд үлдэх нь ээ гэж харж байна.

-Төсвийг ил тод биш, битүү хатуу баталдгийн булхай өнөөдөр ил гарч байна. Жижиг дундын зээл нэрээр тэрбум, тэрбумаар нь гишүүд өөрсдөө аваад идчихсэн байна шүү дээ?

-Түрүүчийн Засгийн газар огцорсон шалтгаан ч бас энэ. Хэдэн зуун тэрбумын концессийг гуравхан сайд хуваагаад авчихсан. Энэ удаа олон тооны гишүүд нь тэрбум тэрбумаар нь хумсалсан байна. Ирэх онд ч гэсэн энэ оныхоос дутуугүй мөнгө тавьсан байлгүй. Би ч бас УИХ-ын гишүүд юугаар амаа үдүүлчихээд, яагаад үг дуугүй олонхиороо түрээд байна, ямар хөшүүрэг байна вэ гэж гайхаад байсан юм. Тэр нь ЖДҮ-ийн санхүүжилт юм байна л даа.

-Энэ удаагийн төсвийг яалт ч үгүй сонгуулийн хуультай холбоотой гэж бодож байна. Жижиг 76 тойргийн гай гарч байгаа юм биш үү?

-Тойргийг ядаж томсгох хэрэгтэй. Тэгвэл бүс нутгийн, орон нутгийн хөгжил гарч ирнэ. Наад зах нь 24, эсвэл 10 тойрогтой байсан бол төсвийг ингэж жиргэж, жижиглэж үрэн таран хийхгүй.

-Ядаж л 300 суманд 300 сургууль эхлүүлээд гурван жил дамнуулж барьж байхаар жилд 100 сургуулийн барилга бариад ашиглалтад өгчихөж болдоггүй юм уу?

-Тойргийг томсгож байж л үүнийг хийнэ. Тойргоо жижигсгэчихээр бүгдээрэнд нь тал сургууль ноогдож байна. Тэгээд талын талласаар байгаад 3-4 жил барьж байна шүү дээ.

-Тэгвэл төсвийн хэлэлцүүлгийн дараа энэ парламентын хамгийн түрүүнд ярих ёстой зүйл сонгуулийн хууль юм биш үү? Жижиг тойргоос гарч ирсэн хүмүүс эргэж сонгогдохоо бодоод ярихгүй л байх даа?

-Жижиг тойргоос сонгогдсон хүмүүс тийм алдаа хийдэг. Тойрогтоо таарсан жижиг жижиг хөрөнгө оруулалт хийгээд, түүгээрээ сонгогчдын саналыг худалдаж авна гэж боддог. Тийм үе байсан, одоо цаг үе өөрчлөгдсөн гэдгийг ойлгох ёстой. Одоо бол бэлэн мөнгө тараагаад ч сонгогдохгүй. Тэгэхээр дахиад нөгөө сонгууль луйвардах руугаа орно л доо. Сонгуулийн автоматжуулсан системээ бусниулаад хаячихлаа шүү дээ.

-Сүүлийн сонгуулийг автоматжуулсан системээр явуулсан биз дээ?

-Түүнд нь луйвар орсон учраас нуух гээд бүх машинаа устгачихсан байна. Ирэх жилийн төсөвт мөнгө нь батлагдаагүй учраас сонгуулийн өмнө дахиад тийм үнэтэй техник авах бололцоо байхгүй. Тэгэхээр эргээд “Хуучнаараа явья” л гэх байх. Дахиад ийм хяналтгүй сонгууль болбол ард түмэн босно, дахиад “долдугаар сарын 1” болно. 

-1992 оны парламентад Дамдин гэж хүн байсан, тантай нэг танхимд сууж байсан. Барааны саван тараасныхаа төлөө огцорч байлаа. Одоо манай гишүүдэд тийм ёс зүй алга гэж ярьдаг. Энэ түүх үнэн үү?

-УБХ-ын гишүүн байсан, хуульч хүн. Хуучин нийгмийн тогтолцоо, муу муухайг дотроос нь мэддэг байсан учраас их хурцаар шүүмжилдэг байсан. Бид бол гаднаас нь харж байсан, гудамжнаас орж ирсэн залуучууд нарийн ширийнийг нь мэдэхгүй шүү дээ. Мань эр бол дотроос нь мэддэг учраас муу муухайг нь сайн ч уудалдаг, шүүмжилдэг, их ч дайчин хүн байсан. Тэр хүн “Тойргийнхоо сонгогчдод барааны саван тараасан” хэргээр огцорсон. Үнэхээр тараасан ч юм уу, үгүй ч юм уу. Гэнэт л нэг өдөр байнгын хороогоор оруулаад чөлөөлөөд явчихсан, урьдаас төлөвлөөд бэлтгэчихсэн байсан. Таалагдахгүй хүндээ хэрэг тохоод зайлуулдаг даа. Тийм л зүйл харагдсан.

-Хорьдугаар тогтоол гарсны дараа дэлгүүрээс бараа авсан нь ч гэсэн үү?

-Дэлгүүрээс магнитофон авсан л гэдэг юм. Маргааш нь төгрөгийн ханшийг хоёр дахин унагана гэж байхад Дамдин гуай байтугай өчнөөн хүн магнитофон байтугай л юм авсан байлгүй.  

-Байнгын ажиллагаатай парламенттай болсноос хойш найман удаагийн сонгууль явагджээ. Гэтэл парламентын чадавх, чадамж өмнөхөөсөө улам бүр дордоод байна уу гэж харагдаад байна. Яах вэ, энэ удаагийн парламентыг 2000-2004 оны парламенттай харьцуулж нэг болох юм. Парламентын чадамж муудаад байгаа нь юунаас болж байна вэ? Хүнээсээ юу, хуулиасаа юу, эсвэл тогтолцооноосоо болоод байна уу?

-Хүнээсээ болж байна. Хүний чанар улам муудаж байна. Хүний чанар яагаад муудаж байна гэхээр улс төрийн нам, сонгуулийн тогтолцоо хоёроосоо болж байна. Улс төрийн нам бол хамгийн шилдэг, хамгийн чадвартай хүмүүсээ дээш нь гаргадаг механизм. Тэгж байж улс орноо хөгжүүлдэг. Гэтэл одоо хамгийн болж бүтэхгүй хүмүүсийн өгсдөг шат болж хувирлаа. Цүнх барьдаг л гэнэ, нөгөө “долоогийн тоотой” ч нөхөд байна...

-Бөгс долоодог, ул шагайдгийг хэлж байна уу?

-Яг тийм. Мафийн тогтолцоо, механизд үйлчилдэг л хүмүүс болж хувирлаа шүү дээ. Үндсэн хуульт ёс, тусгаар тогтнолын эсрэг урт хугацаанд төлөвлөсөн хуйвалдааны том төлөвлөгөө хэрэгжиж байна. С.Зоригийн аллагаас эхлээд Үндсэн хуулийн өөрчлөх хүртэлх бүх үйл явдал ямар нэг сэжүүрээр холбоотой, хэн төлөвлөсөн нь хамаагүй. С.Зоригийн хэрэг Монголын нийгмийг орвонгоор нь эргүүлсэн. Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлт Монголын парламентыг орвонгоор нь эргүүлсэн. Одоо гүйцээж сүйрүүлэх ажиллагаа нь “Үндсэн хуулийн өөрчлөлт”, “Төрийн тогтолцоо болохгүй байна” гэдэг үлгэрийн дор явж байна. Энэ ард түмнийг нэгмөсөн дуусгах нь л дээ.

-Ерэн онд зорьж эхлүүлсэн арчиллынхаа үр шимийг үзэж чадалгүй замаасаа буцахаар нөхцөл байдал бий болчихлоо шүү дээ?

-Ерэн оноос өмнөх рүүгээ буцна. Буцах буцахдаа бүр улам дордох байдал руу явж байна. Ерэн оноос өмнө бидэнд хувийн өмч байсангүй. Эрх мэдлийн ялгаа асар их байсан ч ядаж л баян хоосны ялгаа бага байлаа. Сайн ч, муу ч тухайн нийгэмдээ тохирсон үзэл санаа, идеологи гэж юм байлаа. Христосын шашнаас авахуулаад бүх үзэл сурталд хүний нийгэмд байх ёстой ёс суртахууны хэм хэмжээнүүд байсан. Худлаа хэлж, хулгай хийж болохгүй гэх мэт. Одоо бүгд байхгүй болж байна. Мафи маягийн тогтолцоо, айдас хүйдсээр бүгдийг удирдаж болно гэсэн тийм л идеологитой улс болох нь л дээ.

-Тэр урт хугацааны төлөвлөгөөг хэн гаргаж ирээд хэн биднийг удирдаад байгаа юм бэ? Манайхан болохоор “Орос тэглээ, Хятад ингэлээ”, эсвэл хаа байсан Америк руу заачихаад өөрсдөө гэмгүй үлдээд байдаг шүү дээ?

-Бид өөрсдийнхөө бурууг дандаа бусад руу заадаг. Өөрсдийнхөө бий болгосон муу муухайг Үндсэн хууль руу заадагтай яг адилхан. Ямар ч нийгэмд тухайн нийгмийнхээ сул талыг ашиглах, эрх мэдлээ зузаатгах, ёс бус хүслээ гүйцэлдүүлэх гэсэн бүлэглэл байдаг. Тэр бүлэглэл энд, манайд байгаа. Ерэн онд балчир байсан байх. Бид өөрсдөө тэр хувалзыг тэжээсээр байгаад одоо Монголыг тэр чигт нь бүрхчихлээ шүү дээ.

-Та бол 1992 онд Үндсэн хууль батлалцсан хүмүүсээс энэ танхимд сууж байгаа цөөхөн хүний нэг. Нэг нь Д.Лүндээжанцан гишүүн. Үндсэн хуулийг өөрчлөх дээр та ямар бодолтой явдаг юм?

-Маш том, эсрэг байр суурьтай явдаг. 1990 оны ардчилсан хувьсгал бол Монголын ард түмний хамгийн том ололт. Магадгүй Чингис хаанаас хойших түүхэн дэх хамгийн том ололт. 1921 оны ардын хувьсгал ч ололт байсан, гэхдээ тэр үед бид тусгаар тогтнолоо 100 хувь олж чадаагүй. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал ч ялгаагүй. 1990 оны ардчилсан хувьсгал бол Монгол Улс тусгаар тогнолоо бүрэн авсан ололт, үр дүн нь энэ Үндсэн хууль. Тиймээс Үндсэн хууль руу хийж байгаа дайралт бол Монголын ард түмний хамгийн том бахархал руу хийж байгаа дайралт. 2000 оны дордуулсан долоон өөрчлөлт дайсны маш том ололт байлаа. Маш том өшөө авалт хийгдэж байна. Эцсийн өшөө авалт нь энэ Үндсэн хуулийн өөрчлөлт болно шүү. Их удирдагчаа дээрээ залж аваад ард түмнээ дарлах, мөлжих, үйлийг нь үзэх тийм л тогтолцоо руу явна. Үндсэн хуулийг өөрчилнө гэдэг бол тийм л зорилготой хөдөлгөөн.

-Үндсэн хуульд муу нэр зүүлгэхэд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн нь Үндсэн хуулийн Цэц гэдэг байгууллага. Тийм үү?

-Цэцэд Үндсэн хуулиа хамгаалах хамгийн том эрхийг өгсөн. Гэтэл Цэц маань энэ ажлаа хийдэггүй, хийвэл буруу хийдэг, Үндсэн хуулиа гуйвуулдаг байгууллага болчихоод байна.

-Юунаас болоод?

-Хүнээсээ болж байгаа юм. Н.Совд гуайн үед Цэц мундаг байлаа. Сүүлдээ Цэцээ улам сулруулаад, улс төржүүлээд, захиалгаар хүмүүс оруулаад явсан. Цэц нь сулрахаар парламент нь сулраад “Парламент ч тоглоомынх, Цэц ч тоглоомынх” гэдэг итгэл үнэмшил иргэдийн дунд бий болсон болсон. Хэрвээ бид Улс төрийн намын хуулиа сайжруулаад, намаасаа улбаалаад төрийнх нь тогтолцоо бэхжээд явчихвал Цэц ч гэсэн хүн болгоны шүтдэг, дээдэлдэг байгууллага болно. Тэр хэмжээнд тохирсон, тэнцсэн хүмүүс тэнд очиж сууна, бас тийм шийдвэр гаргана.

-Ер нь Үндсэн хуульд засвар хэрэгтэй гээд байгаа аль нэг зүйлтэй нь та санал нийлдэг үү? Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хасах, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх гэх мэт. Эсвэл яг энэ хэвээрээ цаашаа явах ёстой юу?

-Эхлээд дордуулсан долоон өөрчлөлтөө аваад хаячихвал Монголын төрд нэг хэсэг ойлгомжтой байдал бий болно. Түүний дараа цаашаа явах хэрэгтэй, жаахан жаахан засвар хийж болно. Ихэнх нь бол хуулиараа засаад явчих юмнууд байгаа. Заавал Үндсэн хуульдаа гар хүрэх албагүй. Анх бид Үндсэн хуулийг боловсруулахдаа Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байхаар хийсэн. Тэгэхэд АИХ-ын 460 депутат ёстой нийтээрээ жадлан эсэргүүцсэн. Тийм юм байхгүй шүү, төрийнхөө тэргүүнийг ард түмэн өөрөө сонгодог байх ёстой гэсэн. Тэгээд бид бууж өгсөн, тэрний төлөө маш том зөвшилцөл явсан. Тухайн үед би “Маш том ухралт боллоо доо” гэж бодож байсан. Одоо эргээд харахад ардчиллын маш том баталгаа байсан байна. Хэрвээ Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байсан бол нэг намын, Ерөнхий сайдын тоглоом л болох байж. Ард түмнээс эрх авсан хүн чинь ядаж л парламент, Засгийн газартаа хяналт тавиад явна шүү дээ.

-Хүсвэл хяналт тавина, хүсэхгүй бол нийлээд явна, эсвэл бүр хяналт тавьж байгаа нэрийн дор зогсоож гацааж болдог дүр зураг харагдаад байна аа?

-Тиймэрхүү зүйл дээр нь Үндсэн хуулийнхаа үзэл санааны дагуу хуулиар хязгаарлалт тавиад явах ёстой. Хэн Ерөнхийлөгч болсноосоо хамаараад Ерөнхийлөгчийн институт дээр хэрэгтэй хэрэггүй баахан эрх мэдэл овоолсоор байгаад юу ч биш болгоод хаячихлаа л даа. Үндсэн хуулийнхаа үзэл санаа, сонгодог утгаараа явсан бол хэзээ ч ийм юм руу орохгүй. Жишээ нь, Тайландад иргэний дайн болох гээд ирэнгүүт энгийн үед ямар ч үүрэггүй байдаг хаан орж ирээд төрийн тэргүүнийхээ үүргийг шууд гүйцэтгэж байгаа биз дээ. Бусад үед нь ард түмнээ баярлуулдаг, гавьяа шагнал тараадаг, гадаадад улс орноо төлөөлдөг, Засгийн газартаа тусалдаг тийм л алба шүү дээ. Ард түмний эв нэгдлийн билэгдэл. Тэрийг бид улс төрийн жижигхэн хор, намуудын өрсөлдөөн дунд хийгээд жижиг сажиг юм руу чирээд оруулчихлаа.

-Саяын парламентын үед ухарсан буцсан хуулиудыг ярихаа болье. Сонгуулийн хуулийг жишээ нь АН эрх барьж байхдаа баталсан шүү дээ. Яагаад?

-Дордуулсан долоог ч гэсэн манай намынхнаар хийлгэсэн шүү дээ. Яаж хийлгэсэн гээч.

-Яаж?

-Гурван Засгийн газрыг бидний гараар унагасан. Бидний гараар ардчиллыг гутаалгасан. Биднийг дунд нь хагалаад, зориуд үймээн тарьж, хамгийн үл бүтэх хүмүүсийг нь барьцаалж байгаад биднээр дордуулсан долоог хийлгэх гэж оролдсон. Түүхэнд “АН үүнийг хийсэн” гэж үлдэх ёстой байсан байхгүй юу. Бүлгийн шийдвэр гаргуулаад, хүн болгон дээр нэг ажиглагч тавиад санал хураалтанд оруулж байсан. Тэр бол Монголын түүхэнд парламентын гишүүний эрхийг зөрчсөн анхны тохиолдол болсон. Жинхэнэ хүчирхийлэл байсан. С.Зоригийн аллагын дараа, сонгуулийн өмнө шүү дээ. Тэр нь үнэхээр хэрээс хэтэрсэн явдал байсан учраас Ерөнхийлөгч ч хориг тавьсан, Цэц ч хүчингүй болгосон. Тэгэхээр сонгуулийн дараа 72-уулаа гарч ирээд, бүх хүлээс нь тайлагдаад өөрсдөө хийгээд явсан л даа.

-1996-2000 онд “Ардчилсан холбоо эвсэл” олонхи, 50 сайдалтай байсан үе. Эрх баригч улс төрийн хүчинд хэн тэгж хүч хэрэглэж чадах вэ?

-Тухайн үед цөөнх байсан хүчин, тэдний ард зогсож байсан бүлэглэл. Улс төрийн эрх мэдлээ алдсан ч гэсэн хуулийн байгууллагуудаа бүгдийг гартаа барьж байсан учраас бүгдийг нь айлгаад, дарамтлаад, цагдаад дуудаад явсан. С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор байж болох бүх хэргийг зохиогоод, бүгдийг нь барьцаалчихсан. Казиногийн хуулийг батлахад санал өгсөн, хүлээн авалтанд оролцсон бүх хүнийг буруутгасан. С.Зоригийн хэрэг гэдэг аймшгийг бий болгоод, ийм маягаар бүх хүнийг удирдаад, сонгуулиас өмнө засгийн эрхээ авчихсан байлаа шүү дээ. Тэгээд сонгуулиа өөрсдийнхөөрөө хийгээд 72 суудал авсан. Өөр намаас хэн ч гарах бололцоогүйгээр хийсэн. Эрх биш Ж.Наранцацралт хэлмэгдсэн Ерөнхий сайд учраас өөрийнхөө аймагт очоод ганцаараа гарсан.

-Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаах ажлыг ч гэсэн та нарын гараар хийлгэсэн биз дээ? Эсвэл үгүй юу?

-Хичнээн гишүүний ойр дотнын хүмүүсийг барьж, хорьж, шахаж шаардаж, хэвлэлээр нэр төрийг нь гутааж байсныг та нар санаж байгаа биз дээ. Арга нь бол хэвээрээ. Дараа нь гарсан сонгуулийн үр дүнг хар. Бид яаж ч унаад 20 хүн дээр унах ёстой доо. Гэхдээ 2000 онд нэг гишүүнтэй байсныг бодоход одоо найм, есөн хүнтэй сууж байна. Тэгэхээр яаж ч бодсон ард түмний дархлаа сайжирч байна аа л гэсэн үг.

-Одоо бол хууль, хүчний байгууллага 100 хувь МАН-д байгаа, үнэмлэхүй олонхиор эрх барьж байгаа тохиолдолд цөөнх юу ч хийж чадахгүй нь ээ гэж ойлгож болох уу?

-60 тэрбумын хэрэг дээр АТГ яаж ажилласныг харсан биз дээ. Өөрсдөө эвлүүлэг хийгээд шүүхэд шинжлүүлсэн л байхгүй юу. Оригинал бичлэгээ аваад нуучихсан. Тэгэхээр нөгөө байгууллага нь “эвлүүлэг байна аа” л гэнэ биз дээ. Үүнийг одоо хэн шалгах юм. Доржзовд бол яалт ч үгүй эх хувиар нь АТГ-т аваачиж өгсөн байдаг юм. Тэртэй тэргүй интернэтэд тавигдчихсан бичлэгийг нуугаад яах юм.

-Тэгэхээр интернэтэд тавигдсан бичлэг эх хувь байх нь ээ?

-Тийм. Тэрийг эвлүүлээд шүүхийн шинжилгээнд өгсөн байдаг юм.

-У.Хүрэлсүхийн Засгийн газар “60 тэрбум”-тай хариуцлага тооцно, энэ хэргийг шийднэ гэж гарч ирсэн. Гэтэл жил гаруйн хугацаа өнгөрөхөд энэ хэрэг шийдэгдсэнгүй. Одоо Засгийн газартай хариуцлага ярих ээлж юм биш үү?

-Ерөнхий сайд бол шударга ёсны төлөө Үндсэн хуулийн өмнө тангараг өргөсөн хүн. Хууль ёсыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Хэрэгжүүлж чадахгүй бол өөр дээрээ хариуцлагыг авах ёстой. Тиймээс АН-ын бүлэг Ерөнхий сайдад шаардлагаа өгчихөөд байна. Хүнд эхлээд үүргээ биелүүлэх боломжийг нь олгох ёстой. Хэрвээ биелүүлж чадахгүй бол хариуцлага ярьж болно.

-Та Хүний эрхийн дэд хорооны гишүүн. Хүний эрхийн дэд хороо яагаад ажлаа хийхгүй байна вэ? Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд нэг удаа хуралдсан уу?

-Нэг ч удаа хуралдаагүй. Ажиллахгүй биш ажиллуулахгүй байна. Хүний эрх гэдэг бол хүн бүрийн эрх. Хүн бүрийн эрх нийлж байж нийтийн эрх ашиг болдог. Үүнийг боомилж хязгаарлаж, унтуулж байгаад энэ хооронд хамаг муу муухай юмаа хийж авах, Монголд нутагшуулах бодлого явж байна. Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгохгүйгээр бүтэн жил явлаа шүү дээ. Өмнөх дарга нь сайд болоод явчихсан, нэг ч удаа хуралдуулаагүй. Шинэ даргаа сонгох гэж жил шахам хүлээлээ.  

-Тэгвэл сөрөг хүчин яагаад дуугарахгүй байгаа юм?

-Дуугарч байгаа. С.Зоригийн хэрэг дээр дуугарч байна, турк багшийн хэрэг дээр дуугарч байна. Хүний эрхийн ямар л асуудал байна, тэнд бид дуугарч байна. Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах хууль өргөн бариад араас нь хөөцөлдөж байна. Хорих байгууллагад хоригдож байгаа хүмүүсийн асуудал, эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал дээр дуугарч байна.

-Өнгөрсөн намар шинэ Ерөнхийлөгч гарч ирээд цаазын ялыг бараг л сэргээхээ шахсан. ХЭҮК хүүхдийн хүчирхийллийн асуудлаар мэдээлэл хийгээтэхсэн чинь шууд цаазын ял руу явчихсан?

-Одоо ч гэсэн тийм санал яваад л байгаа. Үүнийг хэлэлцэх нь бол буруу биш. Аливаа нэг юмнаас татгалзахын тулд бүгд нийтээрээ “зөв” гэж хүлээн зөвшөөрсөн итгэл үнэмшилтэй байх ёстой. Жишээ нь бүх нийтийн санал асуулгаар шийддэг нэг асуудал энэ байж магадгүй.

-Тэгвэл таны хувьд?

-Би бол ямар ч тохиолдолд цаазын ялын эсрэг байдаг. Монгол Улс маш олон хүнээ хилсээр цаазалсан. 30-40 мянган хүнээ хэлмэгдүүлж цаазалчихаад одоо дахиад цаазална гэж ярьдаг төр байж болохгүй. Хамгийн адгийн шаар болсон 10 хүнийг цаазаллаа гэхэд түүн дотор нэг л гэмгүй хүн хилсдэж болно шүү дээ.

-Тийм учраас “нэг хүнийг хилсээр цаазлахгүйн тулд 10 гэмт хэрэгтний амийг хэлтрүүл” гэж үү?

-Гэм буруутай 10 хүнд бүх насаар нь хорих өгөхөд түүн дотор байгаа нэг л гэм зэмгүй хүний амьдралыг аварч байгаа хэрэг. Хоёрдугаарт цаазын ял хэзээ ч шударга ёсыг тогтоодоггүй. Монголын иргэн Ш.Алтантуяаг алсан гүйцэтгэгч нь Австрали руу гараад явчихсан. Малайз цаазын ялаа халчихвал тэр хүн Малайздаа ирээд шорондоо сууна. Шударга ёс тогтож байгаа биз. Гэтэл цаазын ялтай байгаа нь тэр хүнд хамгаалалт болчихоод байна. Австрали улс “Танайх цаазын ялтай учраас” гээд тэр хүнийг гаргаж өгөхгүй. Хэрвээ манайх цаазын ялтай болчихвол цаазын ялтай хэрэг хийсэн хүмүүс бүгд гадаадад гараад явчихна. Социализмын үед бол гарч чадахгүй эндээ цаазлуулдаг байсан байх. Одоо бол хэргээ хийчихээд л гараад явчихна. Нөгөө улс нь манайд өгөхгүй. 

-Цаазын ялын гүйцэтгэл дээр ч бас хүмүүс эргэлзээтэй ханддаг. Нууц, далд байдаг учраас заримыг нь гүйцэтгэдэггүй байх, заримыг зориуд маш хурдан гүйцэтгэдэг байх гээд?

-Хамгийн аймшигтай нь хамгийн ядуу хүмүүс л цаазлуулдаг. Аль ч улсад тийм. Мөнгөтэй хүн хэзээ ч цаазлуулдаггүй. Хамгийн мундаг хуульчдыг аваад ямар нэг аргаар амь өршөөгддөг. Тэгэхээр цаазын ял шударга ёсыг тогтоодог гэдэг худлаа байгаа биз.

-“Гэр хороолын барилгажилт”-ын Ц.Түмэнгэрэл цаазлуулсан болов уу?

-Одоо болтол тэр эргэлзээтэй. Нөгөө талаас хүн алсан болгоныг цаазлаад байж болохгүй шүү дээ. Өш хонзон байсан байж болно, нөгөө хүн нь илүү муу юм хийсэн байж болно. Түүнийг тийм хурдан тогтооно гэж байхгүй. Тиймээс цаазын ял онооход хүрвэл гүйцэтгэх хугацааг нь дор хаяж 10 жилээр тавьж өгөх хэрэгтэй. Тэр хооронд ямар ч шинэ юм гарсангүй, эргэлзээ байхгүй байна аа гэсэн үедээ цаазлах ёстой. Манай Үндсэн хуулийн амин сүнс нь хүний амь. Хүний амийг хамгаалахын тулд маш сайн хуулийн хаалт хийж, олон талаас нь бодож, долоо хэмжиж нэг удаа огтлох ёстой. Тэгэхгүй бол бүх эрх мэдлийг нэг хүн гарт өгөөд, тэр нь дуртай хүндээ хэрэг зохиогоод цаазлах нь байна шүү дээ. Одоо хэрэг зохиох шиг амархан юм алга. Хүний амийг тийм эрсдэлд оруулж болохгүй. Амьд байхад хэргийн учир олдоно оо. Дөчин мянган хүний сүнс харж байгаа шүү дээ.

-Ерөн оноос хойш АН хоёр удаа эрх баржээ. Энэ хугацаандаа хуулийн байгууллагаа барьж чадсан юм уу?

-Хуулийн байгууллагыг удирддаг тусдаа гар аль ч намын үед байсан, одоо ч удирдаад л яваа шүү дээ. Улс төрийн намын хуулиа, сонгуулийн хуулиа засч, парламентаа чадавхижуулж байж энэ асуудлын ард гарна. Өөр арга байхгүй. Парламент нь ийм эмзэг байхад ямар ч хуулийн систем үйлчлэхгүй. Эрх барьж байгаа намынх нь гишүүд хүртэл ЖДҮ-ийн зээл гэдэг юмаар барьцаалагдчихсан байна шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • 76 дотроо арай дөнгүүр нь
    2018 оны 10 сарын 30 | Хариулах
  • Zochin
    Lu Boldoo chi zarimdaa shudraga yum shig haragdah yum yag unendee chi tednees yamarch yalgaa alga. Il todorhoi eh ornoosoo uravsan gazar nutgaa gadniihantai huivaldaj zarsan undestnii esreg gemt hereg hiisen humuusiig ochiggui tsaazlah heregtei. Chinii yariad bgaa aahar shaahar gants neg hunii ami yahav Mal mini
    2018 оны 10 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Олимп, дэлхийн аваргын медальтнууд ХӨСҮТ-д 12 сая төгрөг хандивлалаа 10 цаг 35 минутын өмнө Архангайчууд ардчиллыг багаар нь дэмжинэ 15 цаг 13 минутын өмнө Да…Да…Даваадоржийн Ганболд 15 цаг 38 минутын өмнө Дахин 5 иргэнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 191 боллоо 17 цаг 44 минутын өмнө МАН “хүчээ нэгтгэж” аваад манийгаа дахин хөнтрөх гэнэ 19 цаг 16 минутын өмнө АНУ дахь эсэргүүцлийн хөдөлгөөнд ОРОСЫН ТАГНУУЛ байгааг олж илрүүллээ 19 цаг 56 минутын өмнө А. Лукашенко засгийн газраа огцрууллаа 20 цаг 0 минутын өмнө Москва ялалтын баярын парадад 19 орны дайчдыг урьжээ 20 цаг 3 минутын өмнө ДЭМБ: Коронавирусийн хоёр дахь давалгаа АЙМШИГТАЙ байна гэж анхаарууллаа 20 цаг 5 минутын өмнө НАРТАЙД... 20 цаг 7 минутын өмнө С.Гантогоо: Монгол хүний авьяас билгийг төрийн бодлогоор дэмжээд өгвөл дэлхийд гарах боломжтой 20 цаг 13 минутын өмнө Байгаль хамгаалагч нар ховор амьтдыг хамгаалах тоног төхөөрөмжтэй болов 20 цаг 52 минутын өмнө Улаанбаатарт өдөртөө 25-27 хэм дулаан 21 цаг 8 минутын өмнө М.Золбаяр: Хичээлдээ дургүй, өөртөө итгэлгүй болсон сурагчид код бичсэнээр урам зоригтай болдог 21 цаг 11 минутын өмнө Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн. 21 цаг 12 минутын өмнө Хүрээлэн буй орчныг хамгаалах өдөр 21 цаг 14 минутын өмнө Баруун болон төвийн аймгуудын нутгаар аадар бороо орно Уржигдар 16 цаг 23 минутад Foreign Policy: Цар тахлын дараах хүйтэн дайны явцад америкчууд Европыг алдана Уржигдар 16 цаг 11 минутад Ардчилсан намаас УБЕГ-т сонгогчдын нэрсийн жагсаалтын асуудлаар шаардлага хүргүүллээ Уржигдар 15 цаг 59 минутад Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын засварыг энэ сард эхлүүлнэ Уржигдар 15 цаг 50 минутад
iИх уншсан
МАН “хүчээ нэгтгэж” аваад манийгаа дахин хөнтрөх гэнэ Д.Эрдэнэбат: Аливаа юм үнэнээрээ байх шиг үнэ цэнэтэй зүйл ү... Чингэлтэй дүүрэгт “Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” үү... Х.ТЭМҮҮЖИН: Эрх мэдэлтнүүд нь иргэдтэйгээ нэг адил хуулийн д... Эдийн засагч, санхүүчид УИХ-д бодлого тодорхойлно "Хар Пиар" хар мөртэй л байдаг юм шүү, дүү нар минь! Дэлхийг өөртөө нээсэн нэр дэвшигч хэрэгтэй! Хэрэв энэ хотод усан парк байсан бол... Жинхэнэ шарк, Шоуны шарк Ч.Мангалжалав: ШУТИС дэлхийн шилдэг 1000 их сургуулийн нэг б... Дотооддоо тав тухтай, зөв аялцгаая Төмөр хүний бээлийг бодит болгожээ Александр Лукашенко хувьсгал хийхийг зөвшөөрөхгүй гэв Б.Цэрэнчунт: 17 настай охины биеийг хүчээр үнэлүүлж байсан т... Бонд тойрсон болчимгүй улс төр Н.Мөнхсоёл: Нэг ч гэсэн зүйлээрээ хүнд хэрэгтэй байхыг хүсдэ... АН 100 саяараа зодуулаад, МАН тэрбумаа оймсондоо хавчуулаад ... Ш.Тэргэл: Зургадугаар сард олон жилийн дунджаас дулаан байна... АН-ын "3х3" Төв аймагт сурталчилгаагаа эхлүүллээ ДЭМБ: Коронавирусийн хоёр дахь давалгаа АЙМШИГТАЙ байна гэж ...
Top