x

Тархи яагаад баримтанд дургүй вэ?

Интернэтээс нэг нийтлэл олж уншаад их гүнзгий сэтгэгдэл төрж, бусадтай хуваалцмаар санагдав. “Why Facts Don’t Change Our Minds” хэмээх уг нийтлэлийг Пулицерийн шагналт сэтгүүлч бичсэн нь “New Yorker” сэтгүүлийн 2017 оны шилдэг 10-ын нэг болсон ажээ. Гэхдээ нийтлэл маань нэлээд урт бөгөөд америкийн улс төр, Трамп уруу чиглэсэн өнцөг г.м. бидэнд сонирхолгүй зарим хэсгийг танаж, жаахан хураангуйлж орчуулах гэж хичээлээ.

1975 онд Стэнфордын судлаачид төгсөх ангийн оюутнуудыг нэгэн туршилтад хамруулжээ. Амиа хорлогчдын үлдээсэн жинхэнэ зурвасыг хуурамчаар зохиож бичсэн зурвасаас ялгах даалгавар оюутнуудад өгөв. Жинхэнэ зурвасууд нь Лос Анжэлэсийн тойргийн цагдаагаас авсан бодит текст аж. Улмаар зарим оюутны гоц авьяас нээгдэж, 25 зурвасаас хориос илүүг нь ялгаж танив. Харин нөгөө хэсэг оюутан нь 25 зурвасаас арваадыг нь л зөв таажээ. Энэ бол туршилтын эхний хэсэг. Харин туршилтын дараагийн хэсэгт оюутнуудад үнэнийг нь хэллээ. Судлаачид оюутнуудыг худлаа дүгнэсэн ба үнэндээ бүгд ялгаагүй үр дүн үзүүлсэн байжээ. Ингээд эцэст нь судалгааны хамгийн гол зорилго болох “Чи үнэндээ яг хэдийг нь зөв таасан гэж бодож байна?” хэмээх асуултанд оюутнууд хариулав. Гайхалтай нь гоц авьяастан гэж “хошгоруулсан” оюутнууд лавтайяа талаас илүүг нь зөв таасан гэдэгт итгэсэн төдийгүй тархинд нь аль хэдийнэ өөрсдийгөө бусдаас онцгой гэсэн итгэлийн оч үлдчихсэн байлаа. Эсрэгээрээ тааруухан гэж дүгнүүлсэн оюутнууд “талыг нь ч зөв таагаагүй байх” гэсэн гутранги бодолтой үлджээ. Сэтгэгдэл мэдлэгээс ч хүчтэй байгаа нь судлаачдыг дуу алдуулав.

Хэсэг хугацааны дараа Стэнфордынхон дахиад иймэрхүү судалгаа явуулав. Эхний бүлэг оюутанд аюулгүйн ажиллагааг ягштал баримталдаг, үүнийхээ ачаар ямар ч алдаа гаргадаггүй, шилдэг гал сөнөөгчийн тухай мэдээлэл тарааж өгөв. Харин хоёр дахь бүлэг оюутанд тун хойрго, хэлэхээс нааш хөдөлдөггүй, их аймхай учраас аюулгүйн ажиллагааг ягштал баримталдаг “бүтэлгүй” гал сөнөөгчийн мэдээлэл тараав. Оюутнууд гал сөнөөгчидийн мэдээлэлтэй гүйцэт танилцсаны дараагаар судлаачид уг мэдээлэл нь үнэндээ бодит биш, зохиомол байсныг дэлгэлээ. Ингээд судлаачид гол юмаа асуув: “Гал сөнөөгч нарт аюулгүйн ажиллагаа хэр чухал вэ?”. Бас л гайхалтай үр дүн харуулж эхний бүлэг оюутнууд “аюулгүй ажиллагаа хамгийн чухал”, гэсэн бол хоёр дахь бүлэг оюутнууд “аюулгүй ажиллагаа тийм ч чухал биш” гэж дүгнэсэн байжээ. Гал сөнөөгчдийн түүх худлаа гэдгийг мэдсээр байж шүү дээ. “Хэдий няцаагдсан ч, хүмүүс өөрийн итгэл үнэмшлийг эргэж залруулдаггүй. Оюутнууд гал сөнөөгчийн тухай хангалттай мэдэхгүй учир тухайн сонссон ганц мэдээлэл гүнзгий сэтгэгдэл төрүүлж, итгэл үнэмшил бий болжээ” хэмээн судлаачид цохон тэмдэглэсэн байна. 

Стэнфордын энэхүү судалгаанууд их алдаршсан бөгөөд хүний эрүүл саруулаар сэтгэж чаддаггүй байдлын тухай энэхүү академик түвшиний нээлт 1970 -аад онд үнэхээр цочирдом байв. Төдөлгүй мянга мянган судалгаа ар араасаа батлагдаж, тийм ч их цочирдом байхаа больсон л доо. Өнөө цагт бол санал асуулгын хавтас барьсан дурын оюутан “хамгийн рациональ нэгэнд ч маш их иррациональ хандлага бий” гэдгийг нотолж дөнгөнө. Энэ нь тийм ч ухаад байх шинэлэг сэдэв. Гэхдээ сонирхолтой нэг асуулт үлдсэн нь, хүмүүс яаж ийм сэтгэхүйтэй болчихов?

Мэрсиэр /Лионы их сургууль/, Спэрбэр /Будапешт, Төв европын их сургууль/ нарын хоёр эрдэмтэн өөрсдийн шинэ номонд уг асуултанд хариулах гэж үзсэн байна. Тэднийхээр бол хүний сэтгэхүйн хөгжил нь яг л хүн хоёр хөл дээрээ явах, эсвэл улаан ногоон өнгөөр ялгаж харж сурсантай ижилхэн хувьслын шинж чанартай ажээ. 

Бусад амьтанаас хүний хамгийн гол ялгарах чадвар нь хамтын хөдөлмөр. Хамтын хөдөлмөрийг бий болгох нь маш төвөгтэйгөөс гадна хүнээс өөр амьтан тэвчимгүй. Хүний сэтгэхүй анхнаасаа л хийсвэр логик мэтгэлцээн, эсвэл таньж мэдэхгүй өгөгдлийг дүгнэхийн тулд зориулагдаагүй бөгөөд харин хамтран зүтгэж буй бүлгийнхээ асуудлыг шийдэх гэж хөгжсөн байна. 

“Ташаарал бэхжих” /confirmation bias/ хэмээх нэгэн нэршилийг авч үзье л дээ. Хүн өөрийн үнэмшдэг мэдээллийг улам бүр тархиндаа нааж, харин санал нийлэхгүй мэдээллийг шууд үгүйсгэдэг хандлагыг сүүлийн үед ийнхүү нэрлэдэг болсон. Стэнфордын бас нэгэн алдартай судалгаанд цаазын ялыг дэмждэг ба эсэргүүцдэг хоёр төрлийн хүмүүсийг хамруулсан байна. Судалгаа гурван шаттай. Эхний шатанд цаазын ялыг зөвтгөсөн ба буруутгасан янз бүрийн аргументийг нийт судалгаанд оролцогчдод танилцуулав. Дараагийн шатанд эдгээр аргумент хэр үнэмшилтэй, ул суурьтай байгааг асуулаа. Цаазын ял дэмжигч бүлэг нь “цааз хэрэгтэй” гэсэн аргументуудыг илүү үндэслэлтэй гээд, харин “цааз хэрэггүй” гэсэн аргументуудыг үнэмшилгүй, сулхан гэж үзжээ. Харин цаазын ял эсэргүүцэгч бүлэг яг эсрэгээрээ хариулав. Ингээд судалгааны эцсийн санал асуулгаар анхнаасаа цаазын ял дэмждэг хэсэг нь улам илүү дэмжиж, анхнаасаа эсэргүүцэж байсан нь улам илүү эсэргүүцэх хандлагатай болсон нь ажиглагдав. 

Аливааг шүүж тунгаах сэтгэхүйн хамгийн гажууд загварыг нэрлэ гэвэл “ташаарал бэхжих” хандлагыг дурдах хэрэгтэй. “Ийм хандлагатай хулгана байсан бол жишээ нь эргэн тойронд нь муур байхгүй гэсэн үнэмшилдээ улам итгэсээр, төд удалгүй оройн хоол болно” хэмээн Мэрсиэр, Спэрбэр нар зүйрлэжээ. Гэвч хулгана ч бай, хүн ч бай өдийг хүртэл тэсээд үлдсэн маргашгүй баримтаас харахад хүний тархинд “ташаарал бэхжих” хандлагын эсрэг өөр ямар нэг функц байж таараа хэмээн Мэрсиэр, Спэрбэр нар санал дэвшүүлэв. 

Ингээд тэд “ташаарал өөриймсөх” /myside bias/ хэмээх ойлголт оруулж ирсэн юм. Хүн мэдээж харанхуй гэнэн амьтан биш. Бид хүний хэлсэн санаанаас алдааг нь онцолж харахдаа маш сурамгай ба тээнэгэлзэх зүйл үлдвэл тэр нь явж явж өөрсдөөс маань л ургасан санаа байдаг. Мэрсиэр, Спэрбэр нар европ нөхдийнхөө хамт нэгэн туршилтаар үүнийг бүр тодруулжээ. Туршилтанд оролцогчид эхлээд сэтгэхүйн хялбар асуултуудад хариулав. Улмаар хариултуудаа дахин нягталж, алдаатай санагдвал хариултаа өөрчлөх боломж олгоход дийлэнхи нь ямар нэг өөрчлөлт хийгээгүй аж. Судалгааны дараагийн хэсэгт өнөөх асуултуудыг хоёр янзын хариулттай хамт өгөв, нэг нь өөрийнх нь хариулт нөгөө нь эсрэг байр суурьтай ондоо хүний хариулт. Үнэндээ эсрэг байр суурьтай хүнийх гэж өгсөн хариулт нь тухайн оролцогчийн өөрийнх нь байлаа. Оролцогчдын хагас нь энэхүү залийг ойлгоод мушилзсан бол харин нөгөө хагас нь анзааралгүй нухацтай хандаж, бараг 60 илүү хувь нь өөрийнхөө өмнөх хариултыг /өөрийнх нь гэж итгүүлсэн ондоо хүний хариултыг/ өөрчлөх саналтай байв. Товчхондоо хүмүүс өөртөө үнэнч үлдэх хандлагыг энэхүү туршилтаар харуулсан хэрэг.

Ан гөрөөгөөр амьдардаг эртний хүмүүс сүрэг дэх байр сууриа чухалчлан үзнэ. Агуйдаа тухалж хэвтээ нэгний өмнөөс хэн ч амиа эрсдүүлэн байж олз уруу дайрахгүй гэдгийг хүмүүс хөгжлийн явцад мэддэг болов. Үл ялиг илүү сэтгэсэн нэгэн нь маш их давуу талтай болж байгааг ч эртний хүмүүс ойлгодог, тиймээс бусдын аргументэд амархан ялагдах дургүй байсан бололтой. Мэрсиэр, Спэрбэр нарын үзэж буйгаар хүний тархинд хувьсаж хөгжсөн дээрхи шинж нь өөрийгөө бусдын нөлөөнд автахгүй байлгах нэг ёсны “нийгмийн” дархлаа болж хөгжжээ. 

Хүний тархин дахь функцүүд хэрхэн ажилладаг, яг нарийндаа хэрхэн “ажилладаггүй” эсэх дээр төвлөрч ажилласан Сломан, Фэрнбах /Колорадогийн их сургууль/ нарын арга барил, зүйрлэл их сонирхолтой. Тэдний шинэ бичсэн ном нь жорлонгийн суултуур ажиглахаас эхэлнэ. Хөгжингүй ертөнцөд жорлонгийн суултуур бүгдийн танил хэрэглээ. Суултуур маш энгийн – усаа татлаа – дотор байсан бүх юм урсан одлоо, болоо. Гэвч энэ энгийн процессийн цаана яг юу болдог вэ?

Сломан, Фэрнбах нар төгсөх ангийн оюутнуудыг хаалганы цоож, өмдний цахилгаан, жорлонгийн суултуур гэх мэт өдөр тутмын хэрэглэдэг зүйлсээ хэр сайн ойлгохоороо эрэмбэлэх даалгавар өгчээ. Хамгийн сайн ойлгодог нь хамгийн дээр жагсана. Үүний дараа жагсаасан эд зүйлсээ хэрхэн ажиллахыг нэг бүрчлэн тайлбарлах даалгавар өгч, дахиад шинээр эрэмбэлүүлэв. Энэ удаад оюутнууд арай илүү чармайж, өмнөх жагсаалтаа ч нэлээд өөрчлөв. Жишээ нь жорлонгийн суултуур хамгийн төвөгтэй ажилладаг, хаалганы цоожтой харьцуулшгүй төвөгтэй систем гэдгийг сая л анзаарч харав. Жорлонгийн суултуурыг хэрэглэхэд маш хялбархан байдлаар өөр хүмүүс загварчилсан учир ажиллагаа нь ч бас хялбархан гэсэн өнгөц төсөөлөл хүний сэтгэхүйд тогтсон байж магад.

Хүмүүс ойлгоогүй зүйлээ мэддэг мэт андуурч явдаг, гэхдээ үүнд эмзэглэх огтхон ч шаардлагагүй. Нэг хэсэг хүн амьдралд хэрэгтэй нээлт хийх бүрт ойлгоогүй хоцрох /ойлгох ч албагүй/ нөгөө хэсэг хүн байсаар л байна. Хүмүүсийн амьтанаас ялгарах нэг шинж нь бусдынхаа чадварт итгэх явдал. Сүрэглэн ан гөрөө хийхдээ нэг нь нөгөөгийнхөө ур чадварт найдаж сурсан нь магадгүй хүний хувьслын түүхийн гол түлхүүр. Хүн бүр хутга хэрэглэхдээ төмөрлөг хайлуулах зарчимыг ойлгох гэж зууралдсан бол Хүрэл зэвсэгийн үе мөд хөгжихгүй байсан биз. Технологи хөгжинө, зарим нь ойлгохгүй зүгээр л хэрэглэнэ, энэ маш энгийн хөгжил дэвшил.

Харин маргааны гол цөм нь улс төр, нийгмийн салбарт байна гэж Сломан, Фэрнбах нар дүгнэсэн юм. Ажиллах зарчмыг нь мэдэхгүй ч жорлонгийн ус татахад асуудалгүй, гэвч цаад зарчмыг нь ойлгохгүйгээр цагаачлалын асуудалд сөрөг санал өгөх нь хэцүү. Сломан, Фэрнбах нар 2014 онд Оросууд Украйнаас Крымыг тастаж нэгтгэсэн үйл явдлын дараахан "АНУ энэ асуудалд хэрхэн хандвал зохилтой вэ" гэдэг санал асуулга явуулжээ. Санал асуулгад оролцогчдын газарзүйн мэдлэг базаахгүй байсан ба Украйны газар нутгийг дунджаар 1200 км зөрөөтэй газрын зураг дээр зааж байлаа. Харин дүн гарахад судалгаанд оролцогчдийн дийлэнхи нь АНУ цэрэг оруулахыг дэмжсэн байв. 

Сэтгэл зовмоор иймэрхүү үр дүн харуулсан маш олон судалгаа бий. “Гүнзгий мэдрэмж төрүүлсэн бүхэн гүнзгий ойлгосон гэсэн үг биш” хэмээн Сломан, Фэрнбах нар бичсэн юм. Томми нэг “учир мэдэх хүн” -ээс ямар ч үндэслэлгүй нэг юм сонсож итгэлээ. Томми өөрийн итгэсэнийг Томд хэлэв, Том итгэв. Том цааш нь найзууддаа итгүүллээ, ингээд л ямар ч үндэслэлгүй “учир мэдэх хүн” –ээс сонссон баахан итгэлтэй үнэмшилтэй хүмүүс бий болно. Үндэслэлгүй мэдээллээр нэгдсэн бүлэг нийгэмд их аюул тарьдаг...

Эртний хүмүүс цаазын ял, гал сөнөөгчийн эрхэмлэх чанар, хулхи судлагаа, хуурамч мэдээ, фээсбүүк твитэрт санаа зовдоггүй байлаа. Тиймээс ч хойч үеийн бидэнд ямар нэг дархлаа заавар өвлөгдсөнгүй, энэ магадгүй хүний даван туулах ёстой байгалийн олон шалгаралын нэг юм болов уу даа.

Aanxaa /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ Өчигдөр 12 цаг 34 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Өчигдөр 12 цаг 26 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ Өчигдөр 12 цаг 17 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна Өчигдөр 11 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Өчигдөр 11 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Өчигдөр 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Өчигдөр 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Өчигдөр 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Өчигдөр 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Өчигдөр 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top