x

Д.Жаргалсайхан: Авлигатай төр бизнесээ сайн явуулах боломжийг хүн бүрт олгодоггүй

Эдийн засагч, нийтлэлч, Defacto Д.Жаргалсайхантай ярилцлаа.

-Манай улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байна?

-“Ковид-19” цар тахал ийм өргөн хүрээг хамарна гэж аль ч улс орон таамаглаагүй байсан. Жил хагас манай улсын хил хаалттай байна. Тэгэхээр эдийн засгийн үйл ажиллагаа ямар байх нь ойлгомжтой. Материаллаг баялгийг бүтээдэг салбарууд нь зогссон учир хүмүүсийн хэвийн амьдралыг хангахын тулд төр засаг эдийн засгийн эргэлтийг хадгалахын тулд чадах хэмжээгээрээ ажилласан.

Хил арваад сар хаалттай байж байгаад, вакцин гарах цаг үе рүү харьцангуй ойртож чадлаа. Одоо вакцинжуулалт эрчимтэй хийгдэж байгаа учраас эдийн засаг идэвхжих болов уу. Эдийн засгаа хэвийн үргэлжлүүлэхийн тулд юуны өмнө мөнгөний эргэлтийг хэвийн байлгах ёстой. Ингэхийн тулд өмнөх Засгийн газар таван их наяд, одоогийн Засгийн газар 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрөөр нэгдүгээрт, эдийн засгийг бүтээж буй хүмүүсийн ажлын байрыг хадгалах. Хоёрдугаарт, үеийн үед л байсан орон сууцны асуудлыг шийдэхэд анхаарахад хөтөлбөрүүд чиглэж байна. Тиймээс бэлэн болсон байрнуудад ипотекийн хөнгөлөлттэй зээл олгож байна. Хэрэгжилтийн явцыг хэвлэл мэдээллийн хэрэгслээс бүгд харсан болов уу. Үр өгөөжийн хувьд цаг хугацаа харуулна. ямартаа хоёр их наяд төгрөгийн гурван хувийн хүүтэй зээл буюу 650 тэрбум төгрөг эдүгээ олгочихоод байна. Уг зээлийн үндсэн хүү нь есөн хувь, үлдсэн зургаан хувийг Засгийн газар төлж байгаа. Энэ бол төсөвт ачаалал болно. Сангийн сайд саяхан “Төсөвт урьдчилж тооцоогүй ачаалал гарч байгаа. Түүнийг бууруулахын тулд гадаадаас тусламж авах шаардлагатай” гэж хэлсэн.

Үүнээс гадна манайх харьцангуй их өртэй улс. Гадаад өрөө цагт нь төлөх ёстой. Ямартаа ч хамгийн өндөр хүүтэй “Мазаалай” бондын өрөө цагт нь төлсөн. Энэ мэтээр “Ковид-19” цар тахлын үр дагавартай боломжийн хэрээр тэмцэж байна. Хэрвээ бид ковидыг зогсоож чадвал ирэх долдугаар сарын 1-нээс эдийн засаг огцом өсөх болов уу. Жишээ нь, гэртээ удаан суучихсан хүмүүс, хаасан усыг нь тавьчихсан мэт худалдаа хийнэ Худалдаа, мөнгөний эргэлтэд маш хурдан нөлөөлөх байх. Ингээд бизнесийн нийлүүлэлтэд огцом өсөлт авч ирнэ гэж харж байна. Энэ жилийн хоёрдугаар хагаст манай эдийн засгийн огцом өснө.

-Хятадын эдийн засгийн сэргэлт, зэсийн үнийн өсөлт мөн нөлөөлөх болов уу?

-Тийм, Харин өсөлт бол уул уурхайгаас гол хамааралтай эдийн засагтай учраас урд хөршид нүүрс, зэс хүргэж буй дэд бүтцийн чадвараас их хамаарна. Тэр чиглэлийг төмөр зам хурдан ашиглалтад орчихвол сайн байна. Гэхдээ энэ жилдээ бараг амжихгүй байх. Үүнээс гадна нүүрс баяжуулах үйлдвэрээ эхэлж байна гэж сонссон. Мөн цахилгаан станц баригдаж эхлэх ёстой. Энэ мэт том төслүүд нь эхэлчихээр эдийн засгийн эргэлт хурдасна.

Хятадын эдийн засаг ковидын дарамтаас түргэн гарч эхэллээ. Зэсийн хэрэгцээ дэлхий даяар ч улам өсч байна. Энэ цаг үед хүн төрөлхтөн технологийн дараагийн шинэчлэлтэд орж байна. Үүнийг манай улс одоохондоо мэдрэхгүй байна. Технологи хөгжүүлэг ч орнуудад. Нэгдүгээрт, 5G, хоёрдугаарт, Blockchain технологи эрч хүчээ авч байна. Энэ хоёр дээр суурилсан цахилгаан машины үйлдвэрлэл огцом өсч байна. Цахилгаан машины үйлдвэрлэлд маш их зэс ордог. Мөн хагас дамжуулагч чипний үйлдвэрлэл хэрэгцээгээ хангаж чадахгүй байна.Тиймээс зарим машины үйлдвэрлэл төлөвлөгөөнөөсөө хоцорч байгаа. Товчоор цар тахал удалгүй дуусна. Тун удалгүй бид цахилгаан машин руу шилжих юм. Цаг хугацааны асуудал. Үүнтэй зэрэгцээд монголчуудын хувьд ямар асуудал тулгарч байна гэхээр одоо байгаа 300, 400 мянган приус машиныг яах вэ? Бүгдээрээ хуучирсан, нэг машинд хориод ширхэг батарей байдаг. Ялангуяа хөл хорионоос болоод удаан зогссоны дараа хуучин машин асахгүй байна гэсэн. Солих хэрэгтэй, гэхдээ хуучнаа яах билээ? Хаана хаях билээ. Байгальд хортой. Тэгэхээр батарей боловсруулах үйлдвэр барихаас өөр сонголт алга. Учир нь манай хоёр хөрш хуучин батарейг нутаг дэвсгэр дээгүүрээ явуулдаггүй.

-ХҮН-аас өрнүүлсэн “Ерөнхийлөгчөө захиалъя” аянд олон хүн таны нэрийг дэвшүүлж, уг эвслээс танд санал тавьсан. Саналаас татгалзсан шалтгаан тань юу вэ?

-Надад санал тавьсан ХҮН, нэр дэвшихийг дэмжсэн бүх хүмүүст талархаж байгаа. Энэ талаар сайн бодож үзсэн л дээ. Гэхдээ би улс төрийн бус, нийгмийн зүтгэлтэн хүн учраас нийгмийн ажлаа үргэлжлүүлэн хийе гэж бодсон. Ер нь ардчилал, ардчиллын үнэт зүйлийг дээрээсээ төр засаг, институци гэхээсээ илүү, доороосоо иргэдээсээ дэмжих ёстой. Учир нь ардчилсан төр засгийг иргэний нийгэм хянадаг, засдаг. Тиймээс нийгмийн идэвхи, та бидний хэвлэл мэдээллийн ажил чухал үүрэгтэй. Харин үүргээ бид сайн ойлгохгүй байна.

Ардчиллын үнэт зүйл болох хүний эрх, чөлөөт зах зээл, хаана амьдрах, юу хийхээ өөрөө сонгох зэрэг агуу эрх чөлөөг хүн төрөлхтний хагас нь мөрөөдөөд ч авч чадахгүй байхад бид авчихсан байгаа. Тэгвэл энэ үнэт зүйлээ яаж бэхжүүлэх, авч үлдэх, яавал эргэж буцалтгүйгээр эх орныхоо хөрсөнд, хүн бүрийн тархинд шингээхийн тулд хүн бүрийн оролцох хэрэгтэй. Иргэдийн оролцоогүйгээр төрийн эрхэнд байгаа хүмүүсийг нэгийг нь нөгөөгөөр нь солиод хөгжихгүй. Төр нь бусад хүний хөрөнгөөр ажиллаж байгаа учраас тийм сайн ажилладаг машин ч биш.

Харин иргэний нийгэм буюу тэдгээр эрх баригчдыг сонгосон, мэдээлэлтэй иргэд төр засгийн өдөр тутмынх нь ажлыг хянадаг, засдаг, сонгуулиар сольдог юм. Бид энэхүү ардчиллын бүхэл бүтэн систем ажиллуулж чадахгүй байна. Үүний гол шалтгаан нь иргэний нийгэм үүсэхгүй, хүмүүс ч идэвхтэй биш байна. Зөвхөн сошиал медиа дээр хэт “хашхирсан”-аас хэтрэхгүй байна. Харин сүүлийн үед хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө хөдөлгөөн бий болж байгаа нь зөв.

Би иргэний нийгмийн хөгжүүлэх чиглэлээр долоо хоног бүр нийтлэл бичиж, телевизийн ярилцлага хийж вэб сайтдаа хэвлээд арваад жил байна. Нийтлэлүүд англи, япон, орос, хятад,солонгос хэлээр бас гардаг. Учир нь ардчилалын үнэ цэнэ, алдаа оноо бол бүх улс оронд хамаатай. Хөршүүдэд маань төрийн удирдлагад гарсан хүн олон арван жилээр солигдодгүй. Манайд бол өөр. Ерөнхийлөгч өмнө нь дөрөв, одоо зургаан жилийн дараа дүнгээ тавиулдаг, солигддог. Үүнээс болж төрийн бодлого нь тогтвортой бус, Засгийн газар олон солигдож байгаа нь үнэн.Гэхдээ энэ бол аль нэг нам, бүлэг монополь эрх авахгүй байх баталгаа болдог. Ардчилал нь олонхын нь шийдвэрээр явдаг. Гэхдээ олонхын нь сонголтоор бий болсон төр засаг цөөнхийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах ёстой. Тэгж бид илүү хурдан хөгжинө. Өнөөдөр манай ардчилсан төр засагт саад болж байгаа ганцхан зүйл бий. Тэр нь авлига. Авлига төр засгийн бүх түвшинд гүнзгий шингэсэн. Эхлээд уул уурхайн лиценз, дараа нь Улаанбаатарын газрын авлига, одоо бол эрх мэдэл, албан тушаал, гадаад томилолт гээд явж байна. Авлигын амьд жишээ нь Богд уулын амууд. Ам бүр авлигын хөшөө. Үүнийг засаж чадахгүй байгаа. Олон залуус маргаашдаа итгэхгүй зугтаж байна. Болж өгвөл л гадагшаа яваад байна.

-Улс төрийн намуудад өрнөж байгаа үйл явцыг та хэрхэн дүгнэж байна. Эрх барьж байгаа намаас Ерөнхийлөгч сонгогдчихвол нэг намын дарангуйлал тогтоно хэмээн зарим улстөрчид, хүмүүс ярьж байна л даа. Төрийн эрхийг нэг нам давамгайлж барих нь ардчилалд нөлөөлөх үү?

-Ардчилсан нийгэмд төрийн эрх барьдаг ганц институци бол улс төрийн намууд. Гэхдээ улс төрийн намууд олон байж, ядаж сонголттой байх хэрэгтэй. АН-ыг үзэл бодол ашиг сонирхлоороо нийлсэн хүчтэй бүлэг болж жигдрээд байна гэж бодтол одоо хоёр толгойтой болчихлоо. МАН, АН хоёр Монголын улс төрийн гол хүчин болж ирсэн. Гэтэл хоёр баганын нэг багана нь дотроо хоёр болчихсон ганхаж байна. Яагаад ийм болчихов гэсэн асуулт гарч ирж байна. Улс төрийн намуудын санхүүжилт нууц, түүнийг нь эс үйлдлээрээ төр засаг зөвшөөрч буйгаас их мөнгөтэй нь сонгуульд ялж байна. Монголын улс төрд эрх мэдлийн төлөө зодоон болж байна. Төрд байгаа нь эрх ашгаа хамгаалах, авч үлдэх гэж оролдож байна. Намууд өөрсдийг нь санхүүжүүлж буй бүлэглэлийнхээ эрх ашгийг хамгаалах гэсэн хүмүүсийн бөөгнөрөл болжээ.

Төрд бүлэглэлээ хамгаалах, нөгөө бүлэглэлээ дарах, шударга өрсөлдөөнийг алга болгох, зөвхөн өөрсдийн хүмүүстээ албан тушаал өгөх зорилготой болжээ. Олон арван хөгжиж буй орон ингэж ардчилаасаа ухарсан байдаг. Санхүүгийн тайлангаа иргэдэд гаргаж өгдөггүй, улс төрийн намуудыг бид өдий болтол дэмжээд ирлээ. Энэ байдал удах тусам ардчилал хэврэг болно. АН-ын өнөөгийн байдал үүнийг харуулж, түгшүүрийн дохио нийгэмд өгч байна.

МАН бол харьцангуй институц болсон ч дотоод ардчилал нь сул, гол шийдвэрүүдийг нь дарга нар нь голдуу гаргаж байна. Энэ бол ноцтой асуудал. Хэрвээ намын шийдвэрийг зөвхөн дарга нар нь гаргаад, гишүүд оролцдоггүй бол АН нам шиг хямрал бол цаг хугацааны л асуудал. Дефакто институциэс Израилийн институцитэй хамтарч намын дотоод ардчилал ямар байгаа талаарх судалгааг сүүлийн гурван жил хийж, англи, монгол хэлээр гаргаж байна.

Нөгөөтэйгүүр иргэний нийгэм яагаад чухал болохыг манай хэвлэлүүд тэр бүр ярихгүй байна. Хэвлэлийнхэн МАН-ын, эсвэл АН-ын талд орохоосоо өмнө, мэргэжлийн бодитой үнэлгээ өгөх хэрэгтэй байна. Аль нэг талыг зөвтгөх гэсэн хандлага гаргаж буй нь сэтгүүлзүйн мэргэжлийн нэр хүнд, сэтгүүлчийн цалинг унагаж байгаа юм. Өнөөдөр манай улсад 500 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаа боловч 75 хувийг нь улстөрчид эзэмшиж байна.

-“Мэдээллийн урсгал” нэвтрүүлгийг юу гэж дүгнэж байна?

-Яг үнэндээ би үүнийг ойлгоогүй. Нэг суваг нөгөө сувгаасаа үзэл баримтлал, хандлагаараа ялгаатай байх ёстой. Бүгдээрээ нэгдчихээд мэдээлэл өгөөд байвал олон ургалч үзлийг хаанаас олгох юм бэ. Ойн шувууд бүгд адилхан дуугардаг болчихвол яах билээ.

Үзэл бодол олон байж хүчтэй байдаг. Нэгдэл гэдэг олон янзын үзэл бодолтой хүмүүс нэгдэхийг хэлдэг болохоос нэг ижил үзэл бодолтой хүмүүс хамт байхыг хэлдэггүй. Тиймээс ардчиллын үнэ цэнийг бэхжүүлэхэд урагшаа алхам хийлээ гэж үзэхгүй байна.

-Ер нь өдрөөс өдөрт ардчилал хэврэгшээд байна уу. Цаашид яах бол?

-Улам хэврэг болоод байна. Цаашид яах нь иргэд яаж ойлгосноос хамаарна.

-Өнөөгийн нөхцөлд иргэдэд орлого л чухал болохоос нийгмийн асуудал төдийлөн чухал биш байна шүү дээ. Энэ нь улс төрийн нам, улстөрчдөд олз болоод байх шиг байна л даа?

-Тийм. Ийм байх тусмаа улс төрийн намуудад ашигтай. Тэдний ил далд тарааж байгаа бэлэн мөнгөнд хууртагдах нь улам өндөр болж байна. Нөгөө талд авлигатай төр хүн бүр бизнесээ сайн явуулах боломжийг олгодоггүй. Өөртэй нь холбоотой хүмүүст илүү боломж өгөөд байна. Үүний тод илрэл нь төрийн нэртэй ч, намын эзэмшилтэй том компаниуд бий болж байна. Энэ нь шударга өрсөлдөх боломжийг хаагаад байгаа юм. Засгийн газар “Би ард түмэндээ хайртай учраас үнийг хязгаарлана” гэдэг. Үнэндээ хорлож байгаа юм. Бензиний үнийг хайрцаглаад барихын оронд чөлөөтэй болгочихвол компаниуд зардлаараа өрсөлдөнө. Үүний дүнд бид хямд бензин авна. Учир нь бид бараг 30-иад нийлүүлэгчтэй.

Засгийн газраас “Та нар энэ үнээс хэтрүүлэхгүй шүү”, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гэх мэтээр арга хэмжээ авч байна. Энэ бол дандаа улс төрийн лобби. Чөлөөт өрсөлдөөн байхгүй учраас компаниуд өрсөлдөж, ажлын байр шинээр бий болгож чадахгүй байна. Ажилгүйдэл ихсээд байна. Хэвлэл мэдээллийн салбарт ч тэр. Ажлаасаа халагдах хамгийн их магадлалтай хүмүүс нь сэтгүүлчид. Учир нь чөлөөт өрсөлдөөн байхгүй. Яаж та Ерөнхийлөгчийн, сайдын веб сайт, телевизтэй өрсөлдөх юм бэ. Ингээд чөлөөт өрсөлдөөн байхгүй учраас дуулгавартай хүн авна, хараат бусыг нь халж, эсвэл цалинг нь бууруулна. Нийгэм даяар чөлөөт өрсөлдөөн байхгүй учраас ажлын байр хомстож иргэд Солонгос руу зугтаад байгаа юм. Иргэдийн орлого багасаж, улстөрчид саналыг нь худалдаж авахад улам амар болоод байна. Ийм л чөтгөрийн тойрогт эргэлдээд байна.

-Авлигыг бууруулахын тулд хаана нь ямар реформ хийх хэрэгтэй вэ?

-Нэгдүгээрт, улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох ёстой. Хоёрдугаарт, шүүхийн засаглалыг шударга болгохын тулд гол гол шүүгчдийг УИХ-ын гишүүд шиг сонгочихмоор байгаа юм. Ерөнхийлөгчийн болон Засгийн газрын шүүхэд нөлөөлөх нөлөөллийг зогсоох хэрэгтэй.

Нэг нь шийдвэр буюу хууль гаргаж нөгөөх нь хэрэгжүүлдэг. Гурав дахь нь энэ нь зөв хийгдэж, хэрэгжиж байна уу гэдгийг хянадаг хараат бус байгууллага байх ёстой атал бүх шүүгчид энэ хоёр байгууллагаасаа хараат болчихоод тэр явцдаа өөрсдийнхөө ашиг сонирхлыг хэрэгжүүлээд байна. Ингээд монголд шударга ёс алдагдаад байна л даа. Шударга ёс алдагдсан газар хүмүүс сайхан амьдардаггүй. Ер нь үүнийг эрт хязгаарлаж барьж авахгүй бол үймээн самуун гардаг.

Олон үндэстэнтэй улсад иргэний дайн, олон шашинтай газар шашны мөргөлдөөн гардаг. Үүнийг цаагуураа улс төрчид нь дэмждэг. Тиймээс би юу хэлэх гээд байна гэхээр зөвхөн чөлөөт эдийн засаг, нээлттэй ардчилсан засаглалтай улс оронд эдийн засаг нь хөгждөг. Энд Сингапурыг жишээ болгох юм. Сингапур хэдий диктатурын дэглэмтэй ч эдийн засагтаа сая дурдсан аргачлалуудыг зөв хийж өгсөн. Гуравдугаарт, өнөөдрийг хүртэл төр нийтийн хөрөнгийг завшсан бүх хүмүүстээ хуулийн дагуу шүүхээр хариуцлага тооцох хэрэгтэй.

Ардчилсан нийгэмд өөрийн хөдөлмөрөөр бүтээсэн зүйл л чиний хөрөнгө болохоос юу ч хийгээгүй мөртлөө гэнэт хөрөнгөжсөн бол, түүнийгээ тайлбарлаж чадахгүй байгаа бол бүх хөрөнгийг хураах хэрэгтэй. Тэд гэхдээ ингэж чадахгүй. Учир нь өөрсдөө холилдчихсон. Тиймээс улс төрийн асар том шударга ёсны реформ хийх хэрэгтэй. Үүнийг сайн ойлгоогүй иргэдэд МАН, АН гэж өнгөн дээр нь талцуулах нь тэдэнд ашигтай байгаа юм. Сайн мэдэхгүй, ажилгүй, ядуу голдуу нөхдүүд МАН, АН гэж хандаж байна. Намайг жаахан байхад улаан, цэнхэр ороолттой хулгианууд хоорондоо зодолддог байсан. Яг одоо тийм зүйл болж байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч ямар хүн байхыг хуулиар заачихсан. Гэхдээ өнөөгийн түвшинд зарчмын хувьд, хувь хүний хувьд ямар Ерөнхийлөгч манайд хэрэгтэй байна вэ?

-Шударга хүн байх хэрэгтэй. Ерөнхийлөгч хэн ч болсон бай ах дүү, хамаатан садангийнхаа материаллаг баялгийн төлөө юу ч хийж болохгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ганцхан удаа сонгогдох зохицуулалттай болсон учраас дараагийн удаад гэж бэлдэхгүй байх. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч шударга ёсны бэлэг тэмдэг байх ёстой. Эв нэгдлийн гэхээсээ илүү шударга ёсны бэлгэ тэмдэг байх Ерөнхийлөгч өнөөдөр Монгол Улсад хэрэгтэй байна.

Бид ер нь эгзэгтэй үед байна. Бүтээлч, хийсэн бүтээсэн зүйлээ эдийн бус виртуал хөрөнгө дээр дэлхийн зах зээлд гардаг хүүхэд залуусыг бид хурдан бэлдэх хэрэгтэй. Тэгвэл blockchain-д программ бичээд сарын 10 мянган долларын цалин авах боломж нээгдэхээр байна. Бусад улсын хүүхдүүд сурч болоод байхад манай хүүхдүүд сурчихна. Flexible resilient edu­cation system гэдэг. Ялангуяа дунд ангиа хүртэл хүн болгоход илүү анхаарах хэрэгтэй. Хүүхдийн хүмүүжил бие биенээ хүндлэх, хайрлах, өөрийгөө илэрхийлэхэд сургах хэрэгтэй. Үүнийхээ дараа мэдлэг олгохгүй хэрэгтэй. Үүнийг би олон жил судалсан, манайд Финландын боловсролын систем манайд яг тохирох юм байна лээ. Тэнд дөрөв, тавдугаар анги хүртэл нь хүүхдэд дүн тавьдаггүй. 16 настай Финлянд хүүхдүүд дэлхийн олимпиадад түрүүлдэг шүү дээ.

-Шинжлэх ухаанч залуус ховор болж. Боловсролын системийн бодлогын хаана нь алдаа гараад шинжлэх ухаанч залуучууд ховордчихов оо?

-Төр засагт мэдлэгтэй бус улстөрч хүмүүсийг гаргаад байгаа юм. Мөн багш нар ч мөн мэдлэгтэй хүмүүс байх ёстой. Системийн хувьд ямар асуудал байна вэ гэхээр жишээлбэл, багшийн цалинд байна. НДШ-д цалингийхаа 25 хувийг бүгд төлж байгаа. Уг нь энэ шимтгэл нь даатгал бус, хуримтлал байх ёстой. Учир нь таны мөнгө учраас та тэтгэвэрт гарахаараа энэ мөнгөө буцааж авах ёстой. Шимтгэлийг нь хоёр дахин их болгож төрөөс өгдөг бол багш тэтгэвэрт гарахдаа асар их мөнгө авна. Багшийн мэргэжлийн нэр хүнд өсч, сайн сурлагатай хүүхдүүд энэ мэргэжлээр суралцдаг болно. Ингэж сайн багш нар “төрж” шинжлэх ухааныг ямар агуу гэдгийг зааж өгнө. Өнөөдөр болохоор хуульч, инженер болно гэж явсаар байгаад, хамгийн сүүлд үлдсэн сул хүүхдүүд нь багшийн хуваарийг авч байна.

Финляндад багш болохын төлөө маш том өрсөлдөөнд болдог. Багшийн цалин, нэр хүнд маш өндөр байдаг. Финляндын бүх шатны бүх багш нар мастер цолтой. Тэнд багш нараа хоёр гурван жил тутам дахин, тасралтгүй бэлтгэж, шинэ технологид сургадаг. Хүүхэд бүр ipad-тай, нэг ангид 20 хүрэхгүй хүүхэд хичээллэдэг.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 13 цаг 13 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 14 цаг 10 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна 17 цаг 2 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 17 цаг 20 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 19 цаг 31 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 19 цаг 43 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 19 цаг 52 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 20 цаг 6 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 20 цаг 11 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 20 цаг 30 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 20 цаг 49 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг Уржигдар 14 цаг 04 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ Уржигдар 14 цаг 00 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ 2024-04-23 Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ 2024-04-23 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ 2024-04-23 Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ 2024-04-23 О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон 2024-04-23 Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ 2024-04-23 Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно 2024-04-23
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах ...
Top