x

З.Чинтүшиг: Кувейтийн энгийн иргэд Монгол Улсын талаар эерэг мэдээлэлтэй байдаг

Монгол Улсаас Кувейт улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд З.Чинтүшигтэй ярилцлаа. Энэ онд Монгол Улс, Кувейт улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа юм.

-Монгол Улс, Кувейт Улс дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна. Энэхүү үйл явдалтай холбогдуулан Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагааны талаар манай уншигчдад танилцуулна уу?

-Монгол Улс Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн 6 орноос хамгийн түрүүнд Кувейт Улстай 1975 оны 6 дугаар сарын 17-нд дипломат харилцаа тогтоосон байдаг. 1990 он хүртэл хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улс төрийн салбарын хамтын ажиллагаагаар хязгаарлагдаж байсан. 1990 оны зун Монгол, Кувейтийн хоорондын харилцаа, хамтын ажиллагааг зогсонги байдлаас гаргаж, цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үйл явдал болсон. 

1990 оны 8 дугаар сард Ирак Улс Кувейтийг эзлэн түрэмгийлсэн. Тухайн үед Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бакер болон Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн нар Иракийн түрэмгийллийг эсэргүүцэж хамтарсан мэдэгдэл хийсэн. Ингэснээр Монгол Улс Иракийн түрэмгийллийг буруушаасан дэлхийн анхны орны нэг болсон. Булангийн дайны дараагаар Кувейтийн Эмир Шейх Жабер Аль-Ахмад Аль-Сабах Иракийн түрэмгийллийг эсэргүүцсэн орнуудад өөрийн биеэр очиж талархлаа илэрхийлэхдээ 1995 оны 10 дугаар сарын 16-нд Монгол Улсад айлчилсан байдаг. Түүнээс хойш хоёр орны төрийн тэргүүн нар, бусад өндөр, дээд түвшний төлөөлөгчид, бизнес эрхлэгчдийн харилцан айлчлал тогтмолжиж, эдийн засгийн харилцаа идэвхжиж байна.

Дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд Монгол Улсын гурван Ерөнхийлөгч, нэг Ерөнхий сайд, УИХ-ын нэг дарга, 5 Гадаад харилцааны 5 сайд Кувейт Улсад айлчилж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлж ирсэн бол Кувейтийн талаас Хаан буюу Эмир Монгол Улсад 2 удаа албан ёсоор, 7 удаа хувийн айлчлал хийсэн.

Эдгээр айлчлалын яриа хэлэлцээний үр дүнд Кувейтийн талаас Дархан-Эрдэнэтийн хооронд 181 км, Эрдэнэт-Булган-Уньтын хооронд 146 км, Уньт-Тариалангийн хооронд 88 км, нийт 415 км автозам барихад 58.26 сая ам.долларын, Тайширын Усан цахилгаан станцыг барихад 19.78 сая ам доллар хөнгөлөлттэй зээл олгосон. Мөн Кувейт-Монголын Судалгааны төв барих, Түлэнхийн төв, Өндөрхаан нисэх онгоцны буудал барих зэрэгт зориулж нийт 17.24 сая ам.долларын тусламж олгоод байна. Хамгийн сүүлд Өндөрхаан-Норовлин-Дадал чиглэлийн хатуу хучилттай зам барих төслийн ТЭЗҮ-г  боловсруулахад 500 мянган ам.долларын буцалтгүй тусламж олгохоор Кувейтийн Засгийн газар шийдвэрлээд байна. 

Өнөөдөр бид Кувейт Улстай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны үйл явцыг дүгнэж, цаашид ямар салбарт, хэрхэн хамтран ажиллахаа тодорхойлдог Засгийн газрын комисс, Гадаад хэргийн яамдын зөвлөлдөх уулзалт гэсэн 2 чухал механизмтай болсон байна. Харилцаа, хамтын ажиллагааны ийм механизмуудыг тогтмол зохион байгуулж байгаа нь манай хоёр улс харилцаандаа өндөр ач холбогдол өгч, харилцаагаа шинэ шатанд гаргасны илрэл гэж бодож байна

-Дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг хэрхэн тэмдэглэж байна вэ?

-Дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тэмдэглэх хүрээнд хэд хэдэн томоохон ажил төлөвлөсөн. Энэ хүрээнд Монгол, Кувейтийн Гадаад хэргийн яамдын II зөвлөлдөх уулзалтыг Эль-Кувейт хотноо зохион байгуулах, Монголын сэтгүүлчдийн багийг Кувейт Улсад айлчлуулах, Кувейтэд зохион байгуулагддаг Олон улсын өдөрлөгт эх орноо төлөөлөн оролцох зэрэг ажлыг энэ оны эхний улиралд зохион байгууллаа. Дөрөвдүгээр сард Засгийн газрын комиссын II хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулах, Монголын соёлын өдрүүдийг Эль-Кувейт хотноо зохион байгуулахаар тохиролцоод байсан ч “COVID-19” цар тахал дэгдсэнтэй холбогдуулан тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна. Хамгийн сүүлд дипломат харилцаа тогтоосон өдөр буюу 6 дугаар сарын 17-нд Гадаад хэргийн сайд нар харилцан баярын захидал солилцсон.

-Кувейт Улсын Эмир Монгол Улсад байнга хувийн айлчлалаар ирдэг, Монголд ихээхэн элэгтэй нэгэн гэж сонссон. Кувейт хүмүүс Монголын талаар мэдээлэл сайтай байдаг уу?

-Кувейт Улсын Эмир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах Монголд элэгтэй нэгэн байсан. Тэрээр  2007 онд албан ёсны айлчлал, 2008-2015 оны хооронд 7 удаа хувийн айлчлалаар зочилсон байдаг. Кувейтэд зундаа +50 градус хүрч халдагтай холбогдуулан Эмир зуны улиралд Монголд очиж амрах сонирхолтой байсан. 

Эмирийн айлчлалыг дагалдан олон кувейт иргэн Монголд ирж, манай оронтой танилцахаас гадна айлчлалтай холбоотой мэдээллүүд Кувейтийн хэвлэлээр их гардаг. Тиймээс Кувейтийн энгийн иргэд Монголын талаар эерэг мэдээлэлтэй байдаг. Манай ЭСЯ-ны хувьд ч Монгол Улсаа таниулахаар тодорхой ажлуудыг хийж байна.  

 

-Цаашид манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ? 

-Манай хоёр орны харилцаа олон улсын харилцааны үндсэн зарчим, хөгжлийн дагуу идэвхтэй хөгжиж, улс төрийн найрсаг харилцаа нь хамтын ажиллагааг хөгжүүлэх үндэс, суурь болж байна. Улс төрийн энэхүү сайн харилцаанд тулгуурлан хоёр улсын Засгийн газрын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрэн хөгжиж байгаад талархалтай байгаа. Төр, хувийн хэвшил болон хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхэд анхаарч байгаа. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тодорхой сорилт, бэрхшээл байгаа хэдий ч харилцан ашигтай хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхийг бид зорьж байна. Газар нутгийн алслагдмал байдал, соёл заншлын зөрүүтэй талыг бид саад гэж үзэхгүй байгаа бөгөөд Булангийн орнуудтай эдийн засгаа хөгжүүлэх гарц нь Кувейт Улс гэж харж байна.

-Суугаа орныхоо тухай хамгийн сонирхолтой мэдээллийг цөөн өгүүлбэрт багтаан хэлбэл?

-Кувейт Улс Булангийн бусад орнуудтай харьцуулахад илүү ардчилсан орон. Тус улс Булангийн орнуудаас хамгийн түрүүнд Үндсэн хуулиа баталж, ард иргэдээсээ сонгодог 50 гишүүн бүхий Парламент буюу Үндэсний Ассамблейтай болсон. Ассамблейн аль ч гишүүн Засгийн газрын сайд нараас асуулга авах эрхтэй байдгаараа онцлог юм. Мөн Кувейт Улсын хэвлэл мэдээллийн салбар бусад Булангийн орнуудаа бодвол илүү нээлттэй. Үүгээрээ ч өөрсдөө их бахархдаг.

Гадаад бодлогын хувьд Кувейт Улс манайхтай төстэй байр суурь баримталдаг.  Саудын Араб, Иран, Ирак гэсэн бүс нутгийн 3 том улсын дунд оршдог газарзүйн онцлогоосоо шалтгаалж төвийг сахих гадаад бодлогыг 1961 онд тусгаар тогтнолоо зарласан цагаас хэрэгжүүлэхийг зорьж ирсэн. Бүс нутгийн аливаа мөргөлдөөн, тогтворгүй байдалд аль нэг талыг нь дэмжилгүй, Их гүрнүүдийн ашиг сонирхлыг тэгш хангах, тэнцвэртэй, төвийг сахисан байр суурийг баримтлан ажилладаг. Тиймдээ ч өнөөдөр Булангийн хямралд аль нэг талыг баримтлалгүйгээр талуудын дунд зуучлагчийн үүргийг амжилттай гүйцэтгэж байна.

Кувейт Улс дэлхийн нийт батлагдсан газрын тосны нөөцийн 9 хувь буюу 104 тэрбум баррель нефтийн нөөцийг эзэмшдэгээрээ дөрөвдүгээрт жагсдаг. Кувейтийн хувьд газрын тосноос олсон орлогоо үр ашигтай зарцуулах зорилгоор 1953 онд Кувейтийн Хөрөнгө оруулалтын газар хэмээх баялгийн санг байгуулсан. Энэ нь дэлхийн хамгийн анхны баялгийн сан бөгөөд өнөөдрийн байдлаар 533 тэрбум 650 сая ам.доллартай тэмцэх хэмжээний хөрөнгөтэйгөөрөө дэлхийн баялгийн сангуудын дөрөвдүгээрт жагсаж байна.

Мөн сонирхуулж хэлэхэд Кувейтийн динар дэлхийн хамгийн ханш сайтай мөнгөн тэмдэгт байдаг. 1 кувейт динар 9312 төгрөгтэй тэнцүү. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 19 цаг 5 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 19 цаг 42 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 19 цаг 51 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 20 цаг 13 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 20 цаг 23 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 21 цаг 30 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 22 цаг 45 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top