Багшийн хөгжлийн ордонд гал гарсан гэх дуудлага өнөөдөр 13.00 цагийн орчимд Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын мөрөөр галыг унтраахаар нийслэлийн гал унтраах албаны ажилтнууд ажилласан байна. Гал юунаас болж гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч цахилгаанаас болж гарсан байж болзошгүй гэсэн байна.
Гал гарсан барилгад долоон хүн байсныг эсэн мэнд галын аюулаас аварсан байна. Галын улмаас угаартаж, ухаан алдсан нэг хүнийг эмнэлэгт хүргэсэн бол үлдсэн хүмүүсийг түргэн тусламжийн машинд үзлэгт оруулжээ. Галыг бүрэн унтрааж дууссан байна. Барилгаас гарч ирсэн хүмүүсийн мэдээлснээр гал цахилгаан шатны хөндийгөөс гарч эхэлсэн гэсэн байна.



