“Жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэгчдийн 49 хувьд нь зээл хэрэггүй байдаг” гэсэн судалгааны дүн гарчээ. Зээл хэрэгтэй, аль эсвэл хэрэггүй гэж үзсэнээс үл хамааран бүх ЖДҮ-чдийн нэг номерын хүсэл бол “Төрийн үйлчилгээг чирэгдэлгүй болгох” гэнэ шүү. Судалгааны дүнг МУИС-ийн багш, доктор Б.Отгонтөгс Нээлттэй нийгэм форумд болсон хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан юм. ЖДҮХС-гийн хулгайчдын тухай дуусдаггүй яриа үргэлжилж, хариуцлага тооцохыг шаардахын зэрэгцээ эрүүлжүүлэх үйл явц өрнөж байна. Иргэний нийгмийн байгууллагынхан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа, зээлд хяналт тавьж, ЖДҮ-г хөгжүүлэхэд юу хэрэгтэй байгааг нухацтай хэлэлцэж байна. Хүний эрхийн форумд нэгддэг төрийн бус байгууллагууд дунд төсвийн чиглэлээр ажилладаг, судалгаа хийдэг байгууллагууд хамтарч “ЖДҮ ба авилга” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Б.Батдэлгэр: ЖДҮ-ийг хөгжүүлэх зээлийг зөвхөн банкаар дамжуулах нь зөв гэж бодохгүй байна
Энд ирсэн Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр хэлэхдээ, “ЖДҮХС-гаас гурван хувийн зээл олгодог гэж иргэд мэддэггүй байсан. УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд мэдээлэлд ойр байдлаа ашиглаж, ЖДҮХС-гийн зээлийг замаас нь завшсан нь ил болсон. Ийм зээл байдгийг мэддэг болсон иргэд энэ зээлийг авахыг хүсч байгаа. Одоо төсөл сонгон шалгаруулж эхлэхэд 5000-10 000 төсөл ирэх байх. Манай Баялаг бүтээгчдийн холбооны гишүүд “Хэзээ төсөл сонгон шалгаруулах вэ” гэж хүлээж байгаа. Энэ олон хүний эрэлт хэрэгцээ байхад улсын төсвөөс хуваарилсан 26,5 тэрбум төгрөг хаанаа ч хүрэхгүй. Ийм учраас зээлийн эргэн төлөлтийг сайжруулах хэрэгтэй байна.
2017 онд ЖДҮ хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам батлагдсан. Энэ журамд өөрчлөлт оруулахаар ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан юм. Энэ ажлын хэсэгт манай Баялаг бүтээгчдийн холбоо олон нийтийн дуу хоолой болж оролцож байна. Нааштай өөрчлөлтүүд гарсан. Зээлийг банк болон сангаас олгоно. Гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1 хүртэл уг журмаар хэлэлцүүлэг явуулсан. Үнэндээ энд олон нийтийн оролцоо дутмаг байв. Бид ийм журмын төсөл явж байгаа шүү гэж хэвлэлээр зар тараасан. Энэ журмын төслийг сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих түр хороогоор хэлэлцэгдсэн. Засгийн газрын хуралдаанаар ороод сайд батлах юм. Бидний оролцоо хамгийн чухал шүү. ХХААХҮЯ-наас ч хоёр удаа хэлэлцүүлэг хийсэн шүү дээ. ЖДҮХС-гаас энэ жил 47-хон тэрбум төгрөг зарцуулна. Нодлин үүнээс хоёр дахин их мөнгө гаргаж байсан. Аймгууд руу 20,5 тэрбумыг явуулсан учраас сан болон банкаар дамжих нь 26,5 тэрбум төгрөг болчхоод байгаа юм. Нийтэд хүртээмжтэй болгоно гээд зээлийн дээд хэмжээг нэг тэрбум болгоод, 500 саяыг сангаасаа шууд олгох гэдгийг 300 сая болгосон. Нэг тэрбумаар олголоо гэхэд 26-хан аж ахуйн нэгжид очих мөнгө. Зээлийн эргэн төлөлт гайгүй байгаа. Сүүлийн хэдэн сард жаахан муудсан. Манай холбооны судалгаагаар томчууд гэгдэх 28 хүнд холбогдох 31,5 тэрбум төгрөг бий. Эдгээрээс 12 тэрбум төгрөг зээл эргэн төлөгдсөн. Энэ жил 100 тэрбум төгрөгийг ЖДҮХС улсын төсөвт орлого маягаар өгөх ёстой. Энэ мөнгийг оруулж байж үлдэгдэл зээлийн эргэн төлөлтөөс дахиад ЖДҮ хөгжүүлэх зээлэнд хуваарилах юм. Зээлийн эргэн төлөлтөнд та бүхэн анхаараач гэв. Хэлэлцүүлгийн үеэр бизнесийн нууцыг ил тод мэдээлж болох уу гэсэн сэдэв хөндөгдсөн. Харин Б.Батдэлгэр “Шарк танк гээд нэвтрүүлэг Монгол телевизээр явж байгаа. Түүн дээр бас бизнесийн нууц явж байгаа. Засгийн газрын 81-р тогтоолоор ил тод болгоход нэг их буруудах зүйлгүй. Байгууллагын нууц, хувь хүний нууцын хууль зөрчигдөөгүй асуудлаар ил тод болгоход асуудалгүй. Төрөөс хөнгөлөлттэй зээл авч, даатгалтайгаа нийлээд жилийн дөрвөн хувийн хүүтэй зээл авах учраас нийтэд мэдээлэхийг зөвшөөрсөн хүмүүст л зээл олгох юм. Бизнесийн нууцаа дэлгэхгүй гэвэл энэ сангаас зээл авах нь хаалттай. Дөрөвдүгээр үе шат буюу зээлийн хорооны хурлаар хэлэлцэх үед бүр ил тод болно. Олон нийтийн хардлагаас сэргийлэх гэж л ийм зарчим баримталж байгаа юм. Одоо УИХ хэлэлцэж байгаа ЖДҮ, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 8.1.2-т зээлийн хүүгийн зөрүүг олгох заалт бас яваа. Энэ хуулийг энэ хавар батлуулах талаас нь та бүхэн хичээж зүтгээч. Тэгвэл энэ ЖДҮХС чинь Засгийн газрын харьяанд очно. Сайд журам баталдаг байсныг тогтоолоор баталдаг болно гэсэн юм.
“ЖДҮ хөгжүүлэх зээлийг банкаар дамжуулахгүй болохоор эрх мэдэлтнүүд үзэмжээрээ шийдвэр гаргаад байна гэсэн шүүмжлэл явдаг” хэмээн түүнээс тодруулахад:
-Банкаар дамжуулах нь 100 хувь зөв гэж бодохгүй байна. 2016 оноос хойш банкаар дамждаг байсан. Үндэсний аудитын газар шалгалт хийсэн тайлан байдаг. Тэр тайлангаас харахад ЖДҮХС-гийнхан энэ төсөл болж байна гээд банк руу явуулахад банкнаас нийт төслийн 70 хувийг шаардлага хангахгүй гээд буцаадаг. Өөрөөр хэлбэл, банкны шаардлага маш өндөр байдаг. Барьцаа хөрөнгийг багаар үнэлдэг. Хүү нь нэмэгддэг. Сангаас дөрвөн хувийн зээл олгож байхад банкаар 7-9 хувийн хүүтэй зээл олгож байгаа шүү дээ. Банкаар дамжуулахад Капитал банк шиг асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Капитал банкинд иргэд зээлээ төлсөн. Харин банк буцаагаад тэр мөнгийг ЖДҮХС-д өгөхгүй байгаа юм гэж хариуллаа.
Б.Бүзмаа: Зээлийн хүүгээ банктай тохиролцох учиртай
“Төгс оюун ухаан” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, судлаач Б.Бүзмаа ЖДҮ хөгжүүлэх сангийн зээлийн өгөөжийн талаар илтгэсэн юм. Тэрбээр “Файнэншл такс консалтинг” компанитай хамтарч ажилладаг 140 жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн жишээн дээр ярилаа. Тус компани ЖДҮ эрхлэгчдэд санхүү, татварын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг ажээ. Манай 140 компаниас тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй компани бий. 70 хувь нь зээлтэй. Нийт зардлын 22 хувь нь зээлийн хүүнд явдаг. Нийт зардлын чинь 25-45 хувь нь хүний нөөцдөө зарцуулагдах ёстой гэж эдийн засагч судлаач нар үздэг. Гэтэл энэ мөнгө зээлийн хүүнд явж байна. Хэрэв ээ ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авч чадвал энэ зардлыг 50 хувь бууруулах юм. Нийт 140 компаниас дөрөв нь л ЖДҮ-ийг дэмжих сангаас уйгагүй хөөцөлдөж байж зээл авч чадсан. Бусад нь банкнаас зээл авсан. Гэхдээ хэрэгцээтэй хэмжээгээрээ авч чадаагүй. 200 саяыг авна гэсэн нь 100 саяыг авах жишээтэй. Үлдсэн мөнгөө Банк бус санхүүгийн байгууллага, хувь хүнээс өндөр хүүтэй зээлж байгаа. Нийт орлогын 3-8 хувь нь л эзэнд өгөөж болж үлддэг. Зээлийн хүүгээсээ болоод хасах руугаа орчихсон, татварын тооцоо, нягтлан бодох бүртгэлээ буруу хөтөлдгөөсөө болоод дампуурахдаа тулсан компаниуд ч байсан. Хамгийн багадаа 1,1 хувийн хүүтэй зээлийг тав зургаахан компани л авдаг. 10-25 жилийн түүхтэй компаниуд л ийм зээл авч чаддаг. 10 жил доторх нь 2.2-2,8 хувийн хүүтэй авдаг. Банк бус санхүүгийн байгууллагаас 3,5-5 хувийн хүүтэй зээл, хувь хүнээс 10-20 хувийн хүүтэй зээл авсан бизнес эрхлэгчид ч бий. Ашгийн өгөөжийг тооцохоор аль болохоор хүүгээ банктай тохирох ёстой юм байна гэж ойлгодог. Өмнө нь банкны эдийн засагчаас зээл авах гэж гуйлга гуйж байгаа юм шиг царайчилдаг байсан. Гэтэл банк үйлдвэрлэл эрхлэгч нарт зээл олгож байж, тэндээс ашиг хүртэж байгаа бас л нэг бизнес шүү дээ. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл олгохдоо санхүүгийн мэдлэггүйг нь далимдуулж, хэрэгцээтэй мөнгийг нь өгөхгүй, удаах байдлаар ханддаг. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нар маань санхүүгийн боловсролтой, санхүүгийн зөвлөхтэй болоод ирэхээрээ банкуудтай хэлцэл хийж эхэлсэн. Ихэнх банкууд 24 сар, 36 сар гэх мэтээр хугацаа заадаг. 36 сарын дотор хөл дээрээ зогсдог бизнес гэж үгүй. Банкууд ч цаашдаа тогтвортой ажиллахын тулд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ хэр тогтвортой байх юм бэ, зээлийнхээ хүүг тогтмол өгч чадах юм уу гэдэг судалгаа хийгээд, зээл олгож байх ёстой. Гэтэл дунд нь бүдэрч, зээлээ төлөхгүй байх нөхцөлийг тулгаж байгаагаа банкныхан ойлгохгүй байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нар нь ч, банк ч, төр ч хүмүүсийнхээ мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн мөнгөнөөс л бүгд орлого олж, зохих хувь хүртэж байгаа шүү дээ. Тайвань, Японд тухайн бүс нутаг, баг сум хороо хөгжиж байж улс хөгждөг гэж үздэг юм билээ. ЖДҮ-ийн зээл гэхээр дандаа ашиг яриад байдаг. Мөнгөөр хэмжигдэхгүй ашиг зөндөө бий. Хэдэн хүнийг ажлын байртай болгосон бэ гэдэг чухал. Компаниуд дор хаяж 2-5 жил ажиллаж байж ашиг яригдаж эхэлнэ шүү дээ. Энэ хүн тогтвортой үйл ажиллагаа явуулах уу, ажлын байраа хадгалж үлдэх үү гэдгийг тооцож байж л ЖДҮ-ийг хөгжүүлнэ. Зөвхөн ЖДҮ-ийн зээл авсанаар хөгжихгүй. Санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүс маш тодорхой тоймтой мэдээллүүдийг Хорооны Засаг дарга дарга нарт өгч байх нь үр дүнтэй санагдсан гэлээ.
ЖДҮ-ийн зээлийн журам ингэж өөрчлөгджээ
ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэр хариуцсан ахлах мэргэжилтэн А.Гэрэлзаяа ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох журамд орж байгаа өөрчлөлтийг танилцууллаа.
Гол өөрчлөлтүүд нь зээлийн эх үүсвэрийг хуваарилах, сонгон шалгаруулах эрхийг орон нутагт олгож эхэлсэн. 2007 оноос хойш орон нутагт тодорхой хэмжээгээр хуваарилж байсан ч 2014 онд зогссон байжээ. 300 хүртэлх сая төгрөгийн төсөл сонгон шалгаруулах эрхийг орон нутагт олгохоор төлөвлөж байна. ХХААХҮ-ийн сайдын А41 тушаалаар орон нутагт 20,5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хуваарилсан. Говьсүмбэр аймагт 500 сая, бусад аймагт тус бүр тэрбум төгрөгийн эх үүсвэр хуваарилж,300 хүртэлх сая төгрөгийн зээлийг сонгон шалгаруулж, олгох эрх олгосон. Сонгон шалгаруулах бүрэлдэхүүнийг тодорхой болгожээ. Хөнгөлөлттэй зээлийг дамжуулан олгож байгаа арилжааны банкинд тавих шаардлага бий болгожээ. Өмнө нь ийм шаардлага тавьдаггүй байсан гэнэ. Капитал банкны асуудлаас үүдээд ийм шаардлага тавьдаг болжээ. Хөнгөлөлттэй зээл авах жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тавигдах шаардлагаа иргэн, хуулийн этгээдээр нь ангилжээ. Өмнө нь ийм байгаагүй учраас журам тодорхойгүй хэмээн асуудалд орж байсан гэнэ. Төсөл хүлээн авах хугацаа тогтоосон. Төсөл хүлээн авах судлах, хэлэлцэх үе шат бүрийг заагаад, онооны системээр үнэлэхээр болжээ.
ЖДҮ эрхлэгч, санхүүжилт хүсч байгаа байгууллагын уялдааг сайжруулах, хяналттай байхаар зохицуулалт хийсэн байна. Зээлийн эрэлттэй холбогдуулан даатгалын асуудлыг тусгажээ. Өмнө нь даатгал байгаагүй. Ноднин даатгалыг оруулж ирэхэд ЖДҮ эрхлэгчид даатгалд нэг хувийн шимтгэл төлж байгааг шүүмжилж, татвар хураамж нэммээргүй байна гээд болиулсан удаатай. Харин өдгөө Төлбөр тасалдлын даатгал хийлгэх нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, зээл авч байгаа хүмүүст хэрэгтэй хэмээн үзэж, эргүүлээд даатгалтай болгожээ. Түр хугацаагаар төлбөр тасалдсан тохиолдолд даатгалаас төлүүлэх боломж бий болсон. Өөрөөр хэлбэл төсөл хэрэгжүүлэгчийг дэмжсэн зохицуулалт гэж тооцогдож байна. Төсөл хүлээн авах үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлж хялбаршуулахаар болжээ. Хэн хаанаас ямар төсөл авч байгаа нь нээлттэй болох юм. Төслийн бичиг баримт хүлээж авахаас эхлээд оноогоор дүгнэж бүрэн байвал дараагийн шат руу орох учиртай. 70 онооноос дээш дүгнэгдэж байж дараагийн шатанд шилжих юм. Тэргүүлэх чиглэл бас тодорхойлно. Тухайн жилд ямар үйлдвэр үйлчилгээг дэмжихээ тодорхойлох юм байна. Банкаар дамжуулж зээл олгож байгаа тохиолдолд банкууд даатгал шаарддаг. Сангаар дамжуулж зээл олгож байгаа нөхцөлд ч даатгал хийгддэггүй байсныг даатгалд хамруулахаар болжээ.
Зээл олгохгүй байх нөхцөлүүдийг заажээ. Төсөл хэрэгжүүлэгч хэрэгцээтэй хөрөнгөний 30-аас доошгүй хувийг өөрөө бүрдүүлсэн байх шаардлагатай болж байна. Ийм хэмжээний эх үүсвэр бүрдүүлж чадаагүй бол зээл авахгүй гэсэн үг. Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан зэрэг тусгай сангуудад өр зээлтэй бол ЖДҮХС-гаас зээл авч чадахгүй. Сангаас авсан зээлээ төлсөн ч зориулалт бусаар ашигласан нь тогтоогдсон бол мөн л зээл өгөхгүй гэнэ. Монгол банкны зээлийн мэдээллийн санд чанаргүй зээлийн түүхтэй бол бас л сонгон шалгаруулалтад орохгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хар дансанд орвол “виз” авч чадахгүй. Нийгмийн даатгалд өртэй бол босго давахгүй. Байгаль орчинд хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон бол бас хүлээж авахгүй. Төсөл хэрэгжүүлэгчийн мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тавьж болно гэж зөвшөөрсөн тохиолдолд сонгон шалгаруулалтад орох юм. Засгийн газрын 2019 оны 87 дугаар тогтоолоор төсөл сонгон шалгаруулалтыг нээлттэй, олон нийтэд ил тод болгох үүрэг өгчээ.
Аймаг орон нутагт дэд хороотой, Улаанбаатар дахь хороогоор дамжуулан төсөл сонгон шалгаруулна. Хороо нь ЖДҮХС-гаар дамжуулан төсөл хүлээж авна. Бүрэлдэхүүнд нь төрийн байгууллагаас дөрөв, төрийн бус байгууллагаас гурван хүнтэй, найм дахь хүн болох төслийн нарийн бичгийн дарга нь саналын эрхгүйгээр ажиллах юм. 300 хүртэл сая төгрөгийг аймаг орон нутаг, түүнээс дээшхийг арилжааны банкаар дамжуулан олгоно. Банк 30 хоногийн дотор зээлийг санхүүжүүлэх боломжтой үгүйгээ мэдэгдэх ёстой. Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт төслийг хүлээж авна.
Банкинд бас шаардлага тавигдах гэнэ. Аймаг орон нутагт салбартай байх учиртай. Зээлийн үйл ажиллагаатай холбоотой эрсдэлээ өөрсдөө үүрнэ. Сүүлийн гурван жилийн хугацаанд сангаас олгосон зээлийн хугацаа хэтэрсэн зөрчилгүй байна гэсэн шаардлагыг банкинд тавихаар болжээ. Зээлдэгч арилжааны банкинд мөнгөө төлөхөд мөнгөн хуримтлалыг нь сан руу шилжүүлдэг зарчимтай. Гэтэл Капитал банк зээлдэгчдийн төлсөн мөнгийг дамжуулахгүй байжээ. Сангаас олгосон мөнгийг зориулалт бусаар зарцуулсан бол буцааж татна.
Хорооноос гаргасан шийдвэртээ хорооны гишүүд өөрсдөө хариуцлага хүлээнэ гэв.
Уг шинэчилсэн журмыг энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, зөвшөөрвөл энэ сарын сүүлээр батлагдах юм. Шинэчилсэн журам батлагдаагүй учраас ЖДҮ эрхлэгчдэд зээл хараахан олгогдоогүй байна.
-Цахим платформ байгуулж дууссан уу?
-Цахим платформ хараахан хийгдэж дуусаагүй байна. Сонгон шалгаруулалт явуулах зар тавигдахад цахим платформ хийгдэж дууссан байна.
-Зээлийг банкаар дамжуулбал банкны хүү нэмэгдэнэ. Яг хэд болох вэ?
-ЖДҮХС-гийн зээл гурван хувь. Дээр нь даатгалын нэг хувь нэмэгдэж, дөрвөн хувь болно. Үүн дээр арилжааны банкаар дамжуулахаар бол банкны үйл ажиллагааны зардал 4-5 хувь нэмэгддэг. Ингээд 8-9 хувийн хүүтэй болдог юм. Бид банкуудаа сонгон шалгаруулах учраас арилжааны банкны зээлийн хүү тэд болно гэж шууд хэлэх боломжгүй. Аль бага санал өгсөн банктай хамтарч ажиллана гэв.
Хэлэлцүүлэг зохион байгуулагчдын нэг “Үнэн хатамж” ТББ-ын гүйцэтгэх захирал Ж.Сайнзаяа “Бид ЖДҮ болон төсвийн хуулийн хэрэгжилтэнд төвлөрч ажилладаг. Манай ТББ-ууд зөвхөн ЖДҮ-ийг хөгжүүлэх сан төдийгүй бусад тусгай сангуудын үйл ажиллагаанд ч хяналт тавьж ажиллана” гэлээ.
Б.Янжмаа




