/ТАСС/ Өмнөд Солонгостой хамтран хийж буй цэргийн сургуулилт нь БНАСАУ-д “дайсагнасан дохио”-г өгч байгаа тул уг сургуулилтын цар хүрээг хумих үүргийг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Батлан хамгаалахын сайд Пит Хегсетэд өгчээ.
Д.Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун-тай тогтоосон “маш сайн харилцааныхаа” талаар дурсан яриад “АНУ хамтарсан хээрийн сургуульд оролцохыг хэдийн зөвшөөрсөн явдалд” сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна.
“Энэ сургуулилт нь маш их өртөгтэйгээс гадна зардлын ихэнхийг урьдын адил АНУ даадаг, түүнчлэн миний эхний бүрэн эрхийн хугацаанд аюул занал учруулж байгаагүй улс оронд "огт зохимжгүй, дайсагнасан дохиог" өгч байна. Одоо энэ сургуулилтыг зогсооход нэгэнт оройтсон тул түүний цар хүрээг багагүй хэмжээгээр хумих үүргийг Батлан хамгаалахын сайд Пит Хегсетэд өглөө” гэж АНУ-ын Ерөнхийлөгч өөрийн Truth Social нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ.
АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан Ulchi Freedom Shield гэдэг нэртэй цэргийн сургуулилт өнөөдөр эхлэх бөгөөд Умард Солонгосын болзошгүй халдлагаас сэргийлэх зорилготой юм.
Д.Трамп цааш нь бичихдээ, Ираныг цөмийн зэвсэггүй болгоход хамтран ажиллах уу гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөс асуухад “Үгүй, баярлалаа” хэмээн хариулсныг дурдсан байна.



