Оросууд Украинд баллистик пуужингаар цохилт өгөхөө улам эрчимжүүлж байна. Харин Киевийн хувьд асуудал нь зөвхөн Оросын пуужингийн тоо нэмэгдэж буйд биш. Тэдгээрийг агаарт устгах ёстой Patriot системийн пуужингийн нөөц Украинд байхгүй байгаа нь нөхцөл байдлыг бүр ч хүндрүүлж байна. Өөрөөр хэлбэл Москва пуужингийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, Киев тэдгээрийг агаарт нь амдан устгах боломжоо алдаж эхэлжээ. Тэгвэл пуужинг агаарт нь амжиж сөнөөж чадахгүй бол түүнийг хөөргөхөөс нь өмнө, өөрөөр хэлбэл газар дээр нь устгах нь дараагийн шийдэл болж байгаа аж.
Украины Батлан хамгаалах яамны мэдээллээр Орос зөвхөн долдугаар сард Украин руу бараг 200 баллистик пуужин харвасан нь дайны эхлэлээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Үүнд “Искандер”, С-400 системийн баллистик горимд ашиглагддаг пуужингууд болон “Циркон”, “Оникс” зэрэг квазибаллистик траектороор нисдэг пуужингууд багтсан байна. Украины мэдээллээр тэдгээрийн 29-ийг нь амдан устгаж чаджээ. Харин Украины Агаарын хүчний статистикт долдугаар сард устгасан баллистик пуужингийн тоог 10 гэж дурдсан нь тооцооллын зөрүү байгааг харуулж байна. Харин наймдугаар сар эхлээд аравхан хонож байхад Орос Украин руу 70 орчим баллистик пуужин харвасан бөгөөд тэдгээрээс ердөө нэгийг нь амдан устгасан гэж Киев мэдээлж байна. Энэ тоо өөрөө асуудлын цар хүрээг харуулна. Хэрэв Оросын баллистик пуужингийн довтолгоо цаашид ийм хурдаар өсвөл Украины агаарын довтолгооноос хамгаалах системийн хамгийн үнэтэй, хамгийн ховор нөөц болох Patriot-ийн пуужингийн нөөц хүрэлцэхгүй болох эрсдэлтэй болов. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский барууны орнуудаас Patriot системийн нэмэлт пуужингуудыг яаралтай нийлүүлэхийг удаа дараа шаардаж байгаагийн цаад шалтгаан нь энэ юм.
Гэвч асуудал нь зөвхөн Patriot системийн тоонд биш. Баллистик пуужин харвах бүрд түүнд хариу болгон хэт үнэтэй сөрөг пуужин ашиглах шаардлагатай болдогт байгаа билээ. Харин Орос харьцангуй олноор үйлдвэрлэх боломжтой пуужингуудаа тасралтгүй нэмэгдүүлж чадвал энэ нь Украины хувьд эдийн засгийн хувьд ч туйлын хүнд дайн болж хувирна. Иймээс Украины өмнө үндсэндээ хоёр сонголт үлдэж байгаа аж. Нэгдүгээрт, баллистик пуужин үйлдвэрлэдэг үйлдвэрүүд болон тэдгээрийн эд анги нийлүүлдэг сүлжээг цохилтын бай болгох. Хоёрдугаарт, пуужинг хөөргөж буй хөөргөгч төхөөрөмжийг өөрийг нь устгах. Зеленский наймдугаар сарын 5-нд “дайсны хөөргөгч төхөөрөмжийг устгах хэрэгтэй” гэж мэдэгдсэн нь энэ стратегийн өөрчлөлтийг илэрхийлж байна. Пуужинг агаарт нь хөөж устгахын оронд пуужин хөөргөх боломжийг нь устгах. Өөрөөр хэлбэл Украины шинэ зорилго нь пуужинтай нь биш, пуужингийн системтэй нь тэмцэхэд шилжиж байна.
Энд хамгийн аюултай зэвсгийн нэг нь Оросын “Искандер-М” юм. Нэг хөөргөгч хоёр пуужин харвах боломжтой. Оросын хамгийн том баллистик цохилтуудын үеэр 24-29 пуужин харвасан тохиолдол байгаа нь нэг удаагийн довтолгоонд 12-15 орчим хөөргөгч оролцож байсныг харуулна. Дайны хугацаанд бүр 34 баллистик пуужин нэг дор харвасан тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ үед 17 хөөргөгч ашигласан байх магадлалтай. Орос Украинтай хил залгаа бүсүүдэд нийтдээ 36 орчим ийм хөөргөгчийг нэгэн зэрэг ашиглах боломжтой гэж шинжээчид тооцдог. Хэрэв бүгдийг нь нэг удаагийн ажиллагаанд дайчилбал 70 орчим баллистик пуужин харвах боломжтой гэсэн үг. Харин Оросын үйлдвэрлэлийн хүчин чадал цаашид нэмэгдвэл энэ тоо өсөх боломжтой.
Украины цэргийн тагнуулын мэдээллээр Орос одоогоор сард ойролцоогоор 65 ширхэг 9М723 пуужин үйлдвэрлэж байгаа нь төлөвлөгөөнөөсөө бараг 10 хувиар давсан үзүүлэлт юм. Үүн дээр “Циркон”, “Оникс” зэрэг пуужингийн үйлдвэрлэл нэмэгдэж байна. Украины тагнуулын орлогч дарга Вадим Скибицкийн тайлбарласнаар Орос “Кинжал”, Х-32 зэрэг зарим пуужингийн үйлдвэрлэлийг түр сааруулж, үйлдвэрлэлийн хүчин чадал болон эд ангиудыг баллистик пуужин үйлдвэрлэхэд шилжүүлжээ. Энэ бол Москвагийн хувьд чухал стратегийн сонголт. Орос нэг талаас хямд өртөгтэй дроноор асар олон тооны довтолгоо хийж, Украины агаарын довтолгооноос хамгаалах системийг ядрааж байна. Нөгөө талаас хамгаалахад хамгийн хэцүү баллистик пуужингийн тоог нэмэгдүүлж байна. Ингэснээр Украин нэгэн зэрэг хоёр өөр төрлийн дарамттай тулгарч байна. Гэхдээ энд нэг чухал асуулт гарч ирнэ. Орос пуужин үйлдвэрлэж чадлаа ч тэдгээрийг харвах хөөргөгч төхөөрөмж хангалттай юу.
Украины цэргийн шинжээчдийн хувьд гол бай нь ойролцоогоор 20-30 “Искандер”-ийн хөөргөгч байж болох юм. Хэрэв эдгээрийг тогтмол устгаж чадвал Оросын пуужингийн үйлдвэрлэл өссөн ч бодит довтолгооны боломж нь хязгаарлагдана. Гэвч энэ нь цаасан дээрхээс хавьгүй хэцүү ажиллагаа. “Искандер-М” бол зүгээр нэг пуужин харвагч ганц машин биш. Бүхэл бүтэн цогцолбор нь хөөргөгч, тээвэрлэн цэнэглэгч машин, команд-штабын машин, мэдээлэл боловсруулах төхөөрөмж, техникийн үйлчилгээний машин, амьдралын хангалтын машинаас бүрдсэн хэд хэдэн автомашины бүрэлдэхүүнтэй. Тэдгээр нь байнгын нэг газар байрладаггүй. Оросын цэргийнхэн хөөргөх маршрутаа өөрчилж, түр байрлал ашиглан, өнгөлөн далдлах арга хэрэглэж, радиоэлектроны тэмцэл болон агаарын довтолгооноос хамгаалах системээр хамгаалдаг болсон. Хөөргөгчид Украины хилээс 100-200 орчим километрийн зайд байрлах боломжтой бөгөөд шаардлагатай үед далд байрлалаас гарч, хөөргөх цэгт очно. Энд хамгийн сонирхолтой нь цаг хугацааны асуудал юм.
“Искандер” хөөргөх байрлалд очсоноос хойш бэлтгэлээ хангаж, пуужингаа цэнэглээд, хоёр пуужин харваад, дараа нь байрлалаа орхих хүртэл маш богино хугацаа зарцуулдаг. Украины талын тооцоогоор бүх ажиллагаа 15-20 минутын дотор явагдах боломжтой. Өөрөөр хэлбэл Украины тагнуул Оросын хөөргөгчийг илрүүлсэн мөчөөс эхлээд түүнд цохилт өгөх хүртэл ердөө хэдхэн минутын “цонх” үлдэж байна. Энэ бол орчин үеийн дайны хамгийн чухал өөрчлөлтийн нэг. Байг илрүүлэх нь хангалтгүй. Илрүүлсэн байг хэдхэн минутын дотор устгах чадвартай байх ёстой.
Украины тал Оросын баллистик пуужин хөөргөх гэж байгаа тухай мэдээллийг барууны түншүүдээс авдаг гэж ерөнхийлөгчийн технологийн асуудал хариуцсан зөвлөх Сергей Бескрестнов мэдэгдэж байсан. Тэрээр мэдээллийн гол эх үүсвэр нь хиймэл дагуулын ажиглалт болон пуужин хөөргөх үйл явцыг илрүүлэх систем байж болохыг тайлбарласан. Гэхдээ тагнуулын мэдээлэл ирэхэд хөөргөгч аль хэдийн байрлалд очсон байвал асуудал үүснэ. Тэр мөчөөс хойш Украинд маш хурдан хүрч очих зэвсэг хэрэгтэй. Иймээс Украины өөрийн хөгжүүлж буй шинэ баллистик пуужингийн хөтөлбөр чухал үүрэгтэй болж байна. “Сапсан”, буюу “Гром-2”, мөн FP-9 зэрэг системүүд 200-500 километрийн зайд бай онох зориулалттай бөгөөд нислэгийн хурд нь секундэд 2,000-2,300 метр хүрэх боломжтой гэж мэдээлж байна. Ийм хурдтай зэвсэг Оросын хөөргөгчөөс 200-300 километрийн зайд байгаа байг хэдхэн минутын дотор олж цохих боломжтой. Гэвч гол асуудал нь эдгээр системүүд одоогоор бүрэн хэмжээгээр байлдааны хэрэглээнд ороогүй байгаа явдал.
Өөрөөр хэлбэл Киевт яг хэрэгтэй байгаа “илрүүлээд хэдхэн минутын дараа устгах” чадвар одоогоор бүрэн бэлэн болоогүй байна. Мөн дунд зайн дрон ашиглах боломж бий. Гэхдээ энд бас цаг хугацаа дайсан болж байна. Жишээлбэл, 300 километрийн зайд нисдэг дрон хэдэн зуун километр цагийн хурдтай байсан ч зорилтот цэгт хүрэхэд олон арван минут, зарим тохиолдолд хэдэн цаг шаардана. Энэ хугацаанд “Искандер” аль хэдийн пуужингаа харваад, байрлалаа сольчихсон байна. Тиймээс Украины хувьд ирээдүйн гол зэвсэг нь зөвхөн илүү хүчтэй пуужин биш, харин илрүүлэхээс устгах хүртэлх хугацааг хамгийн бага хэмжээнд хүргэх хиймэл сэтгэхүй бүхий нэгдсэн систем байх нь тодорхой байна. Энэ нь хиймэл дагуулын тагнуул, радарын мэдээлэл, нисгэгчгүй тагнуулын систем, хиймэл оюун ухаанд суурилсан бай илрүүлэлт, өндөр хурдны пуужин, холбоо болон командлалын системийг нэг сүлжээнд холбохыг шаардана гэсэн үг юм. Ингэж Украин Оросын хөөргөгчийг хэдэн цагаар хайж явах биш, илрүүлснээс нь хойш хэдхэн минутын дотор устгах чадвартай болно.
Украин өмнө нь “Искандер”-ийн техникүүдийг устгах оролдлого хийж байжээ. Крымын Симферополийн ойролцоох хадгалалтын бааз, Курск муж дахь пуужингийн цогцолбор, Краснодарын хязгаар дахь сургалтын талбай зэрэгт хийсэн цохилтын үеэр “Искандер”-ийн хөөргөгч болон туслах техникүүд гэмтэж, устсан талаар Украины тал мэдээлж байсан.Гэхдээ энд бас нэг асуудал бий. Орос шинэ хөөргөгч үйлдвэрлэж байгаа. Тиймээс нэг удаагийн цохилтоор хэд хэдэн систем устгалаа ч стратегийн тэнцвэр шууд өөрчлөгдөхгүй. Украины зорилго бол тусгай нэг ажиллагаагаар хэдэн машин устгах бус, Оросын хөөргөгчийн тоог нөхөн үйлдвэрлэх чадвараас нь илүүтэй бууруулах ёстой. Энэ наймдугаар сарын 10-нд Украины OSINT-ийн “Киберборошно” төсөл Оросын нутаг дэвсгэрт “Искандер”-ийн хөөргөгчийг илрүүлж, устгах ажиллагаа явуулсан байж болзошгүй тухай мэдээлсэн. Гэхдээ тухайн мэдээллийг Украины албан ёсны байгууллагууд батлаагүй байна. Иймээс үүнийг батлагдсан цэргийн амжилт гэж үзэхэд эрт юм. Гэсэн ч энэ мэдээлэл өөрөө нэг зүйлийг харуулж байна. Дайн шинэ шатанд орж байна.
Эхний үед Украин Оросын пуужинг агаарт нь тосож авахыг хичээж байлаа. Одоо пуужинг агаарт нь устгах сөрөг пуужин хүрэлцэхгүй болж байгаа нөхцөлд түүнийг газар дээр нь зогсоох шаардлага тулгарч байна. Энэ нь зөвхөн тактикийн өөрчлөлт биш, дайны логик өөрчлөгдөж байгаагийн шинж. Оросын хувьд ирээдүйн зорилго нь хэдэн зуун пуужинтай болохоос илүүтэйгээр тэдгээрийг нэг дор олноор харвах чадвартай болох явдал юм. Украины талын зарим тооцоогоор Орос 77 баллистик пуужинг нэг дор харвах боломжтой түвшинд хүрч байгаа бөгөөд цаашид нэг заалтаар 200 пуужин харвах чадвартай болохыг зорьж байна. Хэрэв энэ зорилтын тал нь биелбэл Украинд асар том дарамт ирнэ. Учир нь 200 пуужингийн эсрэг 200 сөрөг пуужин харваад асуудлыг шийдэх боломжгүй. Тиймээс ирээдүйн гол тулаан тэнгэрт биш, мэдээлэл ба хугацааны төлөөх тулаан болох юм.
Орос пуужинг хэдий хэр хурдан үйлдвэрлэж чадах вэ. Украин түүнийг хэдий хэр хурдан илрүүлж чадах вэ. Илрүүлснээс хойш хэдхэн минутын дотор хөөргөгчийг нь устгаж чадах уу. Энэ гурван асуултын хариу Украины агаарын довтолгооноос хамгаалах чадвараас дутахгүй чухал болж байна. Өөрөөр хэлбэл Москвагийн пуужингийн үйлдвэрүүдийг бөмбөгдөхөөс гадна тэдгээр пуужинг хөөргөх “гар”-ыг нь таслах тухай яригдаж эхэлжээ. Хэрэв Киев энэ чадварыг бий болгож чадвал Оросын пуужингийн үйлдвэрлэл хэд дахин өссөн ч түүний бодит хэрэглээний боломж хумигдана. Харин эсрэгээрээ хөөргөгчид нь аюулгүй үлдэж, пуужингийн үйлдвэрлэл нэмэгдсээр байвал Украин улам олон пуужинг тэнгэрт тосох шаардлагатай болно.
Ингээд дайны дараагийн том шат “хэн хамгийн олон пуужин үйлдвэрлэх вэ” гэсэн асуултаас “хэн дайсны пуужинг хөөргөхөөс нь өмнө олж, хэдхэн минутын дотор устгаж чадах вэ” гэсэн асуулт руу шилжиж байна. Энэ бол пуужингийн дайнаас илүүтэй цаг хугацааны дайн юм. Энэ дайнд хэдхэн минутын давуу тал хүртэл стратегийн ялалтыг авчирах болно.
Г.АМАРСАНАА /Өдрийн сонин/



