x

Ормузын хавх

Ормузын хоолой хаагдсан нь зөвхөн Иран, АНУ-ын хоорондын цэрэг-улс төрийн сөргөлдөөн биш, дэлхийн эрчим хүчний зах зээлийг бүхэлд нь өөрчилж эхэлсэн эдийн засгийн том тоглоом болж хувирч байна. Нефть, байгалийн хийн тээвэрлэлтийн хамгийн чухал гарцуудын нэг хаагдсанаар дэлхийн зах зээлд нийлүүлэлт хумигдаж, үнэ нь өсөв.

Энэ сарын 9-нд Брент нефтийн үнэ 84.46 ам.долларт хүрч, West Texas Intermediate 78.79 ам.доллар болсон нь Ормузын асуудал шийдэгдээгүй хэвээр байгааг зах зээл харууллаа.

Эндээс нэг сонирхолтой парадокс гарч ирнэ. Нефтийн үнэ өсөх нь хэрэглэгч орнуудад муу мэдээ боловч дэлхийн хамгийн том нефть, байгалийн хий үйлдвэрлэгчдийн нэг болсон АНУ-ын хувьд бүхэлдээ зөвхөн алдагдал гэсэн үг биш. Харин эсрэгээрээ АНУ-ын дотоодын газрын тос, байгалийн хийн компаниуд өндөр үнээс ашиг хүртэх боломжтой. Өөрөөр хэлбэл, Вашингтон нэг талаас эрчим хүчний үнийн өсөлтийг хязгаарлахыг хүсэж байгаа ч нөгөө талаас өндөр үнэ нь өөрийн эрчим хүчний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг хоёр талтай нөхцөлтэй тулгарч байна. Гэхдээ энд нэг чухал ялгаа бий. АНУ-ын стратегийн нефтийн нөөцийн зорилго нь зах зээлийн үнийн өсөлтөөс ашиг олохын тулд хямд нефтийг өндөр үнээр худалдах явдал биш.

Харин нийлүүлэлтийн хомсдол, үнийн огцом өсөлтийг зөөлрүүлэхэд ашигладаг стратегийн нөөц юм. Үнэн хэрэгтээ Ормузын хямрал үргэлжилж байгаа энэ үед АНУ-ын стратегийн нөөц өөрөө дарамтад орж, нөөцийн хэмжээ сүүлийн хэдэн арван жилийн хамгийн доод түвшин рүү ойртож байгаа тухай мэдээлэл гарч байна. Тиймээс “АНУ нөөцөө хямдаар авчихаад одоо өндөр үнээр зарж байна” гэхээс илүүтэйгээр асуудлыг өөр өнцгөөс харах нь зөв болно.

Ормузын хаалт удаан үргэлжилбэл АНУ-ын дотоодын нефть, байгалийн хийн олборлогчид зах зээлийн өндөр үнээс ашиг хүртэж, импортын эрчим хүчнээс хамаарал багатай байх стратегийн давуу талаа улам тод харуулж чадна. Харин Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Кувейт, Катар зэрэг Персийн булангийн эрчим хүчний экспортлогчдын хувьд нөхцөл байдал илүү төвөгтэй.

Тэд асар их хэмжээний нефть, байгалийн хийтэй боловч түүнийгээ дэлхийн зах зээлд хүргэх далайн зам хаагдвал олборлосон баялаг нь шууд орлого болж хувирах боломж хумигдана. Өөрөөр хэлбэл, газрын тос нь газар доороо байгаа ч зах зээлд хүргэх гарцгүй бол мөнгө болж чадахгүй.Энэ бол Ормузын хоолойн жинхэнэ стратегийн хүч юм.

Ормузын хоолой бол зүгээр нэг далайн нарийн зурвас биш. Энэ бол Персийн булангийн нефть, байгалийн хийг дэлхийн зах зээлтэй холбодог эдийн засгийн “амьсгалын хоолой” юм. Тиймээс хоолой хаагдахад зөвхөн нефтийн үнэ өсөхгүй. Тээврийн зардал, даатгал, эрчим хүчний үнэ, улмаар хүнс болон өргөн хэрэглээний барааны үнэ хүртэл өсөх дарамт бий болно.Үүний эцсийн төлбөрийг жирийн иргэд төлнө. АНУ-ын хэрэглэгчид ч энэ дарамтаас ангид үлдэхгүй. Бензин, дизель түлш, тээвэр, цахилгаан, үйлдвэрлэлийн зардал өсөх тусам бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Тиймээс Вашингтон өөрийн нефть, байгалийн хийн үйлдвэрлэлийн давуу талыг ашиглаж болох боловч эдийн засаг бүхэлдээ нефтийн үнийн өсөлтөөс автоматаар хождоггүй.Гэхдээ геополитикийн түвшинд илүү том өөрчлөлт явагдаж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 9-нд Axios-т өгсөн ярилцлагадаа Ираны эсрэг шинэ томоохон цэргийн ажиллагаа явуулахын оронд эдийн засгийн дарамтыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байгаагаа илэрхийлсэн. Тэрээр Вашингтон Ирантай “хагас хүчээр” хэлэлцэж байгаа бөгөөд Тегераны инфляци, санхүүгийн хүндрэлд анхаарч байгаагаа хэлжээ.Энэ нь Трампын хувьд маш прагматик тооцоо байж болох юм.Иран эдийн засгийн дарамтад орно. Персийн булангийн экспортлогчид нийлүүлэлтийн саатлаас болж хүнд байдалд орно. Европ болон Азийн эрчим хүч импортлогчид өндөр үнэтэй нүүр тулна. Харин АНУ өөрийн дотоодын олборлолтоо нэмэгдүүлэх, LNG болон нефтийн экспортоо стратегийн давуу тал болгон ашиглах боломжтой. Гэхдээ энэ тоглоомд нэг аюултай “бумеранг” бий.

Ормузын хоолой удаан хугацаагаар хаалттай байх тусам АНУ өөрөө ч өндөр нефтийн үнээс шалтгаалсан инфляцийн дарамтад орно. Түүнээс гадна стратегийн нөөцийг хэт хурдан ашиглавал өнөөдрийн хямралыг зөөлрүүлэхийн тулд маргаашийн хамгаалалтаа сулруулах эрсдэлтэй. АНУ-ын стратегийн нефтийн нөөц аль хэдийн ихээхэн дарамтад орсон тухай мэдээлэл гарч байгаа нь үүнийг анхааруулах дохио юм. Ормузын хаалт бас нэгэн санаанд оромгүй аюулыг бий болгожээ. Энэ нь экологийн “биологийн бөмбөг” юм. Судалгааны мэдээллээр Персийн булан болон Оманы тэнгист 1500 орчим хөлөг онгоц гацаж, хэдэн зуун хөлөг нэмэгдэн зогсож байна. Хөлөг онгоцууд хэдэн сар хөдөлгөөнгүй зогссоноор их биед нь далайн бичил биетэн, замаг, хавч хэлбэртэн болон бусад организм олноор наалдаж үржих нөхцөл бүрджээ.Энэ нь зөвхөн хөлөг онгоцны асуудал биш. Хоолой нээгдэж, эдгээр хөлөг дэлхийн янз бүрийн боомт руу хөдөлбөл тэдгээр организм шинэ экосистемд тархах эрсдэлтэй. Судлаачид үүнийг “биоинвазив супер-тархалт” болох боломжтой гэж анхааруулж байна. Инвазив зүйлүүд шинэ орчинд нутагшвал уугуул зүйлүүдийг шахах, загас агнуур болон загасны аж ахуйд хохирол учруулах, тэр ч байтугай цахилгаан станцын хөргөлтийн системд асуудал үүсгэх эрсдэлтэй.

Өөрөөр хэлбэл, Ормузын хямралын “үнэ” зөвхөн нэг баррель нефтийн үнээр хэмжигдэхгүй болжээ.Хэдэн сар зогссон хөлөг онгоцны их бие дээр үүссэн био обрастант нь түлшний зарцуулалтыг ч нэмэгдүүлдэг. Судалгаанд микробын нимгэн бүрхүүл ч түлшний хэрэглээг 2–5 хувиар, харин илүү их хэмжээгээр бүрхэгдсэн тохиолдолд 25 хүртэл хувиар өсгөж болзошгүй гэж дурдсан байна.

Ингээд Ормузын нэг хаалт хэд хэдэн давхар хохирлыг үүсгэж байна. Нефтийн үнэ өснө. Тээвэр үнэд орно. Даатгалын зардал нэмэгдэнэ. Инфляци өснө. Экспортлогч орнуудын орлого тасалдана. Импортлогч орнуудын зардал нэмэгдэнэ. Харин үүн дээр далайн экосистемд урт хугацааны хохирол учруулах эрсдэл нэмэгдэж байна.

Хамгийн сонирхолтой нь энэ бүхний төвд Иран биш, АНУ ч биш, харин дэлхийн эдийн засгийн эмзэг байдал өөрөө харагдаж байна. Нэг нарийн хоолой хаагдахад дэлхийн нөгөө талд бензиний үнэ өснө. Нефть экспортлогч орны орлого тасарна. Америкийн олборлогч компаниудын ашиг өсөж болно. Европын үйлдвэрүүдийн зардал нэмэгдэнэ. Азийн импортлогч орнуудын валютын дарамт нэмэгдэнэ. Харин эцэст нь дэлхийн өнцөг булан бүрийн хэрэглэгч илүү үнэтэй бараа худалдаж авах болно.Тиймээс Ормузын хямралыг “хэн ялж, хэн ялагдах вэ?” гэсэн энгийн асуултаар хэмжих боломжгүй. Богино хугацаанд АНУ стратегийн болон эрчим хүчний тодорхой давуу тал олж авч болох ч нефтийн үнэ хэт өндөр, нийлүүлэлтийн хямрал хэт удаан үргэлжилбэл энэ давуу тал өөрөө инфляцийн дарамтаар суларна.

Харин Арабын нефть үйлдвэрлэгч орнуудын хувьд хамгийн том сургамж нь тодорхой. Асар их нефтийн нөөцтэй байх нь хангалтгүй. Тэр баялгаа дэлхийн зах зээлд хүргэх найдвартай гарцтай байх нь түүнээс ч чухал болж байна. Ормузын хоолой бол өнөөдөр нефтийн зам биш, дэлхийн эдийн засгийн “амьсгалын хоолой” юм. Түүнийг хаахад зөвхөн Иран амьсгал боогдохгүй. Персийн булангийн нефтийн хаант улсууд ч хүнд цохилт авна. Европ, Ази, АНУ-ын хэрэглэгчид ч төлбөр төлнө. Харин Вашингтон өөрийн дотоодын эрчим хүчний асар их нөөцөөрөө бусдаас арай илүү тэсэж чадна.Гэхдээ энд хамгийн том асуулт үлдэж байна. Ормузын хаалт АНУ-д ашигтай “эдийн засгийн зэвсэг” болж чадсан уу, эсвэл дэлхийн бүх тоглогчийг эцэст нь хохироох стратегийн хавх болж хувирах уу? Хариултыг нефтийн үнэ биш, Ормузын хоолой хэзээ, ямар нөхцөлөөр дахин нээгдэх, эсвэл Арабын улсууд энэ хоолойноос өөр экспортын гарц олох уу гэдэг л шийднэ. Харин хүн төрөлхтөн хэтэрхий их хохирол, цус урссан учир нефть, хийг орлуулах цоо шинэ арга олох нь зайлшгүй зүйл болов.

Г.АМАРСАНАА /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 4 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ 10 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан 16 мин Дэлхийн хөгжмийн тавцанд Монголыг таниулсан 10 жил 20 мин Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартыг танилцуулна 31 мин Ормузын хавх 46 мин ЗГ: Дижитал эдийн засгийг өсгөнө 56 мин ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа 1 цаг 16 мин “Asiana”-гийн хувьцаа эзэмшигчид Кореан Эйртэй нэгдэхийг зөвшөөрчээ 4 цаг 13 мин ГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийг хүлээн уулзав 4 цаг 21 мин Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ 4 цаг 37 мин Өнөөдөр байдлаар 60,557 хүүхэд буюу 48 хувь нь бүртгэлээ хийлгэжээ 4 цаг 48 мин Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ 4 цаг 57 мин Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв 5 цаг 7 мин Орон нутаг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана 5 цаг 21 мин Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв 5 цаг 26 мин Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна 5 цаг 28 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ 5 цаг 32 мин Э.Галбадрал: АНын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой 5 цаг 46 мин ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна 6 цаг 37 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Дайн өөрчлөгдсөөр байна Шатахууны хямрал ба бодит байдал Месси 80 мянган евро хандивлажээ Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга...
Top