x

М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна

Социологич М.Энхбадралтай ярилцлаа.

-Энэ үед хамтарсан Засгийн газар байгуулах тухай яриа дахин сэдрэх боллоо. Үүний цаана ямар улс төрийн зураглал ажиглагдаж байна вэ?

-Энд нэг зүйлийг эхлээд тодруулах хэрэгтэй. Н.Учралын Засгийн газар өөрөө нэг намын Засгийн газар биш. Одоогийн Засгийн газарт МАН-аас гадна ХҮН нам, Үндэсний эвслийн төлөөлөл багтаж байгаа. Тиймээс одоо дахин “хамтарсан Засгийн газар” яригдвал бодит утгаараа АН-ыг Засгийн газарт нэмж оруулах тухай асуудал яригдана. Ийм хувилбарыг дэмжихгүй. Ялангуяа үнэмлэхүй олонхтой нам сөрөг хүчнээ Засгийн газартаа нэгтгэх нь Монголын парламентын засаглалд маш хортой. 2024 оны сонгуулиар 126 суудлаас МАН 68, АН 42, ХҮН найм, Үндэсний эвсэл дөрөв, ИЗНН дөрвөн суудалтай болсон. Энэ бол олон жил ярьсан парламентын төлөөлөл, тэнцвэр тодорхой хэмжээнд сэргэж эхэлсэн үр дүн. Нэг тал руу хэт хазайсан парламент тогтсон учраас сонгуулийн тогтолцоогоо хүртэл өөрчилсөн шүү дээ.

Гэтэл сонгуулиар бий болгосон олонх, цөөнхийн ялгааг Засгийн газрын түвшинд буцаагаад нийлүүлчихвэл өөрсдийн хийсэн институцийн шинэчлэлийн утгыг өөрсдөө сулруулж байна гэсэн үг. Үнэхээр улс орны хэмжээний онцгой нөхцөл үүссэн бол намууд тодорхой асуудлаар зөвшилцөж болно. Заавал нэг Засгийн газарт орж байж зөвшилцдөг зүйл биш. Парламент өөрөө зөвшилцлийн институци. Тиймээс АН-ыг Засгийн газарт оруулах тухай асуудал яригдвал хамгийн эхний асуулт нь яагаад заавал хамтрах шаардлагатай болсон юм бэ, парламентын өнөөгийн бүтэц шийдэж чадахгүй ямар асуудал үүссэн юм бэ гэдэгт эхлээд хариулах хэрэгтэй.

-Монгол Улс 2024 онд хамтарсан Засгийн газар байгуулж байсан. Тэр туршлагаас харахад хамтарсан засаг улс орны тулгамдсан асуудлыг шийдэхэд үр дүнтэй байсан уу. Эсвэл улс төрийн хариуцлагыг бүдгэрүүлсэн үү?

-2024 онд үнэмлэхүй олонхтой нам АН, ХҮН намыг оролцуулж Засгийн газар байгуулсан нь миний үнэлгээгээр зөвхөн тухайн намуудын улс төрийн шийдвэрийн асуудал биш, Монголын парламентын засаглалын хөгжилд гаргасан том алдаа байсан.

Яагаад гэвэл сонгууль гэдэг зөвхөн хэн Засгийн газар байгуулахыг шийддэг процесс биш. Хэн сөрөг хүчин болж, Засгийн газарт хяналт тавихыг ч сонгогчид шийдэж байгаа. Сонгуулийн дараа тэр ялгааг арилгачихвал сонгуулийн үр дүнгийн нэг чухал утгыг үгүй хийж байна. Хамтарсан Засгийн газрын хамгийн том асуудал нь хариуцлагын зааг бүдгэрдэг. Хэн засаглаж байгаа юм, хэн хянаж байгаа юм, бодлого бүтэлгүйтвэл хэн хариуцлага хүлээх юм гэдэг гурван асуултын хариулт тодорхой байх ёстой. 2024 оны хамтралаас үүссэн энэ будилааны үр дагавар өнөөдөр ч бүрэн арилаагүй гэж хардаг. Эрүүл парламентын зарчмаар олонх нь засаглаж, цөөнх нь хянаж, намууд өөр өөрийн бодлого, хариуцлагын заагаа хадгалсан бол шийдэгдэх байсан улс төрийн олон асуудал өнөөдөр нам, Засгийн газар, парламентын харилцааны асуудал болж үргэлжилж байна. Зарим хүн парламент дээр зөрчил, маргаан гарахыг “төр тогтворгүй боллоо” гэж ойлгодог. Үнэндээ тийм биш. Парламентын мөн чанар нь өөр өөр байр суурь, ашиг сонирхол орж ирээд хэлэлцэх, зөрчилдөх, эцэст нь хэнд ч хамгийн ашигтай биш байж болох ч нийгэмд хамгийн бага хохиролтой зөвшилцөлд хүрэхэд оршдог.

Харин бүх асуудал ямар ч маргаангүй батлагдаад байвал гаднаасаа маш тогтвортой харагдаж болно. Гэвч энэ нь угтаа парламент ажиллахгүй байгааг харуулна. Парламент Засгийн газрынхаа нэг нэгж шиг ажиллаж эхэлсэн бол тэр нь сайн засаглалын шинж огтоос биш. Парламентын хяналтын үндсэн үүрэг нь гүйцэтгэх засаглалд хариуцлага тооцох явдал. Манайд энэ чиг үүрэг сул явж ирсэн.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн жил ойртож, дараагийн УИХ-ын сонгууль ч хаяанд ирж байна. Энэ үед хамтарсан Засгийн газар байгуулах нь намуудад яг ямар улс төрийн ашиг авчрах вэ?

-Намууд өөрсдөө ямар ашиг тооцож байгааг би хэлж мэдэхгүй. Сонгуулийн өмнө Засгийн газарт орж, төрийн бодлогод оролцож, хийсэн ажилтай харагдах сонирхол улс төрийн намд байж болно. Гэхдээ энэ асуултыг арай өөрөөр тавимаар байна. Улс төрийн нам шийдвэр бүрээ “дараагийн сонгуульд надад юу ашигтай вэ?” гэдгээр гаргадаг байх нь өөрөө ачаа үүрэх чадвартай намын шинж мөн үү. Нам мэдээж сонгуульд ялж, эрх мэдэл авахын төлөө өрсөлдөнө. Гэхдээ нам зөвхөн сонгуульд ялдаг машин биш. Нийгмийн ашиг сонирхлыг нэгтгэж, бодлогын сонголт гарган, сонгогчдод хувилбар өгч, сонгогдсон бол бодлогынхоо төлөө хариуцлага хүлээдэг институт.

Тэгэхээр “МАН-д юу ашигтай вэ, АН-д юу ашигтай вэ?” гэдгээс өмнө Монгол Улсад юу ашигтай вэ гэдгийг асуух ёстой. Харамсалтай нь манай улс төрд энэ хоёр асуултын дараалал олон удаа солигдчихдог. Улс төрийн намуудын төлөвшлийг сонгуулиар хэдэн суудал авснаар нь л хэмжиж болохгүй. Эрх мэдэлтэй байхдаа хуулиа хүндэтгэж чаддаг уу, эрх мэдэлгүй байхдаа ардчиллын дүрмээ хүлээн зөвшөөрдөг үү, хүний эрхийг улс төрийн ашиг сонирхлоосоо дээгүүр тавьж чаддаг уу гэдгээр нь бас хэмжих хэрэгтэй. Монголын намууд энэ шатанд хүрэх шаардлагатай байна.

-Харин сонгогчийн байр сууринаас харвал хамтарсан засаг ямар сөрөг талтай вэ. Намууд хамтарснаар эрх баригчдыг хянах сөрөг хүчний механизм сулрах байх?

-Энэ бол хамтарсан Засгийн газрыг дэмжихгүй хамгийн гол үндэслэл. Сонгогч сонгуулиар зөвхөн хэн засаглахыг шийддэггүй. Хэн сөрөг хүчин болж засагт хяналт тавихыг ч шийддэг.

Парламентын сөрөг хүчин гэдэг төрийн ажилд саад хийдэг бүтэц биш. Засгийн газрыг хянах, төсвийг шалгах, алдаа гарвал хариуцлага нэхэх, өөр бодлогын хувилбар санал болгох нь тэдний үндсэн ажил. Энэ үүрэг сулрах тусам Засгийн газрын эрх мэдлийг хянах институцийн боломж багасна. Хэвлэл мэдээлэл хянана, иргэний нийгэм хянана, иргэд хянана. Гэхдээ эдгээрийн аль нь ч парламент дахь сөрөг хүчнийг бүрэн орлож чадахгүй. Сөрөг хүчинд Үндсэн хууль, парламентын дүрмээр олгогдсон улс төрийн болон институцийн боломж бий.

Хамгийн энгийнээр дөрвөн жилийн дараа сонгогч амьдрал нь сайжраагүй байвал хэнд хариуцлага тооцох вэ? Бүгд хамтарч засагласан бол хариуцлага ч бүгдийн дунд тарж алга болно. Тийм учраас ардчиллын чанарыг хэр бага маргалдаж байгаагаар хэмжиж болохгүй. Харин эрх мэдлийг хэр сайн хянаж, алдааг нь ил гаргаж, хариуцлага тооцож чаддагаар хэмжинэ.

-АН Засгийн газарт хамтарч орвол 2028 оны УИХ-ын сонгуульд “засагт хамтран ажилласан нам” гэсэн давуу талтай юу. Нэг бол МАН-тай нийлсэн гэх шүүмжлэлд орж сонгогчдын дэмжлэгээ алдах эрсдэлтэй юу?

-Аль нь 2028 оны сонгуульд илүү ашигтайг одоо хэлэх боломжгүй. Тэрийг сонгогчид тухайн үедээ шийднэ. Харин АН одоо ямар институцийн үүрэгтэй вэ гэдэг дээр л миний байр суурь тодорхой. АН сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлэх ёстой. 2024 оны сонгуулийн дараа АН парламент дахь 126 суудлын 42-ыг авсан. Энэ бол эрх баригчдыг бодитоор хянах хэмжээний парламентын хүч. Сөрөг хүчин байна гэдэг дараагийн сонгууль хүртэл Засгийн газрыг харааж суухыг хэлэхгүй. Сайн бодлогыг дэмжинэ. Бурууг нь шүүмжилнэ. Төсөв, хууль, томилгоонд хяналт тавина. Хамгийн гол нь “бидэнд үүнээс өөр, илүү сайн бодлогын хувилбар байна” гэдгээ нийгэмд харуулна. Тэгээд дараагийн сонгуульд засаглахын төлөө өрсөлдөнө. Энэ бол парламентын ардчиллын эрүүл цикль. 2024 онд АН Засгийн газарт орсон шийдвэрийг хувьдаа ямар ч эргэлзээгүй алдаа байсан гэж үздэг. Зөвхөн АН-д гарсан стратегийн алдаа гэж харахгүй байна. Монголын засаглалын хөгжилд сөргөөр нөлөөлсөн институцийн алдаа байсан. Одоо дахиад яг тэр алдааг давтах ямар үндэслэл байгаа юм бэ гэдгийг харин маш сайн тайлбарлах шаардлагатай.

-Ерөнхий сайд Хууль зүйн сайдаа огцруулсан нь зүгээр нэг танхимын сэлгээ юу, эсвэл Засгийн газрын доторх эрх мэдлийн зөрчил, цаашдын том улс төрийн нүүдлийн эхлэл үү?

-Би улс төрийн намын дотоодод байгаа хүн биш учраас хэн хэнтэйгээ ямар тохироо хийж байгаа, үүний дараа ямар нүүдэл хийхийг хэлж мэдэхгүй. Тэгж таамаглах нь судлаачийн хийх ажил ч биш болов уу. Харин үүнийг нэг сайдыг сольсон үйл явдлаас арай өргөн хүрээнд харах хэрэгтэй байна. Ерөнхий сайд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг чөлөөлөхдөө энэ салбарт үүссэн нөхцөл байдал хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж тайлбарласан. Мөн холбогдох байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцох чиглэл өгсөн байна. Хариуцлага тооцож байгаа нь өөрөө буруу зүйл биш. Харин хариуцлага гэдэг асуудал гарах болгонд нэг хүн солиод өнгөрөхийг хэлэхгүй. Яагаад ийм нөхцөл үүсэв, институцийн ямар доголдол байв, дахин давтагдахгүй ямар өөрчлөлт хийх вэ гэдэг нь иргэд бидэнд илүү чухал. Манай улс төрийг харахаар хэн нь хэний хүн бэ, хэнийг хөдөлгөв, дараагийн сайд хэн болох вэ гэдэг яриа бодлогын асуудлаасаа илүү анхаарал татдаг. Энэ өөрөө намууд, төрийн институцийн төлөвшлийн асуудал. Төлөвшсөн тогтолцоонд төрийн бодлого хэдхэн хүний харилцаа, фракцын хүчний харьцаанаас ийм их хамаарах учиргүй. Тиймээс үүнийг “том улс төрийн нүүдлийн эхлэл мөн үү” гэж таахаас илүү Ерөнхий сайд цаашдаа хариуцлагын ямар зарчим тогтоох вэ гэдгээр харах хэрэгтэй. Нэг хүнд үйлчилсэн зарчим ижил нөхцөлд бусдад ч үйлчилж чадвал институцийн хариуцлага болно. Чадахгүй бол дахиад л улс төрийн нэг удаагийн шийдвэр болоод өнгөрнө.

-Өнөөдрийн энэ шийдвэрээс хойш Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар улс төрийн хувьд ямар зам руу орох вэ. Танхимын бусад сайдад өөрчлөлт орох, эрх баригчдын дотоод зөрчил хурцдах уу?

-Бусад сайд солигдох эсэх, МАН доторх зөрчил хаашаа эргэхийг гаднаас нь таах боломж хязгаарлагдмал, МАН-ынхан өөрсдөө ч баттай хэлж чадахгүй нөхцөлд байна. Харин ийм асуулт байнга тавигдаж байгаа нь МАН төдийгүй Монголын улс төрийн намуудын төлөвшлийн талаар ярих гарцаагүй шалтгаан болно. Төлөвшсөн нам гэдэг дотроо зөрчилгүй намыг хэлэхгүй. Улс төрийн нам учраас эрх мэдэл, бодлого, лидерийн өрсөлдөөн байна. Харин тэр зөрчлөө дүрэм, дотоод ардчиллаараа шийдэж чаддаг, намынхаа дотоод тэмцлийг төрийн асуудал болгож хувиргадаггүй байх нь төлөвшлийн шалгуур. МАН үүнийг хангахгүй байна.

Үүнээс ч том асуудал бий. Манай намууд сонгуульд ялж чаддаг хүмүүсийг бэлтгэж байгаа ч ардчилсан улсыг удирдаж чадах хүмүүсийг хэр бэлтгэж байна вэ гэдгийг асуух цаг болсон. Хүний эрхийн мэдрэмжтэй, ардчилсан үнэт зүйлтэй, хууль, институцийг өөрийн нам болон өөрийн эрх мэдлээс дээгүүр тавьж чаддаг улстөрчдийг намууд бэлтгэж гаргах ёстой. Энэ шаардлага МАН-д ч, АН-д ч, бусад намд ч адилхан хамаарна.

Н.Учралын хувьд амар нөхцөл биш гэдгийг ойлгож байна. Намын дотоод нөхцөл, парламентын харьцаа, эдийн засаг, нийгмийн хүлээлт гээд олон дарамт зэрэгцэж байгаа үед түүнээс том өөрчлөлт хүлээх боломж хязгаарлагдмал. Харин яг ийм үед хувь хүн, бүлэглэлийн тэнцвэрээс илүү институциэ барьж ажиллах нь Ерөнхий сайдын гол үүрэг байх ёстой.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 33 мин Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 52 мин М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 1 цаг 0 мин С.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн 20 жилийн тэмцлийг орхигдуулахгүй 13 цаг 59 мин Баавгай айлын гэр дээр гарч унь хугалжээ 14 цаг 18 мин Монгол-Японы хамтын ажиллагаа судалгаа, инновац, бизнесийн түншлэлээр өргөжиж байна 14 цаг 23 мин Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа 14 цаг 28 мин Дуучин Феликс өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд хандив өгчээ 14 цаг 34 мин Чуулганы хуралдааны ирц хүрээгүй тул ирэх 7 хоногт нөхөж хуралдуулна 15 цаг 7 мин Ц.Сандаг-Очир: Манай байгаль хамгаалагчдад баавгай унтуулах тариа, буу байхгүй 16 цаг 3 мин Улсын төсөвт төрийн мөнгөний хяналтыг сайжруулахаар тусгав 16 цаг 13 мин Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анхааруулав 16 цаг 27 мин Казахстан улс “Байгалын хүч” хийн хоолойг өөрийн нутаг дэвсгэрээр дайруулах сонирхолтой байна 16 цаг 35 мин Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчидтэй уулзав 16 цаг 43 мин Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ 17 цаг 39 мин Маклеморыг Эд Шираны аялан тоглолтоос хассаныг уран бүтээлчид эсэргүүцэв 18 цаг 21 мин Ардчилсан нам нэр дэвшигчийн квотоо нээлттэй биржээр зарахад бэлэн болжээ 18 цаг 25 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн түүхэн бүтээлүүдийг хадгалууллаа 18 цаг 36 мин Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөв 18 цаг 44 мин ӨМӨЗО-ы 14 дэх удаагийн Соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болно 18 цаг 47 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top