ОПЕК+ бүтцэд багтдаг Алжир, Ирак, Казахстан, Кувейт, Оман, ОХУ, Саудын Араб улсууд өдөрт олборлодог нефтийнхээ хэмжээг ирэх 9 дүгээр сард 188 мянган баррелиар нэмэгдүүлэхээр тохиролцжээ. Энэ тухай сар тутмын цахим уулзалтын дараа тус байгууллагын хэвлэлийн алба ням гаригт мэдээлжээ.
Rystad Energy компанийн шинжээч Хорхе Леон хэлэхдээ “ийм шийдвэр гаргах нь үндсэндээ тодорхой байсан” гэлээ. Түүний үзэж байгаагаар, АНУ-Ираны дайн үргэлжилж, Ормузын хоолойгоор нэвтрэх боломж хязгаарлагдмал байгаа өнөөгийн нөхцөлд уг шийдвэрээс үүдэн ойрын хугацаанд зах зээлд өөрчлөлт гарахгүй ажээ. Үүний зэрэгцээ Оросын тал хоногт 9.8 сая баррелийг олборлох зорилт тавьсан боловч Украины дронуудын халдлагын улмаас 9 сая орчим баррелийг олборлож байна.
Өнгөрсөн 6, 7, 8 дугаар саруудад ОПЕК+ бүтцийн 7 улс олборлолтын квотоо мөн адил 188 мянгаар нэмэгдүүлсэн бөгөөд хамгийн их квот Саудын Араб, Орос улсуудад ногдсон бол хамгийн багыг нь Алжир, Оман хоёр авчээ.
Харин 2022-2023 оны үед нефтийн үнэ унахаас болгоомжилсон дээрх улсууд олборлолтоо өдөрт 6 сая баррелиар танахаар тохиролцож байсан юм. Гэвч 2025 оноос хойш “ОПЕК+-ийн 7” болон 5 дугаар сарын 1-нд тус байгууллагаас гарсан АНЭУ бодлогоо өөрчилж, олборлолтоо алхам алхмаар нэмэгдүүлж байна.



