УИХ-ын гишүүн М.Энхцэцэгтэй эрчим хүчний асуудлаар ярилцлаа.
-Эрчим хүчний үнийг таван хувиар нэмсэн асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Та үүнийг хэрхэн харж байна вэ?
-Дулааны үнийг нэмэх нь зайлшгүй байсан гэж үзэж байна. Өнгөрсөн онд буюу 2025 оны арваннэгдүгээр сард цахилгаан, дулааны үнийг хамтад нь нэмэхээр ярьж байсан ч дулааны үнийн нэмэгдлийг хойшлуулсан. Ер нь бол иргэдийн дунд “Дулааны үнэ ямар нэг байдлаар нэмэгдэх нь тодорхой” гэсэн хүлээлт байсан. Яагаад гэвэл өнөөдөр гэр хороололд амьдарч байгаа айлууд дулааны хэрэгцээгээ хангахын тулд төвлөрсөн халаалттай орон сууцанд амьдарч буй өрхүүдээс хэд дахин өндөр зардал гаргаж байна. Харин төвлөрсөн дулаан хангамжийн системд үйлдвэрлэсэн дулааныг өртгөөс нь хэд дахин бага үнээр борлуулж байгаа. Тиймээс үйлдвэрлэлийн бодит өртөгтэй харьцуулахад дулааны үнэ хэт доогуур байгаа нөхцөлд үнийг нэмэх нь зайлшгүй шаардлагатай байсан гэж харж байгаа.
-Цахилгааны үнийг бууруулах хамгийн бодит гарц нь юу вэ?
-Цахилгаан эрчим хүчний салбар өрсөлдөөнт зах зээл рүү шилжих ёстой гэж үздэг. Өрсөлдөөний үр дүнд зах зээл дээр байж болох хамгийн доод үнэ тогтдог. Саяхан таван аймагт сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барих сонгон шалгаруулалтыг Монгол Улс түүхэндээ анх удаа өрсөлдөөний зарчмаар зохион байгууллаа. Үүний үр дүнд өмнө нь нэг киловатт цаг цахилгааны үнэ 12-17.3 америк центийн хооронд байсан нарны том чадлын цахилгаан станцуудын тариф 4.85 цент болж буурсан. Энэ бол өрсөлдөөн ямар үр дүн авчирдгийн тод жишээ. Тиймээс бид цахилгааныг хэрхэн хамгийн бага өртгөөр үйлдвэрлүүлэх вэ, хэрэглэгчдэд хэрхэн хямд үнээр хүргэх вэ гэдэг дээр төвлөрч ажиллах ёстой. Үүний хамгийн үр дүнтэй арга нь өрсөлдөөн юм. Өрсөлдөөний орчинд ажиллаж байгаа станцууд зах зээл дээр тогтож үлдэхийн тулд үйл ажиллагаагаа сайжруулж, зардлаа бууруулж, бүтээмжээ нэмэгдүүлдэг. Миний хувьд цахилгааны үнийг тасралтгүй нэмэх бодлогоос илүүтэйгээр өрсөлдөөнт зах зээл рүү үе шаттай шилжих нь зөв гэж үздэг.
-Нарны панель суурилуулсан айл өрхүүд үнэхээр орлого олох боломжтой болсон уу. Эрх зүйн шинэчлэл бүрэн хийгдсэн гэж ойлгож болох уу?
-Боломж бүрдсэн гэж хэлж болно. 2025 оны арванхоёрдугаар сарын 26-нд УИХ сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газарт үүрэг өгсөн түүхэн тогтоол баталсан. Яагаад түүхэн гэж нэрлэж байгаа вэ гэхээр энэ тогтоол бүрэн хэрэгжвэл олон айл өрх, аж ахуйн нэгж сэргээгдэх эрчим хүчийг ашиглан нэгдүгээрт, өөрсдийн эрчим хүчний хэрэглээгээ хэмнэнэ. Хоёрдугаарт, цахилгаан хангамжийн найдвартай байдлаа сайжруулна. Өнөөдөр сүлжээний тасалдал их гарч байна. Харин нарны панель болон батерейтай айл өрхүүд ийм тасалдлыг бараг мэдрэхгүйгээр байнгын цахилгаантай байх боломжтой. Үүнээс гадна цахилгаанаа сайн хэмнэж чадвал илүүдэл эрчим хүчээ сүлжээнд нийлүүлж, орлого олох бүрэн боломжийг энэ тогтоолоор нээж өгсөн.
-Мэдээж УИХ-ын тогтоол батлах нэг хэрэг. Харин түүнийг хэрэгжүүлэх журам, зохицуулалтыг шинэчлэх нь хамгийн чухал байдаг байх, тийм үү?
-Тэгэлгүй яах вэ. Эрчим хүчний яамны хувьд уг тогтоолд туссан заалтуудыг хэрэгжүүлэх журмуудаа хоёр сарын дотор шинэчилсэн. Тиймээс эрх зүйн орчин үндсэндээ бүрэн бүрдсэн гэж үзэж болно. Тогтоол батлагдах үед ердөө 79 айл өрх, аж ахуйн нэгж нарны панель, батерейн системтэйгээр түгээх сүлжээнд холбогдож, илүүдэл эрчим хүчээ нийлүүлэн орлого олж байсан. Харин энэ оны тавдугаар сарын 31-ний байдлаар энэ тоо 244 болж өссөн байна. Эдгээр хэрэглэгчдийн суурилуулсан нарны панелийн нийт хүчин чадал 4.9 мегаватт, батерейн хүчин чадал нь 4.5 мегаватт цагт хүрсэн. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид өөрсдөө эрчим хүч үйлдвэрлэгч болж, ийм төрлийн эх үүсвэрийг олноор бий болгож эхэлсэн. Энэ үзүүлэлтүүд богино хугацаанд мэдэгдэхүйц өссөн гэсэн үг.
-Нарны панель суурилуулсан айл өрхүүдийн тоо цаашид ч өсөх хандлагатай байна. Тийм үү?
-Энэ оны төгсгөл гэхэд миний тооцоолж байгаагаар 500 орчим айл өрх, аж ахуйн нэгж нарны панель, батерейн системтэй болж, түгээх сүлжээнд холбогдох болов уу гэж харж байгаа. Тэр үед нарны эх үүсвэрийн нийт хүчин чадал нь 10 мегаватт, батерейн хүчин чадал нь мөн 10 мегаватт цаг орчимд хүрэх боломжтой. Энэ нь хэрэглэгч өөрөө зөвхөн эрчим хүч хэрэглэгч биш, бас үйлдвэрлэгч болж чаддаг гэдгийг бодитоор харуулж байгаа хэрэг. Саяхан таван аймагт сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулалт зарлахад дөрвөн аймагт тус бүр 50 мегаватт, нэг аймагт 20 мегаваттын хүчин чадалтай төслүүд яригдсан. Харин өнөөдөр айл өрх, аж ахуйн нэгжүүд өөрсдөө нийлээд бараг таван мегаваттын эх үүсвэрийг бий болгочихоод байна. Нөгөө талаар бид УИХ-ын тогтоолоор дамжуулан иргэдэд маш олон боломж нээж өгсөн. Гэвч хүмүүс эдгээр боломжийг бүрэн ойлгохгүй, ямар давуу тал бий болсныг төдийлөн мэдэхгүй байгаа учраас хангалттай ашиглаж чадахгүй байна гэж харж байгаа. Тиймээс бид 21 аймагт ажиллаж, УИХ-ын тогтоол болон Эрчим хүчний яамны шинэчилсэн журмуудыг танилцуулахын зэрэгцээ сэргээгдэх эрчим хүч ашиглан хэрхэн хэрэглээгээ хэмнэж, илүүдэл цахилгаанаа борлуулан орлого олох боломжтой талаар сургалт, уулзалт, үзэсгэлэн зохион байгуулж байна.
-Эрчим хүч үйлдвэрлэж, борлуулах, орлого олох боломж нь ямар байгаа вэ. Та тодорхой жишээ хэлж болох уу?
-Өнөөдөр 10 киловаттын хүчин чадалтай нарны панель суурилуулсан айл сардаа 400 гаруй мянган төгрөгийн, жилдээ ойролцоогоор таван сая төгрөгийн орлого олох боломжтой байна. Харин 20 киловаттын хүчин чадалтай системтэй айл сардаа нэг сая гаруй төгрөг, жилдээ 10 сая төгрөгөөс дээш орлого олох боломжтой. Зарим айл өрхүүд энэ орлогоо аль хэдийнэ авч эхэлсэн. Үүнээс харахад анхны хөрөнгө оруулалтаа гурваас дөрвөн жилийн дотор нөхөх боломжтой байгаа юм. Ер нь хөрөнгө оруулалтыг 3-4 жилийн хугацаанд нөхдөг бол өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт гэж үздэг. Одоо зарим хэрэглэгчид өдөр бүр хэдий хэмжээний орлого олсноо тогтмол хянадаг болсон байна. Нэгэнт орлого олж эхэлсэн учраас хүмүүс өөрсдөө системийнхээ үр ашгийг өдөр бүр харж, тооцож эхэлж байгаа. Гэхдээ бидэнд тулгамдаж байгаа нэг асуудал бий. Тэр нь анхны хөрөнгө оруулалтын хэмжээ харьцангуй өндөр байгаа явдал. Нарны панель суурилуулах сонирхолтой иргэдийн ихэнх нь гэр хороололд амьдарч байна. Гэтэл тэдний хувьд 10 сая төгрөг байтугай таван сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхэд ч хүндрэлтэй нөхцөл бий. Тиймээс анхны хөрөнгө оруулалтын асуудал дээр төрөөс дэмжлэг үзүүлэх шаардлага зайлшгүй байна. Ногоон зээлийн хүүг бууруулах, хүртээмжийг сайжруулах, эргэн төлөх хугацааг уртасгах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай. Энэ талаар УИХ-ын тогтоолд ч тусгасан байгаа. Саяхан Засгийн газар ногоон зээлийн хугацааг 30 сараас 60 сар болгон сунгасан. Анх биднийг сэргээгдэх эрчим хүчний үзэсгэлэн, танилцуулгаа хийж явахад ногоон зээлүүд ихэвчлэн 16 хувийн хүүтэй байсан. Харин сая Дархан хотод ажиллах үеэр зарим банкууд найман хувийн хүүтэй зээл гаргаж эхэлсэн талаар мэдээлэл өгсөн. Энэ бол тодорхой ахиц. Цаашдаа ирэх онд ядаж зургаан хувийн хүүтэй ногоон зээлийн бүтээгдэхүүн бий болгож чадвал айл өрхүүдийг нарны панель, батерейн системтэй болгоход том дэмжлэг болно гэж үзэж байна.
-Түлш, шатахууны хомсдол үе үе гардаг. Цаашид ч гарах хандлагатай байгаа. Энэ утгаараа цахилгаан автомашинтай болох, энэ чигийн боломжуудыг бүрдүүлэх шаардлагатай гэж үздэг. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
-“3х100” хөтөлбөрийн гурав дахь зорилт нь 100 ширхэг цахилгаан автомашины хурдан цэнэглэгч байгуулах асуудал юм. Яагаад гэвэл таны асуусан Монгол Улс шатахуун, түлшний импортын хараат байдал өндөртэй байна. Үүнийг бууруулах хамгийн үр дүнтэй арга бол цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх. Гэтэл өнөөдөр цахилгаан автомашины хэрэглээг хязгаарлаж байгаа гол шалтгаан нь хангалттай тооны цэнэглэх станц байхгүй байгаа явдал. Бид шатахуун түгээх станцад орж хэдхэн минутын дотор бензин, дизель түлшээ дүүргэдэгтэй адил цахилгаан автомашинаа богино хугацаанд цэнэглэх боломжтой дэд бүтцийг бий болгох шаардлагатай. Тиймээс сэргээгдэх эрчим хүч, нарны панель, батерейн системд тулгуурласан хурдан цэнэглэгч станцуудыг Улаанбаатар хотод, аймгийн төвүүдэд, мөн аймгуудыг холбосон авто замын дагуу байгуулах зорилт тавьсан. Энэ ажилд хувийн хэвшлийнхэн идэвхтэй оролцож, хөрөнгө оруулалтаа хийх хэрэгтэй. Төрийн зүгээс боломжтой бүх дэмжлэгийг үзүүлэх бодлого баримталж байна. Энэ жилд гэхэд тав орчим цэнэглэх станц байгуулагдана гэж Засгийн газраас ярьж байгаа. Миний хувьд энэ ажил амжилттай хэрэгжинэ гэж харж байна.
-Сэргээгдэх эрчим хүчний боломжууд нэмэгдэхийн зэрэгцээ манай улс эрчим хүчний хараат байдлаасаа гарах боломж ойртож байна гэж харж болох уу?
-Нэг зүйл хэлье.Төр, засгийн зүгээс нарны панель суурилуулсан айл өрх, аж ахуйн нэгжүүдийн түгээх сүлжээнд нийлүүлэх цахилгааны худалдан авах тарифыг мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард цахилгааны тарифыг шинэчлэхдээ иргэдийн үйлдвэрлэсэн цахилгааныг худалдан авах үнийг ч мөн нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл, айл өрхүүдийг орлого олох боломжоо ашиглаач гэсэн бодлогын дэмжлэг үзүүлсэн гэсэн үг. Одоогийн байдлаар өглөөний 06:00 цагаас оройн 17:00 цаг хүртэл нарны панелиар үйлдвэрлэсэн цахилгааны нэг киловатт цагийг 285 төгрөгөөр сүлжээнд худалдах боломжтой болсон. Харин батарейн систем ашиглаж, оройн 17:00 цагаас 21:00 цагийн хооронд нийлүүлж байгаа бол нэг киловатт цагийг 300 төгрөгөөр худалдах боломжтой. Энэ нь өнөөдрийн цахилгаан худалдан авах хамгийн бага тарифаас хавьгүй өндөр үнэ юм. Өөрөөр хэлбэл, төрөөс иргэд, аж ахуйн нэгжүүдийг нарны панель, батерейн систем суурилуулж, эрчим хүч үйлдвэрлэгч болоход нь урамшуулах зорилгоор зориуд өндөр дэмжих тариф тогтоосон гэсэн үг. Дэлхийн бусад улс орнууд ч ийм бодлого хэрэгжүүлдэг. Эхний үед дэмжих тариф тогтоож байж л олон өрх, аж ахуйн нэгж энэ зах зээлд орж ирдэг.
-Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас гарах тухайд та юу хэлэх үү?
-Монгол Улс эрчим хүчний дутагдлаас гарах боломжийн тухайд нааштай дүр зураг харагдаж байгаа. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын дараагийн ээлжүүд, Баян сумын төслүүд хэрэгжиж байна. Мөн Сэлэнгэ аймагт төлөвлөгдөж байсан 70 мегаваттын хүчин чадалтай төсөл 210 мегаватт юм билээ. Тиймээс цаашдаа бид эх үүсвэрийн дутагдалтай биш, харин тодорхой хэмжээнд илүүдэлтэй болох ч боломж бий гэж харж байгаа. Иймээс би Эрчим хүчний яам болон салбарын байгууллагуудад хандаж хэлдэг. Өмнөх шигээ техникийн нөхцөл өгөхгүй, цахилгаан нийлүүлэхгүй гэж хэрэглэгчдээ хязгаарлах биш, харин эрчим хүчний хэрэглээ, эдийн засгийн идэвхжил, үйлдвэрлэлийн ачааллаа хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт анхаарах цаг ойртож байна гэж үзэж байгаа. Одоо олон шинэ станц баригдаж байна. Цаашдаа бүр илүү олон эх үүсвэр ашиглалтад орно. Тэгэхээр удалгүй эдгээр станцын үйлдвэрлэсэн цахилгааны борлуулалтыг хэрхэн хангах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тийм учраас эрчим хүчний салбар өнөөдрөөс эхлээд хэрэглээгээ нэмэгдүүлэх, техникийн нөхцөлийг чөлөөтэй олгох бодлого руу шилжих ёстой.
-ТЭЦ-3 дээр гарсан осол, гэмтлийн дараах сэргээн засварлалтын ажилтай холбоотой шүүмжлэлүүд гарч байна. УИХ-ын дарга хүртэл газар дээр нь очиж ажиллаад, ажил удаашралтай байна гэж хэлсэн. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?
-Би яг газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаагүй учраас нарийн дүгнэлт хэлэх боломжгүй. Гэхдээ ТЭЦ-3 дээр үндсэндээ хоёр чиглэлийн ажил зэрэг явж байгаа гэж ойлгож байгаа. Нэгдүгээрт, өнгөрсөн жилийн тавдугаар сард гарсан ослын дараа тухайн өвлийн дулаан хангамжийг хэвийн хангах техникийн шийдлийг гаргаж, хэрэгжүүлсэн. Энэ ажлыг амжилттай хийж чадсан гэж үзэж байна. Харин бүрэн эвдэрч, дэлбэрсэн 50 мегаваттын хүчин чадалтай хэсгийг сэргээн засварлаж ашиглалтад оруулах ажил бол богино хугацаанд шийдэгдэх асуудал биш. Наад зах нь нэг жилийн хугацаа шаардлагатай ажил. Гэхдээ ойрын хоёр жилийн дотор энэ 50 мегаваттын хүчин чадлыг дахин ашиглалтад оруулж чадахгүй бол харамсалтай хэрэг болно гэж бодож байна.
-Ирэх өвөл эрчим хүч, дулааны хязгаарлалт үргэлжлэх болов уу?
-Тодорхой хэмжээнд үргэлжлэх байх гэж бодож байна. Учир нь Монгол Улсын цахилгааны хэрэглээ жил бүр маш хурдацтай өсөж байгаа. Техникийн нөхцөл олголтоо хүртэл хязгаарлаж байгаа атлаа жилд 200-250 мегаваттын хэмжээний шинэ хэрэглээ нэмэгдэж байна. Гэхдээ энэ жилийн хувьд нөхцөл байдал арай дээрдэх болов уу гэсэн хүлээлт байна. Сэлэнгэ аймагт хэрэгжиж байгаа 70 мегаваттын хүчин чадалтай төсөл ашиглалтад орно гэж ярьж байгаа. Мөн сэргээгдэх эрчим хүчний зарим төслүүд өвлийн оргил ачаалал эхлэхээс өмнө ашиглалтад орж магадгүй. Хэрэв ингэж чадвал хүндрэлийг тодорхой хэмжээнд бууруулахад дэмжлэг болно.
-Эрчим хүчний салбарын ажилтнууд ажил хаялт зарлаж байна. Ер нь салбарт хэрэгжиж байгаа бодлого, зохицуулалт зөв явж байна уу. Ямар өөрчлөлт шаардлагатай гэж та үзэж байна вэ?
-Ер нь эрчим хүчний салбарын өр төлбөр жилээс жилд нэмэгдсээр ирсэн. Тиймээс байгууллагууд нь ажилтнуудынхаа цалинг дорвитой нэмэгдүүлж чаддаггүй. Үүний улмаас салбарын туршлагатай боловсон хүчнүүд хувийн хэвшил рүү шилжиж байна. Гэтэл эрчим хүчний салбарт ажилладаг хүмүүс бол тусгай мэргэжилтэй, өндөр ур чадвартай инженер, техникийн ажилтнууд байдаг.
Нэг мэргэжилтнийг бэлтгэхэд дор хаяж тав, арван жилийн хугацаа шаарддаг. Ийм мэргэжилтнүүдийг бэлтгэчихээд бага цалинтай, өндөр даралт, өндөр хүчдэл, эрсдэлтэй, зарим тохиолдолд бохирдолтой орчинд ажиллуулаад, хөдөлмөрийн үнэлэмжийг нь зохих хэмжээнд өгч чадахгүй байгаа нь үнэхээр хүнд асуудал. Тиймээс бид зөвхөн техник, тоног төхөөрөмжийн тухай ярихаас гадна энэ системийг ажиллуулж байгаа хүмүүсийн тухай ярих цаг болсон. Миний хувьд эрчим хүчний салбарын ажилтнууд цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа нь зөв гэж үзэж байна.
-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Санхүүжилтийн хувьд асуудалгүй, ажил нь хэвийн явж байгаа гэж ойлгож болох уу?
-Би Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай газар дээр нь танилцсан. Миний харснаар ажил сайн явж байна лээ. Санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдэж, төрийн зүгээс хэрэгжүүлэгч байгууллагад шаардлагатай дэмжлэгүүдийг үзүүлж чадвал төлөвлөгөөний дагуу 2028-2030 оны хооронд ашиглалтад оруулах боломжтой гэж харж байгаа.
-Харин Эгийн голын усан цахилгаан станцын төсөл ямар шатандаа байна вэ?
-Эгийн голын усан цахилгаан станцын тухайд одоогоор Оросын талын шинжлэх ухааны байгууллагуудтай хамтарсан судалгааны ажил үргэлжилж байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Гэхдээ төслийн бодит бүтээн байгуулалтын ажил эхэлсэн зүйл одоогоор байхгүй. Олон жил яригдсан хэвээрээ, үндсэндээ хэлэлцээний шатандаа л байна гэж хэлж болно. Гол асуудал нь Байгал нуурын сав газарт үзүүлэх нөлөөлөлтэй холбоотой маргаан хэвээр байгаа. Энэ асуудлаар хамтарсан судалгаа хийж байгаа гэсэн. Судалгааны үр дүнд байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарвал төсөл урагшлах боломжтой. Харин яг ямар дүгнэлт гарах, хэзээ эцэслэгдэхийг хэлж мэдэхгүй байна.
-Эрдэнэбүрэнгийнхээс өөр усан цахилгаан станцын төслүүд бий юу?
-Байгаа. Эрчим хүчний яам төвийн бүсийн гол мөрнүүд дээр усан цахилгаан станц болон ус хуримтлуурын станц байгуулах боломжийн судалгаанууд хийлгэсэн байдаг. Тухайлбал, төвийн бүсэд 100 мегаваттын хүчин чадалтай ус хуримтлуурын станц байгуулах боломж, мөн Байдрагийн усан цахилгаан станц зэрэг хэд хэдэн хувилбар яригдаж байгаа. Баян-Өлгий аймагт ч том хавцлууд олон байдаг. Энэ утагаараа усны нөөцөд түшиглэсэн томоохон боломжууд бий гэсэн судалгаанууд байдаг. Цаашид тав нь тавдахгүй, арав нь аравдахгүй мегаваттын хүчин чадалтай усан цахилгаан станцуудыг үе шаттай барих хэрэгтэй. Монголын эрчим хүчний системийн хувьд усан цахилгаан станц маш чухал үүрэгтэй. Манай улсад тодорхой хэмжээний усны нөөц боломж бий. Гэхдээ усан цахилгаан станц нь нарны цахилгаан станцтай харьцуулахад хөрөнгө оруулалтын хэмжээ их, бүтээн байгуулалтын ажил нь илүү төвөгтэй, урт хугацаа шаарддаг онцлогтой. Тиймээс хэрэгжүүлэхэд тодорхой хүндрэлүүд байдаг.
Өдрийн сонин



