Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд ГХЯ-ны Консулын газраас иргэдэд үзүүлдэг үйлчилгээ, тэр дундаа апостиль гэрчилгээний талаар, боловсролын баримт бичгийг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем eMongolia-д холбосноор цахим апостиль гэрчилгээгээр баталгаажуулах нөхцөлийн талаар газар дээр нь танилцууллаа.
Монгол Улсын гадаад харилцаа өргөжин хөгжиж, гадаад улсыг зорих иргэдийн хөдөлгөөн үлэмж нэмэгдэх болсонтой холбогдуулан Гадаад харилцааны яамнаас иргэдэд хамгийн ихээр үзүүлдэг үйлчилгээ нь “Апостиль” гэрчилгээ болсон ба Гадаад харилцааны яамнаас 2025 оны есдүгээр сараас эхлэн Төрийн үйлчилгээний нэгдсэн систем eMongolia-гаас таван хэлээр гардаг 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг цахим апостиль гэрчилгээгээр баталгаажуулж байна.
Апостиль гэрчилгээг хамгийн ихээр авдаг үйлчлүүлэгч нар нь гадаад улсад суралцахаар горилж буй оюутан залуус тул боловсролын баримт бичиг, тэр дундаа бүрэн дунд боловсролын, мэргэжлийн боловсролын гэрчилгээ, үнэмлэх, техникийн болон дээд боловсролын диплом, түүний тодорхойлолт, дүнгийн хуулбар зэргийг Төрийн үйлчилгээний нэгдсэн eMongolia системд нэвтрүүлж, цахим апостиль гэрчилгээгээр баталгаажуулснаар Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын сайн туршлагад нийцэх, хөдөө орон нутагт оршин суудаг иргэдэд чирэгдэл учруулахгүй байх, иргэдэд учирдаг цаг хугацаа болон санхүүгийн дарамтыг багасгах сайн нөлөөтэй гэж ГХЯ-наас мэдээллээ.



