Завхан аймагт цоохор ирвэс тархсан бүс нутгийн байгаль хамгаалагчдыг чадавхжуулах, сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.
“Цоохор ирвэсний амьдрах орчныг хамгаалахад нөхөрлөл, байгаль хамгаалагчдыг чадавхжуулах” төслийн хүрээнд болсон уг сургалтаар оролцогчдод зэрлэг амьтдын хууль бус ан агнуур, худалдааг бууруулах, хяналт шалгалтын ажлыг сайжруулах, мөн гэмт хэргийн газарт үзлэг хийхэд ашиглагдах арга зүй, практик мэдлэг олгов.
Сургалтад амжилттай хамрагдсан байгаль хамгаалагчид цаашид бусад хамгаалагчдыг сургах сургагч багшаар ажиллах юм. Сургалтад Завхан аймгийн Байгаль орчны газар, Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Хомын талын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газар, Алдархаан сумын байгаль хамгаалагч, мэргэжилтнүүд оролцов. Ингэснээр оролцогчид зэрлэг амьтдын хууль бус ан агнуур, худалдаатай тэмцэх чиглэлээр мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлж, бусад байгаль хамгаалагчдыг сургах чадавхтай болсон байна.
Завхан аймгийн Байгаль орчны газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Д.Болор-Эрдэнийн онцолсноор уг сургалт нь цоохор ирвэс болон бусад зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах, хууль бус ан агнуур, худалдаатай тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой аж.
Завхан аймагт цоохор ирвэс ихэвчлэн өндөр уулын хад асгатай бүс нутаг, дархан цаазат болон тусгай хамгаалалттай газруудад тархан амьдардаг. Судалгаа, автомат камерын мониторингийн үр дүнгээр Отгон сум, Отгонтэнгэр уул болон орчмын уулсаар ирвэс амьдардаг нь тогтоогдсон бөгөөд энэ бүс нь ирвэсийн чухал амьдрах орчинд тооцогддог байна.
Мөн Алдархаан сум болон Отгонтэнгэрийн дархан цаазат газрын орчимд тогтмол мониторинг хийдэг бол Эрдэнэхайрхан суманд камерын судалгаагаар ирвэс, аргаль, янгир зэрэг зэрлэг амьтдын зураг бүртгэгдсэн байна. Харин Дөрвөлжин сумын Хомын тал, Сээрийн нуруу орчимд камерын бичлэгт ирвэс илэрчээ. Түүнчлэн Отгонтэнгэрийн дархан цаазат газар, Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын уул нуруу, хамгаалалтын бүсүүд ирвэсийн тархац бүхий бүс нутагт багтдаг байна.
Аймгийн хэмжээнд цоохор ирвэсийг хамгаалах чиглэлээр бодлоготой ажиллаж, автомат камер байршуулан хөдөлгөөн, тоо толгойн судалгаа хийж байгаа аж. Отгонтэнгэр болон Тарвагатайн бүсэд нийт 32 байршилд камер суурилуулан мониторинг хийжээ.
Түүнчлэн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт, хяналтыг тогтмол хэрэгжүүлж, олон нийтэд мэдээлэл түгээх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байна.




