Урин дулаан цаг ирж, голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэж байгаа тул шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.
Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаясан мал, амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдох, өвчин эмгэг тараах эрсдэлтэй учир холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч, цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.
ЦУОШГ-ын мэдээллээр манай орны нийт газар нутгийн 65 хувь нь цасан бүрхүүлтэй цасны дундаж зузаан нь 7.5 см, цасан дахь усны нөөц 14.2 шоо.км байгаа. Тухайлбал, Ерөө, Халх, Хараа, Хэрлэн, Улз гол, Хөх нуур, Мэнэнгийн тал, Булган, Онон, Шишхэд, Туул, Сэлэнгэ мөрөн, Хөвсгөл нуур-Эг, Идэр, Увс нуур, Тэс голын сав газрын 90-99 хувь нь цастай, цасан дахь усны нөөц нь дунджаар 0.59 шоо.км, Үенч-Бодонч, Орхон, Дэлгэрмөрөн, Хяргас нуур, Завхан, Хануй, Чулуут, Умард говь, Хар нуур, Ховд гол, Хүйсийн говь-Цэцэг нуур, Таац, Бөөнцагаан Байдраг голын савын 45-80 орчим хувь нь нь цастай, цасан дахь усны нөөц нь дунджаар 0.51 шоо.км байгаа ажээ.




