Канадын алдарт найруулагч Жэймс Кэмероны бүтээл “Avatar” уран сайхны киноны гуравдугаар анги дэлхий даяар 345 сая ам.долларын тасалбар борлуулсан амжилтаар кассын орлогоо эхлүүлсэн нь шинжээчдийн урьдчилан таамаглаr байсан үзүүлэлттэй нийцжээ.
Ингэснээр “Avatar: Fire and Ash” кино нь 2025 онд нээлтээ хийсэн Холливүүдын кинонуудаас 11 дүгээр сард үзэгчдийн хүртээл болсон “Walt Disney” компанийн бүтээл “Zootopia 2” хүүхэлдэйн киноны /556 сая ам.доллар/ дараа хоёрдугаарт бичигдсэн байна.
“Disney”-н тооцоолсноор, “Avatar”-ын шинэ анги 88 сая ам.долларын орлогоор АНУ болон Канадад кассын орлогын жагсаалтыг тэргүүлжээ. “Fire and Ash” ангид Пандора хэмээх гараг дээр амьдардаг есөн фут өндөр, цэнхэр арьстай нави хүмүүсийн түүхийг үргэлжлүүлэн өгүүлнэ.
Эхний анги гайхалтай визуал эффектүүдээрээ үзэгчдийг гайхшруулснаас хойш 13 жилийн дараа гарсан 2022 оны “Avatar: The Way of Water” киноны нээлттэй харьцуулахад энэ удаагийн орлого 35 хувиар буурчээ. “Fire and Ash” нь үзэгчдэд өмнөх ангийнх шиг өндөр хүлээлт үүсгээгүй гэж “Exhibitiontor Relations” фирмийн шинжээч Жефф Бок хэлжээ.
“Гэсэн хэдий ч баярын улирлын хувьд энэ бол гайхалтай эхлэл юм. Ирэх хоёр, гурван долоо хоногийн амралтын өдрүүдэд кассын орлого ихээхэн өснө” гэж Ж.Бок хэлээд, Зул сарын баяр болон шинэ жилийн баярын үеэр хүмүүсийн кино үзэх сонирхол их байдгийг онцолсон байна.
“Fire and Ash” кино ирэх жил хүртэл үзэгчдийн кино үзэх сонирхлыг дахин сэргээнэ гэдэгт кинотеатрууд найдаж байна. “Comscore” фирмийн мэдээллээр, жилийн эхнээс хойших тасалбарын борлуулалт 2024 оноос 1.3 хувиар өссөн боловч цар тахлын өмнөх 2019 оныхоос 22.5 хувиар доогуур хэвээр байна.
Ж.Кэмерон “Avatar” кинонуудыг бүтээхэд өртөг зардал ихтэй байдаг тул цувралыг үргэлжлүүлэн бүтээхийн тулд асар их ашиг олох шаардлагатайг хүлээн зөвшөөрч байсан удаатай. “Disney”-н зүгээс кинонуудын төсвийг олон нийтэд ил болгоогүй байгаа юм.
2009 онд гарсан анхны “Avatar” кино дэлхий даяар 2.9 тэрбум ам.долларын тасалбар борлуулж байсан бол “Way of Water” кино 2.3 тэрбум ам.долларын орлого олсон байна. Харин киноны дөрөв, тавдугаар ангиуд 2029, 2031 онд нээлтээ хийхээр төлөвлөж байна.



