Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр Нийслэлийн цагдаагийн удирдах газарт ажиллалаа.
НЦУГ-ын дэд дарга, хурандаа О.Нямдаваа нийслэл Улаанбаатар хотод гарч буй гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч танилцуулга хийлээ.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Г.Арсланхуяг жил ирэх тусам гэмт хэргийн шинж чанар хорууд болж өөрчлөгдөж байна. Олон улсын жишгээр шинэ технологийг нэвтрүүлж, алба хаагчдыг чадавхжуулах хэрэгтэй гэлээ. Мөн гэмт хэргийн зөрчил, давтамж, дуудлага зэргийг нэг дор хянаж, бодит тоон статистик үзүүлэлтийг гаргаж чаддаг болсон. Үүнийг цаашид улам боловсронгуй болгох, судалгаанд суурилан, аналитик шийдвэр гаргах, гэмт явдалтай тэмцэхэд технологийн дэмжлэг хэрэгтэй байгааг онцоллоо. Мөн шинээр Шуурхай удирдлагын төв байгуулж уг төвд хувийн аж ахуй нэгжүүдийн камерыг холбох ажил хийгдэж байна. Хар хорин захын камерыг холбоод байна гэлээ.
НИТХ-ын дарга А.Баяр улсаас тавьсан камеруудаас гадна хувийн аж ахуй нэгжүүдийн камеруудыг нэгдсэн системд холбох ажлыг бүрэн дэмжиж байна.
Гэмт хэрэг гардаг байршлуудыг зөв оновчтой тогтооход техник технологийн дэвшлийг ашиглах, урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх зэргийг ирэх оны төлөвлөгөөнд оруулж, бодит үр дүн гаргаж ажиллахыг санууллаа.

Эх сурвалж: НИТХ



