ЦЕГ-аас шинэ жилийн өдрүүдэд 24 цаг тасралтгүй эргүүл хийж байна. Шинэ жилийн өдрүүдэд 13 хүн архинд хордож амиа алдаж, 4000 гаруй хүн эрүүлжүүлэгджээ. Баяраар согтууруулах ундааг зохистой хэрэглэж, эд зүйлээ алдаж, осгож гэмтэхээс сэргийлэхийг анхааруулж байна. Шинэ жилийн энэ өдрүүдэд хоёр хүн хэт согтсоноос гадаа унаж, осгож эрүүл мэндээрээ хохирсон байна.
Мөн баярын амралтын өдрүүдээр цагдаа дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлыг хангаж ажиллана гэж мэдээллээ.
Шинэ жилийн өдрүүдэд хэд хэдэн ноцтой хэрэг бүртгэгдлээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт 12 сарын 19-ний шөнө "Фарм трейд" компанийн манаачийг үл таних гурван этгээд хүлж, хутга тулган, айлган сүрдүүлж биед нь гэмтэл учруулан иргэн Б-гийн эзэмшлийн Чингэлэгт нэвтрэн 20 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан. Энэ хэргийг цагдаагийн ажилтнууд шуурхай илрүүлэн, 1995 онд төрсөн Т, Г нар бусадтай хамтран үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтогоод хэргийг шалгаж байна.
Мөн Баянгол дүүргийн 7-р хороонд орших караокед үйлчлүүлж байсан А нь үл таних хүмүүст зодуулан ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байхдаа амь нас нь хохирсон хэрэг шалгагдсан. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн хэргийг шалгахад 25 настай хамгаалалтын албанд ажилладаг Ө гэгч хамт олонтойгоо тус караокегоор үйлчлүүлж байхдаа "Дуу дуулуулсангүй" гэх үл ялих шалтгаанаар тухайн хохирогчийн амь насанд халдсаныг урьдчилсан байдлаар тогтоогоод шалгаж байна.
Шинэ жилийн баяраар шунахайн сэдэлт ноцтой дээрмийн гэмт хэргийн тоо нэмэгдсэн байна. Мөн архидан согтуурч, өөрийгөө хянах чадваргүй болсон үедээ урьдчилсан мэдүүлгээр огт танихгүй, өс хонзонгийн сэдэлгүй хэрэг үйлдэгдлээ. Энэ хэргүүд дээр цагдаагийн байгууллага түргэн шуурхай ажиллаж, хэргийг илрүүлж байна. Ийм үед албан байгууллагууд харуул хамгаалалт, сонор сэрэмжээ сайжруулах, орой үдшийн цагаар анхаарал болгоомжтой явахыг сэрэмжлүүлж байна.



