Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө баталгаажуулан Бүгд Найрамдах Улсыг тунхагласны түүхт зуун нэгэн жилийн ойд зориулсан үндэсний хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өргөн дэлгэр болж, улс, аймаг, цэрэг, сумын цолтой шилдэг бөхчүүд уран мэх, авхаалж самбаагаа уралдууллаа. Үзэгч олныг догдлуулсан энэхүү барилдаанд хэн хүч, ухаан, тэсвэр тэвчээрээ илүү гарган өрсөлдөх нь анхаарлын төвд байсан юм.
Барилдааны үзүүр, түрүүнд Увс аймгийн Давст сумын харьяат, “Аврагч” спорт хороо, Ажнай Корпораци, “Увс Нуур” дэвжээний бөх, Улсын аварга П.Бүрэнтөгс Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Залуу ноёд” групп, Зэвсэгт хүчний 034 дүгээр анги, Бөхбилэгт дэвжээний бөх, Улсын заан С.Сүхбат нар үлдэн хүч үзэв. Залуу заан С.Сүхбат уламжлал болсон ойн барилдаанд дахин давж, хоёр дахь удаагаа түрүүлж чадсан нь онцлох амжилт боллоо. Тэрбээр зуун жилийн ойд зориулсан барилдаанд мөн долоо давж түрүүлж байсан түүхтэй.
Их шөвөгт Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Бүтээмж Тауэр” ХХК, Ховд аймгийн Онцгой байдлын газар, “Ховд” дэвжээний бөх, аймгийн хурц арслан У.Батцоож болон Дархан-Уул аймгийн Орхон сумын харьяат, “Алдар” спорт хороо, Янжкас Терафи ХХК, Энгүүн Цог Жавхлант ХХК-ийн бөх, гурвын даваанд Улсын аварга О.Хангайг өвдөг шороодуулсан аймгийн арслан Д.Батбаяр нар шалгаран үлдсэн нь барилдааны сонирхлыг улам нэмэгдүүллээ.
Байлдааны төгсгөлд түрүүлсэн, үзүүрлэсэн болон их шөвөгт шалгарсан бөхчүүдэд Улсын Их Хурлын дарга Н.Учрал бай шагналыг гардуулж баяр хүргэсэн бол тавын даваанд шалгарсан Улсын начин О.Түмэн, Б.Түвшинтөгс, аймгийн арслан Б.Бадрал, Б.Цагаанбанди нарт УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ шагналыг гардуулсан байна. Мөн өсөх ирээдүйтэй бөхийн шагнал аймгийн хурц арслан У.Батцоожид олгогдож, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж гардуулжээ.



