Америкийн “Universal Pictures” студийн “Wicked” уран сайхны киноны шинэ анги бокс-оффисын жагсаалтыг тэргүүлжээ.
Өндөр амжилт авчирсан эхний анги үзэгчдийн хүртээл болсноос ердөө нэг жилийн дараа гарсан “Wicked: For Good” кино нээлтийн долоо хоногтоо өмнөх ангиасаа давсан хэмжээний кассын орлоготой байлаа. Ням гарагт тус студийн тооцоолсноор, “Wicked: For Good” кинотеатруудад гарч эхэлсэн амралтын өдрүүдэд Хойд Америкийн зах зээлээс 150 сая ам.доллар, улмаар дэлхий даяар нийт 226 сая ам.долларын орлого олжээ.
Ингэснээр Бродвейн мюзиклээс сэдэвлэсэн бүтээлийн хувьд хамгийн том нээлт болсон бөгөөд эхний ангийн 112 сая ам.долларын дээд амжилтыг эвдээд зогсохгүй энэ онд нээлтээ хийсэн бүтээлүүдээс “A Minecraft Movie” киноны /162 сая ам.доллар/ дараа хоёрдугаарт бичигдлээ.
Английн жүжигчин, дуучин Синтиа Эриво, Америкийн дуучин, жүжигчин Ариана Гранде нарын тоглосон “Wicked” киноны хоёр ангийг Америкийн найруулагч Жон М.Чу найруулсан юм. Эхний анги дэлхийн кинотеатруудаас нийт 758.7 сая гаруй ам.долларын орлого олж, “Оскар”-ын наадмын 10 шагналд нэр дэвшсэнээс хоёр төрөлд шагнал хүртсэн билээ.
Өнгөрсөн долоо хоногийн кассын орлогын жагсаалтын хоёрдугаар байрт “Now You See Me: Now You Don't” кино хоёр дахь долоо хоногтоо 9.1 сая ам.долларын орлоготойгоор бичигдсэн бол гурван долоо хоногийн өмнө нээлтээ хийсэн “Predator: Badlands” кино /6.3 сая ам.доллар/ удаалжээ.
“Comscore” компанийн мэдээлснээр, дотоодын кассын жилийн орлого одоогоор 7.5 тэрбум орчим ам.долларт хүрээд байна. Цар тахлын өмнө жилийн кассын орлого тогтмол 11 тэрбум ам.долларт хүрдэг байсан бол цар тахлын дараа 9 тэрбум ам.доллар болж буурчээ. Тэгвэл одоо “Wicked: For Good”, “Zootopia 2”, “Avatar:Fire and Ash” зэрэг кинонууд гарснаар энэ босгыг давж чадах эсэх нь сонирхол татаж байна.
Эх сурвалж: AP



