Дифлимпын XXV наадам Япон Улсын нийслэл Токио хотод энэ сарын 15-26-нд болж байна.
Биеийн тамир, спортын улсын хорооны мэдээлснээр, тус наадамд 81 орны 3200 гаруй тамирчин 21 спортын төрөлд өрсөлдөж байна. Манай улсаас жүдо, чөлөөт бөх, ширээний теннис, хөнгөн атлетик, буудлага спортын төрөлд 14 тамирчин өрсөлдөж байгаа аж.
Чөлөөт бөхийн төрөлд Н.Эрхэмбаяр хүрэл медаль хүртэж, “Токио-2025” дифлимпын наадмын Монголын баг тамирчдын анхны медалийг гардлаа. Тэрбээр дифлимпын наадмын гурав дахь медалиа хүртэж байна. Өмнө нь 2017 онд мөнгө, 2022 онд алтан медаль хүртэж байв.
Монголын баг тамирчид энэхүү наадмаас өмнө нь хоёр алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байжээ.




