Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Самбалхүндэв” оршуулгын төвд ажиллаж, 2028 он хүртэл үе шаттайгаар цэцэрлэгт хүрээлэн болгох ажлын явцтай танилцлаа. Өнөөдрийн байдлаар 11 га талбайг чөлөөлсөн бөгөөд нийслэлийн хэмжээнд нийт 32 байршилд 1130 га газар оршуулгын зориулалтаар ашиглагдаж байна. Үүнээс зөвшөөрөлтэй 10, зөвшөөрөлгүй 7, хаагдсан 6 оршуулгын газар бүртгэгдсэн бол Төв аймагт 9 оршуулгын газар бий.
Оршуулгын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар 89 шалгуур үзүүлэлтээр үнэлэхэд 15 байгууллагын журам, стандартын хэрэгжилт 66.3 хувьтай буюу “хангалтгүй” гэж гарчээ. Чандарлах үйл ажиллагаа 87.4 хувь, харин далд оршуулга 42.9 хувь, тээвэрлэлтийн үйл ажиллагаа 68.7 хувийн хэрэгжилттэй байгаа нь оршуулгын үйлчилгээний чанар, зохион байгуулалт хангалтгүй байгааг харуулж байна.
Шалгалтаар төрийн байгууллагатай гэрээ байгуулаагүй, зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж байсан зөрчил түгээмэл илэрчээ. Нас барагчийг төлөөлөх этгээдтэй гэрээ байгуулаагүй, компаниуд хоорондын шарил шилжүүлэх үйл ажиллагаа тодорхой бус, нэгдсэн мэдээллийн сангүйгээс иргэд оршуулгын газрын талаарх мэдээлэл авахад хүндрэлтэй байгаа нь нийтлэг асуудал болж байна.
Шалгалтын дүнд нутаглуулах газаргүй хэрнээ оршуулгын үйлчилгээ эрхэлж байсан 4 компанид “мэдэгдэл”, бусдад нь зөрчлийг арилгах хугацаатай “зөвлөмж” хүргүүлсэн байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



