Эрүүл мэндийн яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран баяр наадмын өдрүүдэд хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангуулах зорилготой урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулахаар боллоо. Энэхүү хяналтыг Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газрын хяналтын 171 улсын байцаагч хамтран өнгөрөгч зургадугаар сарын гучиннаас энэ сарын арван тавны өдрийг хүртэл явуулж байгаа аж.
Шалгалтад улсын болон аймаг, орон нутгийн баяр наадмын үеэр хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгж, иргэдийг хамруулж, хүнсний гаралтай аливаа эрсдэлээс сэргийлэх, илэрч болзошгүй зөрчил дутагдлыг нэн даруй арилгуулах арга хэмжээ авахыг зорьж байгаа юм. Ингэснээр баяр наадмын өдрүүдэд иргэдийн эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх чухал алхам болно гэж холбогдох байгууллагууд онцлон тэмдэглэж байна.