Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Ургах наран хорооллын хойд талын уулын энгэрт 2025 оны зургадугаар сарын 21-ний өдрийн 14:40 цагийн үед шүхэртэй хүн унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллага мэдээллийг хүлээн авч, газар дээр нь шуурхай ажилласан байна.
Уг хэргийг шалгах явцад тогтоогдсноор БНСУ-ын иргэн шүхрээр нислэг үйлдэх үедээ осолдож, уулын гүн жалганд унан амь насаа алдсан нь тодорхой болжээ. Нислэгийг Монгол Улсын иргэн удирдан зохион байгуулсан бөгөөд тухайн иргэн БНСУ-ын иргэнийг авч нислэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.
Ослын нарийн шалтгаан, аюулгүй байдлын дэглэм зөрчигдсөн эсэх, хариуцлагын асуудлыг холбогдох байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Эх сурвалж: ЦЕГ