Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (НЗДТГ)-аас эм улиас модны унгарилын гаралтыг багасгах чиглэлээр үе шаттай ажлыг хийж байна. Энэ нь иргэдийн эрүүл мэнд, тав тухтай орчинд чухал ач холбогдолтой юм.
Хийгдэж буй ажлууд
Энэ оны хаврын хэлбэржүүлэлтийн ажлын хүрээнд нийт 86 байршилд 9298 ширхэг навчит мод буюу хэлбэржүүлэх эм улиас модны 51 хувийг хэлбэржүүлжээ.
Харин энэ сарын байдлаар нийтийн эзэмшлийн 157 га талбайд ургаж байгаа улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарил гарсан үед шүршиж угаах зэрэг ажлыг тогтмол хийж байна. Тухайлбал, зургаадугаар сарын эхний долоо хоногоос эхлэн эм улиасны унгарилыг усаар шүршсэн. Холбогдох албаныхан үүний үр дүнд эм улиаснаас гарах үр хөврөлийн хэмжээ 40 хувь хүртэл буурах боломжтойг онцоллоо. Мөн Аж ахуйн нэгж, байгууллагууд (ААНБ) өөрсдийн эзэмшлийн талбайд байгаа улиас модны унгарилыг усаар шүршиж цэвэрлэхийг уриалжээ.
Улаанбаатар дахь улиасны тоо ба тархалт
Нийслэлийн хэмжээнд 38.8 мянга гаруй улиас мод байгаагийн 50 хувь нь зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн талбайд ургаж байна. Нийт улиас модны 46.9 хувь буюу 18232 ширхэг нь эм улиас ажээ.