Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ) болон Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС) нар "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, мөн Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүний 2025 оны сургалт, бэлтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.
Санамж бичигт ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, ШУТИС-ийн ректор Т.Намнан нар гарын үсэг зурсан байна.
Хамтын ажиллагааны хүрээ
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна:
- Сургалт, чадавхжуулалт: ШУТИС-ын холбогдох сургуультай хамтран урт болон богино хугацааны сургалтын хөтөлбөрийн дагуу Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг сургаж, "Гамшгаас хамгаалах менежмент" хичээлийн багш нарыг чадавхжуулахад дэмжлэг үзүүлэн ажиллана.
- Технологийн хөгжил, судалгаа: Гамшгийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, анхан шатны тусламж үзүүлэх, бэлэн байдлыг хангах, гамшгаас хамгаалах чиглэлээр шинэлэг технологи, аргачлал, судалгааны төслүүд хамтран хэрэгжүүлэх юм. Цаашлаад бүтээгдэхүүн, шинэ технологи хөгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцлоо.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын гамшгаас хамгаалах чадавхийг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж ОБЕГ-аас мэдээллээ.