УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг /2025.06.10/ өргөн барилаа. Тус төслийг УИХ-д суудалтай бүх намын төлөөлөл оролцон хамтран боловсруулсан бөгөөд хуулийн төсөлд төрийн гүйцэтгэх болон хууль тогтоох байгууллагын хариуцлагыг илүү тодорхой болгох, парламентат ёсыг бэхжүүлэх зорилго тусгагдсан байна.
Хуулийн төслийг санаачлагчдын дунд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Б.Батбаатар, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, Н.Номтойбаяр, А.Ундраа, Б.Жаргалан, Ж.Золжаргал, Б.Энхбаяр нар оржээ.
Санаачлагчид Ерөнхий сайд бол Засгийн газрыг удирдан, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцах бөгөөд энэ нь Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1-д заасантай нийцэх ёстойг онцлон тэмдэглэв. УИХ-аас томилогддог Ерөнхий сайд нь УИХ-ын шууд хяналтад ажиллах нь парламентат засаглалын гол зарчим хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.
Хуулийн төсөлд дараах зарчмын шинэчлэлийг тусгажээ:
-
Төрийн эрх барих дээд байгууллагад худал мэдээлэл өгөхөөс урьдчилан сэргийлэх;
-
Ийм үйлдэл гаргасан этгээдэд хуулиар хариуцлага хүлээлгэх;
-
Ерөнхий сайдад чиглэсэн "асуулгын цаг"-ийг УИХ-ын дотоод журамд нэвтрүүлэх;
-
Уг асуулга нь нээлттэй, тэгш мэтгэлцээний хэлбэртэй байхаар зохицуулах.
Эдгээр өөрчлөлтүүд нь Засгийн газар болон Ерөнхий сайдын парламентын өмнөх хариуцлагыг тодорхой болгож, УИХ-ын гишүүдийн мэдээлэл шаардах эрх, хяналт-шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлэх, нээлттэй мэтгэлцээний соёлыг төлөвшүүлэх зорилготой аж.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба