Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны зургаадугаар сарын 2-8-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй нийт 121 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 13-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 12-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1-г харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Харин үлдсэн 95 гомдол, мэдээллийг одоогоор хянан шалгаж буйг тус газраас мэдээллээ.
Мөн хугацаанд тус хэлтэс нийт 897 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 9 хэргийг шүүхэд шилжүүлж, 15 хэргийг хааж, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ. Нэг хэрэг дээр нэгтгэн шалгах ажиллагаа хийж буй бөгөөд одоогийн байдлаар нийт 871 хэрэг мөрдөн шалгах шатанд шалгагдаж байна.
Авлигын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах зорилгоор АТГ-аас 5 мэдэгдлийг холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.
Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар