Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд энэ онд Улаанбаатар хотын таван дүүргийн 20 байршилд 15 нэр төрлийн 321 мянган цэцэг суулгахаар төлөвлөсөн талаар албаныхан мэдээллээ.
Цэцэгжүүлэлтийн ажил Хүүхдийн баярын өмнөх долоо хоногт төв талбайн цэцэрлэгжүүлэлтээр эхэлсэн бөгөөд уг ажлыг Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтэс зохион байгуулж байна. Хэлтсийн дарга Н.Отгонбаярын хэлснээр, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулахын зэрэгцээ үндэсний хэв шинж агуулсан гурван хэмжээст цэцэгт хийцлэлүүд хийхэд анхаарч буй аж.
Тухайлбал, Мандарваа, Хун, Хилэн зэрэг олон наст болон нэг наст ургамлыг сонгож, нийтийн эзэмшлийн талбайд суулгаж эхэлсэн байна. Энэ хүрээнд иргэдийг ухамсартай байж, тарьсан цэцгийг сүйтгэхгүй, хайрлан хамгаалахыг уриаллаа.
Мөн хотын гоо зүйн үнэлэмжийг нэмэгдүүлэхийн тулд мазаалай, бөхөн, тахь, үхэр тэрэг, оньс, эрхий мэргэн зэрэг сэдвээр цэцэгт байгууламжийг олон улсын жишигт нийцүүлэн хийж байгаа бөгөөд энэ нь зөвхөн ногоон байгууламж төдийгүй соёл, өв уламжлалыг илтгэх шинж чанартай бүтээл болох юм.
Энэхүү цэцэгжүүлэлтийн ажил нь хотын иргэдийн амьдрах орчны тав тух, байгаль орчны тэнцвэрт байдалд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
Эх сурвалж: Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба