Дархан-Уул аймагт төрийн өмчийн бүх цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчилж, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хоол үйлдвэрлэлийн орчин, чанарт ахиц гарлаа. “Боловсрол 2032” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн уг ажлын хүрээнд нийт 31 цэцэрлэгт 28 төрлийн, 480 ширхэг тоног төхөөрөмж, сав суулга, багаж хэрэгсэл хүлээлгэн өгсөн байна.
Шинэ тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хүүхдүүдийг нас, биеийн онцлогт нь тохирсон шим тэжээлтэй хоол хүнсээр хангах, хоолны үйлчилгээний чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг сайжруулах боломж бүрдэж байгаа юм. Мөн энэ нь хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өдөр тутмын амин дэмийн хэрэгцээг хангах, цэцэрлэгийн хоолны үйлчилгээг илүү тогтвортой, үр дүнтэй болгох зорилго агуулжээ.
Аймгийн хэмжээнд хийгдсэн энэхүү иж бүрэн шинэчлэл нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн бөгөөд ирээдүйд орон нутгийн сургуулийн өмнөх боловсролын салбарын хөгжилд жишиг болж магадгүй гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ