БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан “Аялал жуулчлалын сургалтын төв”-ийг 2025 оны тавдугаар сарын 29-нд Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны Арцатын аманд албан ёсоор нээх гэж байна. Энэхүү төв нь Монгол Улсын Засгийн газар болон БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй төслийн үр дүн юм.
Сургалтын төв нь нийт 2739.8 м.кв талбайтай, 250 хүний багтаамжтай гол танхим, 10-30 хүний багтаамжтай 6 сургалтын өрөө, хоол үйлдвэрлэл, тогоочийн сургалтад зориулсан иж бүрэн тоног төхөөрөмж бүхий танхимуудаас бүрдэж байгаа нь практик сургалтын бүх нөхцөлийг хангасан бүтээн байгуулалт болжээ. Тус төв нь БНСУ болон олон улсын сургалтын байгууллагуудтай хамтран зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, чадавхжуулахад чиглэнэ.
Нээлтийн арга хэмжээний үеэр “Бостон консалтинг” групптэй хамтран боловсруулсан Монгол Улсын аялал жуулчлалын дунд хугацааны стратеги-ийг танилцуулахын зэрэгцээ, “Go Mongolia 2.0” хөтөлбөрийн хүрээнд улсын гадаад сурталчилгааг шинэ шатанд гаргах бодлого, мөн Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар батлагдсан хөнгөлөлттэй зээлийн нөхцлийн талаарх мэдээлэл-ийг зочдод хүргэхээр төлөвлөжээ.
Шинэ сургалтын төв нь Монголын аялал жуулчлалын салбарын мэргэжлийн боловсон хүчнийг олон улсын түвшинд бэлтгэх, бодлогын шинэчлэлийг дэмжих, улмаар салбарын өсөлтөд бодит хувь нэмэр оруулах чухал дэд бүтэц болж байна.
Эх сурвалж: Соёл, спорт, аялал жуулчлалын яам