Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Хан-Уул дүүргийн 22 дугаар хороонд байрлах “Богд уул” сувиллыг засварлаж, төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгохоор шийдвэрлэв.
Энэ хүрээнд нийслэлийн өмч хувьчлах комисс өмнө нь менежментийн гэрээгээр ажиллуулж байсан “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн 73 дугаар тогтоолыг хүчингүй болгож, “Богд уул” сувиллыг нийслэлийн өмчлөлд буцаан авсан байна. Шинээр төрсөн эх, нярайд төрсний дараах цогц сувилгааг үзүүлэхэд шаардлагатай нөхцөл, орчин дутмаг байгааг харгалзан энэхүү шийдвэрийг гаргажээ.
Зайсангийн аманд байрлах, 1959 онд ашиглалтад орсон тус сувилал нь 3.9 га газартай бөгөөд дэд бүтэц, байршлын хувьд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд тохиромжтой аж. Тус төв ашиглалтад орсноор төрсний дараах эх, нярайд зориулсан сувилгаа, сэргээн засах үйлчилгээ нийслэлийн хэмжээнд анх удаа бүрэн хангасан хэлбэрээр хэрэгжих боломжтой болж байна.
Засварын ажлыг ирэх сард эхлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд төвийн бүтэц, үйл ажиллагааны загварыг эрүүл мэндийн бодлогын дагуу боловсруулахаар ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: НЗДТГ