x

Хулгайчдаас салах хуулийн боломж байна

Жидүү гэдэг чинь малын яр, өвчин юм байна лээ шүү дээ гэж Баабар анх бичсэн. Баабар юу байхав, Я.Цэвэл гуайн толинд тэгж бичсэн байдаг юм байна. Хамаг мал хамуу, жидүү тусаад дууслаа гэж малчид ярьдаг байж. Харин өнөөдөр “ЖДҮ” гэдэг үг Монголын төрийн яр шарх, идээ бээр болчихоод байна. Жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэгчид нь өөрсдөө цэрвэх хэмжээнд хүртэл энэ нэрийг буртаглалаа л даа, манай төрийнхөн.

Өчигдөр МУИС-ийн номын санд болсон хэлэлцүүлэг дээр хуульчид ярьж байна. “ЖДҮ”-чдээс салах боломж байна гэж. (жинхэнэ жижиг дундынхантайгаа андуурахгүйн тулд хашилтанд хийлээ) Гэхдээ үүнд улс төрийнхний оролцоо, идэвхи чармайлт нэг их гарахгүй болов уу. Гарахгүй гэдэг нь ч өнгөрсөн сар гаруйн хугацаанд харагдсан л даа. Учир нь ЖДҮ гэдэг бол У.Хүрэлсүх ч биш, М.Энхболд ч биш, тэр энэ бүлэглэл нь ч биш. Тийм болохоор У.Хүрэлсүх нь М.Энхболдыгоо, М.Энхболд нь У.Хүрэлсүхийгээ дараад, АН-ын бүлэг бүтнээрээ аль нэг дээр нь тэгнэж хэвтээд ч “ЖДҮ”-ээс салах боломжгүй. Учир нь ЖДҮ бол хэн нэг хүн, хэсэг бүлэг биш, авлигын бүхэн бүтэн тогтолцоо юм байна.

Авилга их байвал авилга улам л нэмэгдэнэ

Хуульч Х.Номингэрэл ингэж ярив. Авилга их байвал авилга улам л нэмэгдэнэ. Авилга улам их болбол бүр их нэмэгдэнэ гэж. Учир нь авлигын торонд нэг удаа орсон хүн эргэж гарч чаддаггүй. Тэр байтугай авилгын оролцогч нь өөрөө түүнийхээ хохирогч болчихсон явдаг гэж. Хувь хүн гэм буруугаа ухамсарласан, авлигаас ангижрахыг хүссэн эсэхээс үл шалтгаалаад улам бүр тэр намагтаа шигдээд байдаг байх нь л дээ. Бэлээхэн жишээ нь сая ил болсон ЖДҮ-ийн зээлийн асуудал байна.

Цөөнгүй гишүүн жирийн иргэдийн боломжийг хулгайлж зээл авсныхаа төлөө намын даргаасаа уучлал гуйж харагдсан. (Мэдээж ирэх сонгуулиар эргэж нэр дэвшихийн тулд байх л даа) Гэсэн ч цаг дээрээ тулаад ирэхээр хэн нь ч “ЖДҮ” өгсөн ширээний найзаа хажаад явуулчихаж чадахгүй, хамгаалаад үлдэж байгаа биз дээ. Яагаад гэвэл өөрсдөө бас авсан зээлэндээ барьцаалагдчихсан байгаа шүү дээ. Өнгөрсөн цаг дээр У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат хоёрын нэг хэрүүл бий. Нэг нь “Чи хулгайч шүү дээ” гэхээр нөгөө нь “Чи ч гэсэн хулгайлаагүй юу?” Ингээд л асуудал дуусдаг.

Харин хуульчид өөр гарц, гаргалгаа харж, ярьж байна. Улстөрчдийн энэ хэрүүл талцалд хөтлөгдөлгүйгээр асуудлыг хуулийн хүрээнд шийдэх боломж юу билээ? гэж. Өөрсдийнхөө үнэ цэнэ, үнэлэмжийг ч гэсэн нийгэмдээ тогтоох гэж оролдож байна. Хуульчид нь нийгэмдээ үнэ цэнэгүй болбол хуулийн засаглал тогтохгүй. Хуулийн засаглал байхгүй бол хуульчдын мэргэжлийн үнэ цэнэ юу билээ?

“Веритас Партнерс” хуулийн фирмийн хуульч Б.Мэргэн “ЖДҮ-ийн зээлийн энэ хулгай луйвар бүр эртнээс, сайтар төлөвлөгдөж хийгдсэн зүйл байна. Хулгай нь илэрсэн ч хариуцлагаас мултрах гарцуудаа урьдчилаад хийчихсэн байна” гэж хэлсэн. 2016 оны сонгуулийн дараа Ж.Эрдэнэбатын Засгийн газар гарч ирээд хамгийн түрүүнд ЖДҮХС-аас зээл олгох журамд өөрчлөлт оруулсан байна. Зээлийг зөвхөн банкаар биш, сангаас шууд олгож болно гэж журамдаа өөрчлөлт оруулаад сангийн үлдэгдэл 35 тэрбум төгрөгийг ганцхан сарын дотор хуваагаад авцгаасан. Ийм, ийм салбарт зээл өгнө гэж салбарын сайд нь тушаал гаргаж байгаад (уг нь ямар ямар салбарт дэмжлэг үзүүлэх вэ гэдгийг Засгийн газрын тогтоолоор баталдаг) өөрсдийнхөө компанид авсан, Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд аа! Танай Засгийн газар эхлүүлсэн.

2017 он гараад хоёрдугаар сард Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Тавдугаар сард Эрүүгийн хуулийг мөн өөрчилсөн. 2015 онд баталсан Эрүүгийн хуулийн 22.2-т байсан “Албаны эрх, нөлөөгөө урвуулан ашиглаж өөрт болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгосон” бол эрүүгийн гэмт хэрэгт тооцдог байсныг энэ хуулиас аваад хаячихсан. Үүнээс болоод өнөөдөр зээл авсан гишүүд “Бид гэмт хэрэг хийгээгүй, зээл л авсан” гэж хэлээд сууж байна, Х.Нямбаатар гишүүн ээ! “Эрүү, Зөрчлийн хуулийг би цэгцэлсэн” гэж ярьдаг байх аа? Зээлийн барьцаа хөрөнгө, баталгаа гаргасан хүмүүс дотор таны нэр ч бас явж байл уу, яалаа?

Хэрвээ Эрүүгийн хуулиар энэ хэргийг шийдүүлнэ гэвэл Б.Батзориг сайд аснаас өөр хариуцлага хүлээх хүн байхгүй. УЕП нь хүртэл УИХ-ын чуулган дээр “Хэрэг хийсэн хүмүүс нь энэ танхимд сууж байна. Хуруу гарынх нь үзүүрт зарагдсан хүмүүс хорих 461-т сууж байна” гэж хэлсэн шүү дээ.

Цэц хэмээх эхний нүүдэл

Хуульч О.Алтангэрэл 1992 оноос хойш буюу Үндсэн хуулийн Цэц байгуулагдсанаас хойш УИХ-ын гишүүдийн Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Цэц дүгнэлт гаргаж байсан түүхийг судалсан байна. 1994 онд анх удаа УИХ-ын гишүүн С.Зоригийг Стратеги судалгааны хүрээнгийн захирлаар давхар ажиллаж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар иргэн Цэцэд хандсан байна. Цэц “Үндсэн хууль зөрчсөн байна” гэж дүгнэлт гаргасан. Одооны манайхны ярьдгаар “давхар дээл” өмссөн хэрэг байх нь л дээ. Гэхдээ тэглээ гээд түүнийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татаагүй. Яагаад гэвэл гомдол гаргасан иргэн “Үндсэн хууль зөрсөн нь УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах үндэслэл болох уу” гэдгийг тодруулаагүй юм байна даа.

2007 онд УИХ-ын дарга Ц.Нямдорж УИХ-ын баталж, редакци хийсэн хуульд засвар хийсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлтийг Цэц гаргаж байв. Авлигын эсрэг хууль, Ашигт малтмалын тухай хууль, НӨАТ-ын тухай хууль, ХХАОАТ-ын тухай хууль гээд маш олон хуульд засвар хийсэн байсан учраас дахиад Үндсэн хууль зөрчсөн энэ үйлдэл нь УИХ-ын даргаас огцруулах үндэслэл болох эсэхийг тодруулахаар дахиад Цэцэд гомдол гаргасан байна. Ингээд Ц.Нямдорж гэдэг хуульч УИХ-ын даргын албан тушаалаа өгч байв.

Тиймээс эхний гаргалгаа нь УИХ-ын гишүүдийн ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл авсан үйлдэл нь Үндсэн хууль зөрчсөн эсэх, Үндсэн хууль зөрчсөн бол УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах үндэслэл болох эсэхийг тодруулахаар Цэцэд хандах боломж байна. Тухайлбал, хуульч О.Алтангэрэл “УИХ-ын гишүүн нь ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчиж, хувийн ашиг сонирхлоо нийтийн ашиг сонирхлоос дээгүүр тавьсан, ЖДҮ-лэгчдийн шударгаар өрсөлдөх боломжийг хаасан нь Үндсэн хуль зөрчсөн эсэх, хэрвээ зөрчсөн бол энэ нь УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах үндэслэл болох эсэхийг тодруулахаар УИХ-ын долоон гишүүний нэр дээр (үүнээс хойш зээл авсан гишүүдийн жагсаалт нэмэгдэж 13 хүрээд байгаа. Үнэн хэрэгтээ дахиад 30 гаруй гишүүн зээл авсан гэх яриа бий) Цэцэд гомдол гаргасан байна. Хэрвээ Цэц энэ асуудлаар маргаан үүсгээд, Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргах юм бол “ЖДҮ”-чдийг УИХ-аас эргүүлэн татах боломжтой гэсэн үг. Ингэж чадвал Цэц Үндсэн хуулийн үзэл баримтлал, иргэдийнхээ ашиг сонирхлыг хамгаалсан маш сайн жишиг, түүхэн үйл явдал болох юм даа.

Хэлэлцүүлгийн үеэр бүртгэлийн байгууллага дээр хадгалагдаж байгаа зээлдэгчдийн жагсаалт, зээлийн материалууд үрэгдэж, устгагдах вий гэдэг асуудал ч бас яригдсан. Учир нь сая ил болсон “ЖДҮ зээл” гээч нь Улсын бүртгэлийн тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой олонд дэлгэгдсэн зүйл. Шинэ хулиар улсын бүртгэлд байгаа компаниудын эзэд хэн бэ гэдэг нь ил тод болсноор зээл авсан гишүүдийн нэр ил болсон шүү дээ. Үүнээс болж нөгөө нөхдийн дотор “Ер нь хэн энэ хуулийг санаачилсан, яах гэж энэ мэдээллийг ил болгож байгаа юм. Буцаагаад хаалттай болгоё” гэх мэт зүйлс ч яригдсан бололтой юм. Зээл авсан гишүүдийн тоть шиг давтсан нэг бол “Өмнө нь гэсэн зээл авдаг л байсан шүү дээ. Сая бүртгэлжүүлэлт нь ил болсон болохоор л биднийг ингэж байна” гэдэг тайлбар. Ингэж байгаа хүмүүс нэг өдөр хуульд өөрчлөлт оруулаад бүгдийг буцаагаад хаалттай болгохыг байг гэх газаргүй л.

Удаах боломж буюу ашиг сонирхлын зөрчлийг анзаарах нь

2008-2012 оны парламент “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай” гэж их нэг урт нэртэй хууль баталсан даа. Товчлоод Сонихрлын зөрчлийн тухай хууль ч гэдэг. Түүнээс хойш хэн нэг нь энэ хуулийг сөхөж харсан эсэхийг мэдэхгүй ч амтай болгон “ашиг сонирхлын зөрчил” ярьж бие биенээ хялалздаг болсон. Тэр хуулийн 20-ын 2-т, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс эхлээд аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын дарга, яамны төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит компани, олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд... гэх мэтчилэн нэр зааж байгаад “нээлттэй тендер, сонгон шалгаруулалтаас бусад тохиолдолд төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн хувь эзэмшигч, хамтрагч байж болохгүй ээ” гээд заачихсан байна. ЖДҮХС-ийн зээл төрөөс баталгаа гаргасан зээл мөн үү? Мөн. Зээлийг гишүүд нээлттэй тендер, сонгон шалгаруулалтаар авсан уу? Үгүй. Тэгэхээр хууль зөрчигдсөн байх нь.

Гэтэл “Бид хууль зөрчөөгүй” гэж яриад байгаа УИХ, Засгийн газрын гишүүдийг яах вэ? Мэдээж зээл авсан гишүүдийн дийлэнх нь намдаа тодорхой хэмжээний хандив өгсөн байгаа. Тэр нь өөрийг хамгаалж хаацайлна гэж бодож байгаа байх л даа. Ялангуяа “бүгдээрээ адилхан авсан юм чинь хэн намайг яах юм” гэх мугуйдлал зориг өгч байх шиг.

Тиймээс энэ албан бус авлигын тогтолцоог нураах албан ёсны хуулийн тогтолцоо байна уу? гэдэг дээр хуульчдын эрэл хайгуул энэ өдөр үргэлжлэв. Эрснээ олсон ч гэж бодож байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх саяхан “Ерөнхийлөгч бид хоёр шүдгүй арслан болсон” гэж хэлсэн. Гэтэл хайгаад байсан “араа, шүд” чинь хуулийн систем дотор чинь байна, Ерөнхий сайд аа! Харин үүнийг олон нийтэд хүргэх нь хэвлэл мэдээллийнхэн, араас нь дэмжээд түрээд явах иргэний нийгмийнхэн хэрэгтэй гэдгийг бас хэлж байна.

Эцэст нь “Шулмын эрдэм тохой өндөр бол бумбын эрдэм алд өндөр байдаг” гэх Хятадын зүйр үгээр илтгэгч яриагаа өндөрлөв. Манай өнөөдрийн нөхцөлд их үнэ цэнэтэй үг.

Үргэлжлэлийг дараачийн дугаарт.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (103.26.193.234)
    Хулгайчдаас салах ганц л арга байна. Тэр "Эн+Эл+Эр+Эр"-г толгой дараалан устгах... ӨӨР ЯМАР Ч АРГА БАЙХГҮЙ... САНАГТУН.!!!!
    2018 оны 12 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Япон улс Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 80 жилийн ойг тэмдэглэлээ Уржигдар 17 цаг 33 мин “YouTube” хүүхдүүдийг хамгаалахын тулд хиймэл оюуныг ашиглана Уржигдар 17 цаг 32 мин Сербид Вучичийн талынхан ба эсэргүүцэгчдийн мөргөлдөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна Уржигдар 17 цаг 31 мин Энэ сард зургаан гараг нэг шугамд давхцана Уржигдар 17 цаг 30 мин Олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хяналт шалгалт хийжээ Уржигдар 17 цаг 29 мин Улсын хэмжээнд 78189 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана Уржигдар 17 цаг 28 мин Биткоины ханш анх удаа 124 мянган ам.доллар давлаа Уржигдар 13 цаг 15 мин ХМТ Эрнан Кортесын гарын үсэгтэй 500 жилийн настай гар бичмэлийн хуудсыг Мексикт буцаан өглөө Уржигдар 13 цаг 14 мин Европын Холбоо Израилын E1 суурингийн төлөвлөгөөг олон улсын эрхзүйг зөрчиж байна гэж шүүмжиллээ Уржигдар 13 цаг 13 мин Хосолсон хөдөлгүүртэй анхны зүтгүүрийг ашиглалтад орууллаа Уржигдар 13 цаг 12 мин Mitsubishi АНУ дахь зэсийн уурхайн төслийн 30 хувийг 600 сая ам.доллараар худалдан авна Уржигдар 12 цаг 59 мин Ховд аймгийн хөдөөгийн сумдад хадлан бэлтгэх ажил ид өрнөж байна Уржигдар 12 цаг 58 мин “Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг дуудлага худалдаагаар худалдана Уржигдар 12 цаг 57 мин "Токио 2025" Зуны XXV Дифлимпын наадамд оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзав Уржигдар 12 цаг 55 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн 51 байршилд 139 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж байна Уржигдар 12 цаг 54 мин Хүүхдийн эмчилгээ, тусламж үйлчилгээнд энэ онд нэмж найман тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэлээ Уржигдар 12 цаг 53 мин Жасмин гүнжийн хэв маяг: шаровар өмд хавар, зун, намрын гол трэнд болж байна Уржигдар 12 цаг 46 мин Хиндуудын бурхны мөргөл үйлддэг тосгонд үерийн улмаас 46 хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 04 мин Баруун 4 замаас саппорогийн уулзвар хүртэлх явган хүний зам эвдэрчээ Уржигдар 09 цаг 46 мин Нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орж, хоёр шинэ маршрут нээгдлээ Уржигдар 09 цаг 38 мин
iИх уншсан
Эрчим хүчний үнэ нэмэхгүй бол засвар үйлчилгээ доголдох эрсд... Японд хоёр боксчин нас барсны улмаас салбарынхан яаралтай ху... Хятадын залуус ажилгүй мөртлөө ажил хийж байгаа дүр үзүүлэн ... Амт, чанар сайтай, шинэхэн ургацын төмс хэрэглэгчиддээ очлоо... Мексик уламжлалт шаахайн загварыг ашигласан хэмээн Adidas шү... Монголд мөрийтэй тоглоомын бүх төрлийн үйл ажиллагааг бүрэн ... Сөүл хот болон Кёнсамбүг мужийн ИТХ-ын Ажлын албаныхантай ту... Орон зайн мэдээллийн салбарыг хөгжүүлнэ Төрийн өмчийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл мар... Цагдаагийнхан иргэдэд орон байрны хамгаалалт сайжруулахыг ан... Сэлэнгийн онцгойгийн алба хаагчид түймрийн голомтод үүрэг гү... Арвин ашиг шимтэй үхэр сүргийг бүртгэж эхэллээ Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хо... Орос дахь Хойд Солонгосын ажилчид боолын нөхцөлд хөдөлмөрлөж... Уур амьсгалын өөрчлөлт аяллын “хамгийн тохиромжтой үе”-ийн о... “Weapons” аймшгийн кино Хойд Америкийн бокс-оффисыг тэргүүлл... "Монос” болон Механик инженерийн сургуулийн уулзварыг олон т... Казахстан Азербайжан, Арменийн түүхэн энхийн хэлэлцээрийг өн... Хиймэл оюунд суурилсан камерын зөрчлийн талаарх алдаатай мэд...
Top