x

Вьетнамын хөгжлийн түлхүүр буюу Дой Мой шинэчлэл

Вьетнамын дайн 30 жил үргэлжилсний эцэст 1975 онд дууссаны дараа тус улсын эрх баригчид социализмын замаар хөгжих Зөвлөлт маягийн хувилбарыг сонгожээ. Дайны дараах сэргээн босголтыг удирдаж байсан тухайн үеийн удирдагч Ле Зуан төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцооны хүрээнд эдийн засгийг хатуу хянах бодлого явуулсан нь улс орны хөгжлийг зогсонги байдалд оруулсан байна.

Тэрбээр өөрчлөгдөн буй нөхцөл байдлыг харгалзан үзээгүй нь эдийн засагт хүндрэлийг үүсгэжээ. Тус улсын эдийн засаг бусад улсынхтай харьцуулахад сул дорой байв. ЗХУ-ын туршлагаар 5 жилийн төлөвлөгөөний дагуу хөгжихөөр оролдсон боловч мухардалд оржээ. 1980-аад оны дунд үед нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ дөнгөж 200-300 ам.долларт эргэлдэж, хүн амын 60-70 хувь нь ядуу зүдүү амьдарч байлаа.

Төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцооны хүнд сурталт механизм үр  дүнгээ өгөхгүй гэдэг нь 1975-1985 он хүртэлх бүхэл бүтэн 10 жилийн хугацаанд нэгэнт тодорхой болсон тул хөгжлийн өөр замыг сонгохоос аргагүйд хүрсэн байна.

Улс үндэстний нөөц хүчийг дайчлан харийн түрэмгийлэгчдийн эсрэг дайнд ялалт байгуулахад төвлөрсөн хүчирхэг тогтолцоо шийдвэрлэх үүргийг гүйцэтгэсэн бол дайны дараа бүхнийг төрийн өмч хэт давамгайлсан тогтолцоонд шилжүүлснээр цаашид хөгжих боломжгүй гэсэн дүгнэлтийг Вьетнамын шинэ удирдлага хийжээ.  

Ингээд 1986 онд болсон Вьетнамын Коммунист намын 6 дугаар их хурлын үеэр Нгуен Ван Лин, Чыонг Тин тэргүүтэй удирдлага “Дой Мой” гэдэг шинэчлэлийн үйл явцыг эхлүүлэх шийдвэр гаргаж, улс орноо социализмын чиг баримжаатай зах зээлийн эдийн засагт шилжүүлэх зорилтыг дэвшүүлсэн байна.

Хятад улсад амжилттай хэрэгжүүлсэн Дэн Сяопиний шинэчлэлтэй олон талаараа төстэй уг шинэчлэл нь Вьетнамын Коммунист намын хяналтын дор улс орныг зах зээлийн эдийн засагт шилжихэд чиглэжээ. Намын удирдлага бусад улсад /ЗХУ, БНХАУ зэрэг/ шинэчлэл хийх гэж оролдсон туршлагуудад гүн гүнзгий дүн шинжилгээ хийсний эцэст Вьетнамын онцлог ба бодит нөхцөл байдлыг тусгасан стратегийн бие даасан бодлогыг боловсруулав. 

Дой Мой шинэчлэлийн бодлого нь эхний үе шат /1986-1990 он/ ба бүх талын шинэчлэлийн үе шат /1991-2001 он/ гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.

 

Эхний үе шатанд, хамтралуудыг тарааж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг хянаж байсныг цуцалж, газар эзэмших эрхийг тариачдад олгожээ. Түүнчлэн олон компанийг хувьчилж, үнийн хоёр өөр тогтолцоог халж, гадаадын хөрөнгө оруулалтын талаарх зохицуулалтыг зөөлрүүлж, хувийн бизнес эрхлэхэд таатай нөхцөлийг бий болгон, экспортын бүсүүдийг байгуулж, хөдөлмөрийн багтаамж ихтэй аж үйлдвэрийн салбаруудыг хөгжүүлж эхлэв. Ялангуяа, эдийн засгийг хэсэгчлэн либералчилж, гадаадын капиталд нээлттэй болгож, ЗХУ-ын тусламжаас хамааралт байдлыг аажмаар багасгах, Барууны орнууд, хөрш Хятад улстай харилцаагаа сэргээх бодлого явуулж эхэлжээ.

Хоёрдахь үе шат: 1991 онд ЗХУ задарснаар Вьетнамд үзүүлж байсан тусламж ба хоёр орны худалдаа-эдийн засгийн харилцаа эрс хумигдсан тул үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан шинэчлэлийн бодлогод зарим өөрчлөлтийг оруулах шаардлага тулгарчээ. Нийгэм-улс төрийн тогтолцооноос үл хамааран дэлхийн бүх улс оронтой эрх тэгш хамтран ажиллах бодлогыг тунхаглаж, гадаадын зах зээлд бие даан гарах эрхийг яам, үйлдвэр, аж ахуйн газрууд болон мужуудад олгов.

 Зураг дээр: Шинэчлэлийн өмнө 

Мөн 1993 онд Газрын тухай хуулийг шинэчлэн баталжээ. Үүний дүнд Вьетнамын иргэд улсаас олгосон газрыг түрээслүүлэх, солилцох, барьцаанд тавих, өвлүүлэх, бэлэглэх эрхтэй болжээ. Газрын бодлогод өөрчлөлт оруулснаар хүн амын хүнсний асуудал бүрэн шийдэгдсэн төдийгүй өнөөдөр Вьетнам улс жилд 8 сая гаруй тонн цагаан будаа экспортолдог дэлхийн тав дахь том үйлдвэрлэгч, гурав дахь том экспортлогч болсон байна.

1995 онд төрийн өмчийн үйлдвэрийн тухай хууль гарснаар улсын үйлдвэрийн газрууд хөрөнгө мөнгийг захиран зарцуулах, ажилтнууддаа ашиг хуваарилах боломжтой болов. 1990-ээд оны хоёрдугаар хагаст хөдөө аж ахуйн хөгжил, аж үйлдвэрийн салбарыг шинэчлэх, татварын тогтолцоог боловсронгуй болгоход илүүтэй анхаарал хандуулжээ. Тосгонуудад улсаас татаас өгч, ялангуяа Меконг мөрний хөндийд усжуулалтын систем барихад ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулжээ.

1996 онд болсон ВКН-ын их хурлаар өнгөрсөн 10 жилийн алдаа оноог дүгнэж, улс орныг хөгжлийн шинэ шатанд гаргах зорилтыг дэвшүүлсэн байна.

Мэдээжийн хэрэг, шинэчлэл дардан замаар яваагүй. Эхний шатанд аж үйлдвэрийн салбарт том корпорацууд байгуулах нь оновчтой биш юм байна гэсэн сургамж авчээ. 2006-2007 оны үед Вьетнамын эрх баригчид Өмнөд Солонгосын аварга том корпорацууд зах зээлд амжилттай ажиллаж байгаагаас жишээ аван, хөлөг онгоц, гангийн үйлдвэрлэлд олон тэрбумын хөрөнгө оруулжээ. Гэтэл дэлхийн зах зээлийн бүтцийн талаарх мэдлэг дутмаг байсны улмаас далайн тээврийн “Vinalines” компани, хөлөг онгоц үйлдвэрлэгч “Vinashin” компани дампуурч байв.

Эдийн засгийг либералчлахын тулд юуны түрүүнд 1987 онд Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг баталснаар Вьетнамын эдийн засаг дэлхий дахинд нээлттэй болов. Үүний үр дүн тун удалгүй гарч, 1994 он гэхэд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ ДНБ-ний 10 хувьд хүрсэн ба ДНБ-ний өсөлт 1990-ээд дунд үед 9 хувьд хүрчээ. Эдийн засгийн хурдтай хөгжил, бага өртөгтэй ажиллах хүч зэрэг нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах хөшүүрэг болж байлаа.

Вьетнам улс 1995 онд Зүүн-Өмнөд Азийн улсуудын холбооны /АСЕАН/ чөлөөт худалдааны бүсэд нэгдсэн бол 2000 онд АНУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, 2007 онд Дэлхийн худалдааны байгууллагад элсжээ. АСЕАН-тай байгуулсантай адил гэрээг Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгостой байгуулав. Вьетнамд оруулж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ зөвхөн 2023 онд гэхэд 36,61 тэрбум ам.долларт хүрчээ.

Дээр дурдсан 1986 оны статистик мэдээллээр, хүн амын 60-70 хувь нь ядуу зүдүү амьдарч байсан бол өнөөдөр 5 хувь болж буурчээ. 2010-2020 онд 10 сая гаруй хүн ядуурлаас гарсан байна. Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 1986 оныхоос 10 дахин өсөж, 3000 ам.доллароос давжээ. 1980-аад оны эхээр хүнсний хомсдолоос ангижрах тухай ярьж байсан бол 1990-ээд онд цагаан будааны экспортоор дэлхийд 3 дугаарт орох болов. 

Шинэчлэлийн дараа 

Вьетнам улс буурай хөгжилтэй орнуудын жагсаалтаас хасагдаж, дундаж орлоготой /lowermiddle/ улс хэмээн тооцогдох болов. 1990-2012 онд тус улсын эдийн засаг жилд 7 хувиар өсөж байсан бол 2012 оноос дэлхийн эдийн засгийн өсөлт удааширснаас шалтгаалан 6 хувь болж буурсан байна. Гэхдээ энэ бол бүс нутгийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад чамлахааргүй өндөр тоо бөгөөд бүхэл бүхэн 30 гаруй жилийн туршид эдийн засгаа жилд дунджаар зургаагаас дээш хувиар өсгөж чадна гэдэг бол Дой Мой шинэчлэлийн үр дүн ажээ. 

Шаардлагатай дэд бүтцийг байгуулж, зах зээлд ээлтэй бодлого хэрэгжүүлсний үр дүнд Вьетнам улс Зүүн-Өмнөд Ази дахь гадаадын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн төв болж хувирлаа. Adidas, Nike, Samsung зэрэг дэлхийд тэргүүлэгч компаниудын үйлдвэрлэлийн баазууд Вьетнамд бий болов. LG, Olympus, Pioneer зэрэг Япон, Өмнөд Солонгосын цахилгаан бараа үйлдвэрлэгчдээс гадна АНУ, Европын брэндүүд Вьетнамд салбаруудаа нээв. 2017 он гэхэд Вьетнам улс бүс нутагтаа хувцасны экспортоор тэргүүлж, цахилгаан барааны хоёр дахь том экспортлогч /Сингапурын дараа/ болжээ. Өнөөдөр Вьетнам улс гутал хувцас, цахилгаан барааны нийлүүлэлтийн дэлхийн сүлжээнд томоохон байр суурийг эзэлж байна.

Энэ онд Вьетнамын Үндэсний хурлаас 2050 он хүртэлх урт хугацааны "Алсын хараа" стратегийн бодлогын хүрээнд 2021-2030 оны хөгжлийн үе шатны ерөнхий төлөвлөгөөг баталжээ. Энэ үе шатанд шинжлэх ухаан, өндөр технологи, инновац, цахим ба экологийн шилжилтийн ололтуудад тулгуурлан хүртээмжтэй, хурдацтай, тогтвортой хөгжлийг бий болгоно. 2021-2030 онд тус улсын ДНБ-нийг жил бүр 7 хувиар, 2031-2050 онд 6.5-7.5 хувиар өсгөхөөр төлөвлөжээ. Ингэснээр 2030 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 7.5 мянган ам.доллар, 2050 он гэхэд 27-32 мянган ам.долларт хүрэх ёстой аж.

Эх сурвалж: montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 27 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 28 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 29 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 30 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 31 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 1 цаг 53 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 1 цаг 55 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 1 цаг 57 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 1 цаг 59 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2 цаг 0 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2 цаг 16 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 2 цаг 19 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 2 цаг 20 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 4 цаг 5 мин COP17-ын үеэр 10 мянга гаруй зочин хүлээн авах бэлтгэл үргэлжилж байна 4 цаг 7 мин “Инновацын эзэд-2025” уралдаант нэвтрүүлгийн I шат эхэллээ 4 цаг 9 мин “TikTok” АНУ дахь нэгжээ худалдах гэрээнд гарын үсэг зуржээ 4 цаг 11 мин Европын Холбооны орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ 4 цаг 13 мин Д.Гантулга: Багшийн үндсэн цалинг бодитой өсгөж, урамшууллын зохистой тэнцвэрийг хангана 4 цаг 15 мин Азийн цомын тэмцээнээс Э.Ариунтунгалаг мөнгөн медаль хүртлээ 4 цаг 17 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top