Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур багийн нутаг “Хар” нууранд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км-т/ Улиастай сумын Жинст багийн харьяат иргэн 48 настай Ж гэгч загас барихаар 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 13:00 цагийн орчим завьтай яваад сураггүй болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Түүнийг сураггүй болсон талаарх дуудлагыг энэ сарын 12-ны өдрийн 19:43 цагт хүлээн авсан тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Цагдаагийн газрын 1 алба хаагч, нутгийн захиргааны байгууллагын 6 ажилтан, ар гэрийн 15 хүн, 2 автомашин, нийт 34 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажллагааг явуулж байгаа юм.
Өчигдөр буюу 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар өдрийн байдлаар тор олдсон газарт завиар, нуурын “Их-Авгаш” гэдэг газар 20 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Харин эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад “Их-Авгаш” арлын баруун урд эргийн уснаас тухайн иргэний өмсөж явсан аврах хантаазыг хөвж явахад нь олжээ. Өнөөдөр 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлээд байгаа аж.



