Нэг л өдөр гэнэт хувьсгал гарч бүхнийг орвонгоор нь эргүүлдэг явдал үеэ өнгөрөөж, алив өөрчлөлт алгуурхан өрнөдөг “зүүдэн хувьсгал”-ын эриний залуус парламентийн ардчиллыг хэрхэн бэхжүүлэх тухай хэлэлцлээ.
МИУС-ийн номын санд арваннэгдүгээр сарын 14-ий лхагва гаригт хэсэг залуус сэтгэлийн дуудлагаар цуглан “Парламентийн бүгд найрамдах улс”, “Хариуцлагатай ардчилал” сэдвээр дөрвөн илтгэл сонсож хэлэлцүүлэг хийлээ. Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирал О.Машбатын “Парламентийн ардчилал-Тусгаар тогтнол ба түүхэн сургамж” илтгэлээр хэлэлцүүлэг эхэлж МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайханы “Монголын парламентийн ардчилал: Иргэний үндсэн эрх ба эрх мэдэл хуваарилалт”-аар үргэлжлэв. Мөн түүнчлэн Английн Йоркийн их сургуулийн магистр, эдийн засагч О.Эрдэнэ-Өрнөх “Эдийн засгийн өсөлт ба улс төрийн тогтолцооны хамаарал”, Оксфордын их сургуулийн төрийн удирдлагын магистр, эдийн засагч М.Чимэддорж “Үндсэн хууль ба улстөрийн ёс зүй” сэдвээр тус тус илтгэл тавилаа.
Илтгэлийн дараа парламентийн ардчиллыг бэхжүүлэх өнөөгийн хэрэгцээ шаардлага, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт зэрэг сэдвээр залуус санал солилцож цаашид хэрхэн нийгэмд хүртээмжтэй мэдээлэл түгээх тухай ч ярилцав. Хэлэлцүүлэгт оролцогсод Монгол төрийн тодорхой нэг институци цаашдын хор хөнөөлийг тооцохгүй ерөнхийлөгчийн засаглал хэмээн илэрхий сурталдах болсон үед цагаа олсон арга хэмжээ болж байна гэж санал нэгтэй дүгнээд нийгмийг соён гэгээрүүлэх хэрэгцээ байна гэв.
newspress.mn



