x

Хөвгүүдээ хөсөр хаядаг уламжлалт сэтгэлгээг хэзээ халах вэ?

Сүүлийн таван жилд их, дээд сургууль төгсөгчдийн 347 мянга нь эрэгтэй, 479 мянга нь эмэгтэй байна. 

Хүүхэд болгон математикч болох албагүй, харин эцэг, эх болно гэдгийг анхаарах ёстой гэж сурган хүмүүжүүлэгч нэгэнбээр ХХ зуунд хэлсэн нь бий. Хүн бүр математикч болох албагүй нь үнэн боловч боловсрол эзэмшихгүй бол XXI зууны иргэн гэхэд гологдох нь гарцаагүй болжээ. Үүнээс гадна иргэдийн боловсролын түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жин харьцангуй илүү гарч эхэлсэн нь арван жилийн дараагаас ноцтой үр дагавар бий болгохыг мэргэжлийн байгууллагынхан дүгнэж байгаа юм.

Нийгэм дэх боловсролын түвшин ийн харьцангуй болж байгаа нь гэр бүлийн харилцаанд ч урхаг тарьж болзошгүйг Жендерийн үндэсний хорооны илтгэлд дурджээ. Харин ийм байдалд хүргэж байгаа шалтгааныг уламжлалт сэтгэлгээтэй холбон тайлбарлах нь олонтаа. “Хөвгүүд яахав учир нь олдоно, хөөрхий охин маань хэцүүднэ” гэдэг монголчуудын хандлагаас энэ байдал даамжирсан.

Хөвгүүд сургууль завсардах, ерөнхий боловсрол эзэмшиж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь мал маллах, ажил хийлгэх гэсэн эцэг эхийн хүсэлтэй холбоотойг тоо, баримт тодорхой харуулж байна. БСШУСЯ-наас 2017 онд сургууль завсардсан 6-14 насны хүүхдийн тоог судалгаагаар илрүүлжээ.

Түүгээр 682 хүүхэд сургуульд сурахгүй байгаагийн 463 нь хөвгүүд байв. Огт сургуульд ороогүй 514 хүүхдийн 318 нь хүү байна.

Сургуульд суралцахгүй байгаа шалтгааныг тодорхойлсон судалгааг инфографикаас тодорхой харж болно. Сургуульд огт сурдаггүй хүүхдийн дийлэнх нь хогийн цэг дээр л байдаг гэсэн ойлголт бий.

Гэтэл эл судалгаагаар өөр дүгнэлт гарч байна. Тухайлбал, сурагч болж амжаагүй 6-11 насны 462 хүүхдийн 131 нь өвчний улмаас сургуулийн босго алхаж чадаагүй бол 331 нь ар гэрийн гачигдал, мал маллах шалтгаанаар суралцах эрхээ хасуулжээ.

Тэдний дийлэнх нь өнөөх хөсөр хаягдсан хөвгүүд. Өөрөөр хэлбэл, мал дагуулах, хурдан морио адгуулах зорилгоор хөвгүүдийг сургууль завсардуулсаар байна. ХНХЯ-наас хийсэн судалгаагаар 2017 онд 10435 хүүхдийг морь унаач, малчны ажил хийлгэж байгаа гэсэн тоо гарчээ.

Бага насны хөвгүүдээр морь унуулах, адуу мал арчлуулах зорилгоор сургууль завсардуулснаас эрсдэлд орж байгаа жишээ ч бас бий. Саяхан Сүхбаатар аймагт алдарт уяачийн морь малладаг 13 настай хүү жүчээнд амиа алдсан. Хөөрхийг эцэг, эх нь амьжиргаандаа нэмэр болгохоор хэдэн төгрөгний цалинтайгаар алдарт уяачийн жүчээнд ажиллуулж байсан тухай ХЭҮК-ын дарга ярьж байна лээ.

Түүний адил сургууль завсардаж, морины хөлс хусаж зогсоо олон хүүхэд байгаа нь лавтай. Хөвгүүдээ суурь боловсрол эзэмшүүлээд л хөдөлмөрийн зах зээлд гарган амьжиргаагаа залгуулдаг айл ч олон байх. Ерөнхий боловсрол эзэмшиж буй хүүхдийн дийлэнх нь эмэгтэй.

Харин олон хөвгүүн 9 дүгээр ангиасаа суралцах боломжгүй болж байгааг тоо баримтаас харж болно. БСШУСЯ-ны мэдээллээр, сүүлийн хоёр жилд 9 дүгээр анги төгссөн буюу суурь боловсрол эзэмшсэн хүүхдийн 23.7 хувь нь 10 дугаар ангид элсэн ороогүй байна.

331 хүүхэд ар гэрийн гачигдлаас сурагч болох эрхээ хасуулжээ

Өөрөөр хэлбэл, 14.5 мянган хүүхэд МСҮТ болон ажлын талбарт гарч байгаа гэсэн үг. Тэдний 64.9 хувь нь эрэгтэй, 35.1 хувь нь эмэгтэй. Үүнээс өнгөрсөн жил 5809 хүүхэд МСҮТ-д элсэн орж, 3200 хүүхэд хөдөлмөрчин армид нэгджээ. Эдгээр хүүхдүүд мэдээж мэргэжилгүй учир мал маллахаас эхлээд барилгын туслах, барааны захын тэрэгчин, угаалгын газрын ажилтан болжбайгаа.

2016 онд салбарын сайдын баталсан “Хүүхдийг хөдөлмөр эрхлүүлэхийг хориглосон ажлын байрны жагсаалт” хэрхэн хэрэгжиж байгааг ХНХЯ, МХЕГ-ын хамтарсан ажлын хэсэг энэ жил шалгажээ. Тус шалгалтаар 495 хүүхдийг хууль бусаар хөдөлмөр эрхлүүлж байсныг илрүүлжээ. Тэдний 90 хувь нь 14-17 насны хөвгүүд аж. хөвгүүдийг хөдөө аж ахуй, автомашин угаалгын газар, барилга угсралт, бичил уурхай, зам засварын анги зэрэг биеийн хүчний ажилд дайчилдаг байж.

Баригдсан нь л энэ болохоос шалгалтад өртөөгүй олон байгууллага бий гэдэгт эргэлзэхгүй байна. Сүүлийн хоёр жилд ерөнхий боловсрол эзэмшээгүй, МСҮТ-д орж чадаагүй түм, буман хүүхэд амьдралын дүрмийн дагуу ийн амьжиргаагаа залгуулж байгаа гэдэгт ч эргэлзэх шаардлага алга. МСҮТ-өөр дамжин мэргэжил эзэмшин ажлын талбарт гарч буй хүүхдийн талаар энд өгүүлээгүй гэдгийг хэлэх нь илүүц биз.

Харин “Хөвгүүд яахав учир нь олдоно” гэх уламжлалт сэтгэлгээ боловсрол нимгэн, боломж тааруу залуусын арми бэлтгэж буйг хэлээд байгаа хэрэг. Дээд боловсрол эзэмшсэн дэгжин шаавай эмэгтэйчүүдэд боловсролд нь дүйх, боломжинд нь таарах харчууд энэ хэрээр цөөрсөөр байгаа.

Түүнээс болж өрх толгойлсон, ганц биеэр амьдарч буй эмэгтэйчүүдийн тоо ч буурахгүй байгаа юм.

2017 оны байдлаар 76.8 мянган эмэгтэй өрх толгойлон амьдарч байгаа ба хамтран амьдрагчийн хүчирхийллийн дарамтад өртсөн эмэгтэйчүүд 15 мянгаар хэмжигдэж байна. Нийгмийн боловсрол, мэдлэг дутуугаас хүчирхийлэл үйлдэх нь олонтаа тул боловсролтой эмэгтэйчүүд ганц биеэр буюу өрх толгойлж амьдрахыг илүүд үзэх болжээ. Тэр хэрээр хөөрхий охид хэцүүднэ гэсэн уламжлалт хандлага өөр утгаар биеллээ олох аж.

Өнгөрсөн зургадугаар сард Английн Guardian сонин дээр “Хэтэрхий ухаантай, хэтэрхий амжилттай монгол хүүхнүүдэд нөхөр олдохгүй байна” гэсэн гарчигтай нийтлэл гарсан нь манайд нэг хэсэгтээ л ярианы сэдэв болсон. Монгол эрчүүдийн боловсрол бүсгүйчүүддээ гологдох болсон энэ байдал олон улсын хэмжээнд хүртэл яригдах болсны ганц жишээ энэ. 

• “Хөвгүүд яахав учир нь олдоно, хөөрхий охин маань хэцүүднэ” гэдэг монголчуудын хандлагаас хөвгүүдийн боловсрох эрх зөрчигдөж байна.
• ҮСХ-ны мэдээллээр сүүлийн таван жилд 131.8 мянган эрэгтэй эсрэг хүйстнээсээ боловсролоор хоцорчээ.
• Хүүхэд бүр математикч болох албагүй ч хөвгүүд боловсролоос гээгдэж, боломжоос хоцрох ёсгүй билээ.

Ерөнхий боловсрол эзэмшсэн охидын дийлэнх нь их, дээд сургууль дүүргэдэг. ҮСХ-ны мэдээллээр сүүлийн таван жилд их, дээд сургууль төгсөгчдийн 347.7 мянга нь эрэгтэй, 479.5 мянга нь эмэгтэй байгаа тухай дурджээ. Уг нь Монголын хүн амын хүйсийн харьцаа бараг тэнцүү. Гэтэл 131.8 мянган эрэгтэй эсрэг хүйстнээсээ боловсролоор хоцорсон нь тодорхой байна.

Байдал энэ хэвээр 10 жил үргэлжилбэл дээрх зөрүү 260 мянгад хүрч холдоно. Үүн дээр сургууль завсардсан, 9 дүгээр ангиас ажилчны эгнээнд нэгдсэн эрэгтэйчүүдийг нэмбэл бараг хагас саяд хүрнэ. Нийгэмд эрэгтэй, эмэгтэй иргэдийн боловсролын түвшин их ялгаатай болох нь жендерийн аливаа харьцаанд том өөрчлөлт оруулаад зогсохгүй гэр бүл салалтад чухал нөлөө үзүүлдэг тухай өнгөрсөн хавар төрийн ордонд танилцуулсан Жендерийн үндэсний хорооны тайланд дурдаж байсан.

Төрийн зүгээс жендерийн тэгш байдлыг хангахад хүчирхийллийн асуудлыг эхэнд тавиад байгаа болохоос нийгмийг бүрдүүлэгч өрхийн гишүүдийн боловсролын тэгш байдлыг хангах чиглэлээр хангалттай ажиллахгүй байна. Өсвөр насны хөвгүүдийн ерөнхий боловсрол эзэмшилт охидынхоос хавьгүй дутуу, дээд боловсролоор эрчүүд хол хоцорч эхэлснийг дээрх тоо, баримт бэлхнээ харууллаа.

Бид уламжлалт хандлагаа хэзээ өөрчилж, сургууль завсардахаас эхлээд ерөнхий боловсрол ч эзэмшиж чадахгүй байгаа хөөрхий хөвгүүдээ өөд татах вэ. Хүүхэд бүр математикч болох албагүй ч хөвгүүд боловсролоос гээгдэж, боломжоос хоцрох ёсгүй билээ.

Засгийн газрын мэдээ сонин 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 9 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 10 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 13 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 19 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 20 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 22 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 27 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 28 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 29 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 31 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 36 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 37 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 38 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 39 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 1 цаг 46 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 1 цаг 56 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 2 цаг 6 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 2 цаг 15 мин Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцлээ 2 цаг 20 мин 120 ортой зүрх судасны эмнэлэг барих хуулийн төсөл дэмжигдлээ 2 цаг 25 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top