“Лантуун дохио” ТББ-аас санаачлан “Ид шидийн орон” төслийг хэрэгжүүлж, өнчин, эмзэг бүлгийн хүүхдүүдийг хамгаалж, хөгжүүлэх цогц төвийг байгуулан нэг жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү төслийг ард иргэдийн хандиваар хэрэгжүүлсэн.
Тэгвэл “Ид шидийн орон 2” төслийг “Лантуун дохио” ТББ эхлүүлж байна. Шинэ төслийг Монгол Улсын ТОП5 компанийн нэг Энержи Ресурс дэмжиж нийт шаардлагатай санхүүжилтийн тэн хагасыг буюу 740 сая төгрөгийг хандивлалаа.
“Ид шидийн орон” төсөл анх санаачлагдахдаа Улаанбаатар хотын хэмжээгээр хамгийн том, амьжиргааны түвшин доогуур хоёр дүүрэгт эхлэн барихаар төлөвлөсөн бөгөөд энэ нь Сонгинохайрхан ба Баянзүрх дүүрэг аж. Энержи Ресурс компани 10 жилийнхээ ойн хүрээнд нийгэм руу чиглэсэн бодитой үйл ажиллагаа явуулж буй, хараат бус ТББ-уудыг дэмжих хөтөлбөр явуулж, 740 сая төгрөгний тусламж олгосныг “Лантуун дохио” ТББ-ынхан залуус шинэ төв байгуулагдах газар дээрээ гардаж авлаа.
“Ид шидийн орон 2” төв нь Улаанбаатар хотын зүүн зах буюу Улиастайн эцэст, 4,200 мкв талбайд хүүхэд хамгаалал хөгжлийн төв, спорт комплекс, тоглоомын талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, гараш болон түр байрлах байрнаас бүрдсэн цогц төв болох аж. Одоогийн Баянхошуунд баригдсан “Ид шидийн орон” төвөөс даруй хоёр дахин том хэмжээтэй бүтээн байгуулалт болох юм байна. Тус төвийн барилгын ажил 2019 оны дөрөвдүгээр сараас эхлэх бөгөөд тэр хүртэл хугацаанд зураг төсөл, ажлын зураг, дэд бүтэц болон бусад бэлтгэл ажлууд хийгдэнэ гэдгийг төслийг санаачлагчид хэлж байлаа.

“Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан өөрийн цахим хуудсандаа “2017 оны зун ердөө 150 хоногийн дотор бүх дэлхийн Монголчууд нэгдэн хүүхдийн төлөө “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал хөгжлийн цогц төвийг бүтээж чадсан билээ. Тус төв нь өнөөдрийг хүртэл Сонгино хайрхан дүүргийн Баянхошуунд төр засгийн санхүүжилт, тусламжгүйгээр бүтэн жилийн хугацаанд амжилттай үйл ажиллагаа явуулан хүчирхийлэлд өртсөн 52 кейс хэргийг шийдвэрлэн, цэцэрлэгийн хоёр бүлгийн 70 хүүхдийг үнэ төлбөргүй хамруулж, олон зуун хүүхдийг номын сан, сургалт боловсролоор хангаж байна. Гэсэн хэдий ч бидний өдөр бүр харж буй хүүхдийн эрхийг зөрчсөн аймшигтай мэдээнүүд, түүний ард мэдээлэгдэхгүй үлдэж байгаа хэдэн мянган хэргийг харахад бидэнд нэг биш хэдэн арван “Ид шидийн орон” хэрэгтэй нь харагдаж байна” гэсэн юм.
Тэрээр шинэ төвийг яагаад Улиастайд байгуулах болсон талаараа “...Улаанбаатар хотын зүүн захын хязгаарт буюу Улиастай, Шар хадны эцэст “Ид шидийн орон 2” төвийг барихаар шийдсэн. Тэр газраар би л хувьдаа дөрвөн жил дараалан өвлийн өвгөн болж хэсч билээ. Нярайн эмч Гантулгыг дагуулан хамгийн хэцүү орхигдсон айлуудаар явдаг юм. Өнгөрсөн жил явахад тухайн хэсэг улам л тэлж аймшигт дүр төрхүүд, нүд хальтрам зураглалууд улам ихэссэн байлаа. Настай хөгшинд харуулаад үлдээсэн гурван настай хүүхэд нь гэрээсээ гарч яваад маргааш өглөө нь цасан дундаас хуруу нь цухуйж байсныг олсон гэж тэр эмч надад ярьж билээ. Бахардам бачуурам ийм мэдээнүүд үргэлж нүүр номонд мэдэгдэхгүй. Бид дэмий гансраад суух биш яг тэр газар одоо Баянхошуунд байгаа төвөөс даруй 2 дахин том хүүхэд хамгаалал хөгжлийн байгууламжийг барих гэж байна” хэмээн бичсэн байсан юм.



