Мэргэжлийн сүмо бөхийн жюшрёо зиндааны бөх Чиёошёома хэмээх Г.Мөнхсайхан энэ сарын 17-нд Токио хотод хуримаа хийлээ.
Ёслолд Коконоэ ояката (озэки асан Чиёотайкай) тэргүүтэй 500 зочин хүрэлцэн иржээ. Залуу хос 2018 оны 12 дугаар сард гэр бүлээ батлуулсан ч таван жилийн дараа хуримаа хийж байгаа нь энэ юм.
“Цар тахал гараад хуримын ёслолоо хийж чадаагүй юм. Хэрэв тэр үед ганц бие байсан бол би хэдийнэ зодог тайлчих байсан байх. Гэр бүлийнхээ ачаар тэр хүнд үеийг даван туулсан. Цаашдаа ч гэр бүлийнхээ төлөө хичээх болно” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Чиёошёома өнгөрсөн оны 12 дугаар сард нуруундаа гурав дахь удаагаа мэс засал хийлгэж, сүүлийн үед гэмтэл бэртлээс салахгүй байгаа. Харин ёслол дээрээ дараагийн зорилгоо “Дээд зиндаанд эргэн орох” гэж тодорхойллоо.