Эрээн хотын гаалийн газар өчигдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн авто замын боомтоор орох, гарах зорчигчдын биедээ авч явах эд зүйлийн хэмжээг зөвхөн өөрийн хэрэгцээнд тохируулах, зохистой хэмжээнээс хэтрүүлэхгүй байхыг анхааруулжээ.
БНХАУ-ын Гаалийн хуулийн 4.46-д “Хувь хүн хилээр орох болон гарахдаа биедээ авч явах ачаа тээшний хэмжээ нь зохистой хэмжээнд байх ёстой бөгөөд зөвхөн өөрийн хэрэгцээний тоо хэмжээгээр хязгаарлагдана. Биедээ авч явах ачааг гаалийн хяналтаар оруулна” гэж заасныг үндэслэн энэхүү анхааруулгыг гаргасан тухай Эрээн хотод суугаа Консулын газраас мэдээлжээ. Гэхдээ биедээ авч явах ачааны зохистой хэмжээ хэдэн кг байхыг тодорхой заагаагүй байна.
Энэ талаар гаалийн байгууллагаас тодруулахад "Энэ бол БНХАУ, ОХУ-ын гаалийн байгууллагаас гаргасан шийдвэр. Хамтын ажиллагааны хүрээнд манайд шийдвэрээ ирүүлэх ёстой. Одоогоор ирээгүй байна" гэсэн байна.